“Говийн ус-Ногоон хөгжил" чуулган болно

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

“Говийн ус-Ногоон хөгжил" чуулган болно

“Говийн ус-Ногоон хөгжил" чуулган болно

Говьд хамгийн тулгамдаад байгаа усны асуудлыг иргэд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран хэлэлцэж, гарц шийдэл олох зорилгоор “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болох гэж байна. Тус чуулганыг Өмнөговь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс санаачлан “Говийн ус-Ногоон хөгжил”, “Нүхэн жорлонгүй ногоон хот” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Чуулганаар говийн усны өнөөгийн байдал, уул уурхайн бүс нутаг дахь усны хэрэгцээ, аялал жуулчлалын бүс нутаг дахь усны хангамж, говийн ХАА, МАА-н усан хангамжийн өнөөгийн байдал, хот суурин газрын усны хангамж, эрүүл ахуй зэрэг тулгамдсан асуудлуудыг ИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд хөндөж тавих юм байна. Мөн эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж, говийн усны тулгамдсан асуудлууд, Улаан нуурыг тэтгэх төсөл, говийн усны чанар, усны нөөц, гидрогеологийн зураглал, саарал усны технологи, инновацийн технологи, устөрөгчийн эрчим хүч, говийн эрчим хүчний ирээдүй, хот төлөвлөлт ба дэд бүтцийн хөгжил зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавина. Чуулганы үеэр саарал ус, эко жорлон, усыг эрдэсжүүлэх, бордоо бэлтгэх зэрэг орчин үеийн технологийн шийдлийг харуулсан үзэсгэлэн гаргахаар болжээ. “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган нь Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нэг удаа чуулаад өнгөрөх биш цаашид бодитой ажил хэрэг болгохоор зорьж байгаагаа зохион байгуулагчид нь хэлж байна. Чуулганыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах юм байна. Тус чуулганд говийн усыг олон жил судалсан эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.

Усны доктор Д.Басандорж “Өнөөдөр бидний усны хэрэглээ “цамаан” байдалтай байна. Ундны цэвэр цэнгэг усаараа шалаа угааж, машинаа угааж байна. Уул уурхайд ашиглаж байна. Ер нь усыг маш үр ашиггүй ашигласаар байна. Говийнхон маань усныхаа асуудалд онцгой анхаарч энэ асуудалд ач холбогдол өгч байгаад талархаж байна. Энэ чуулганд миний бие саарал усны технологийн асуудлаар илтгэл тавьж оролцоно” гэв.

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, АН-ын дарга Р.Сэддорж “Ард иргэдээ усны хомсдолгүй байлгаж байж, дараагийн хөгжил дэвшлийн тухай ярих хэрэгтэй” хэмээн онцоллоо. Мөн  Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан “Өмнөговь аймгийн иргэдийн амьдралыг аюулгүй зүй зохистой хөгжүүлье гэвэл усны асуудлыг ярихаас өөр аргагүй. Бид нэг удаа чуулаад өнгөрөх биш чуулганаас гарсан шийдвэрийг бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллана” гэлээ.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж