Ерөнхий сайд Увс аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Увс аймагт ажиллав


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд   наймдугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн төв Улаангом хотод хүрэлцэн ирэв.

    Ерөнхий сайдыг БНМАУ-ын баатар Б.Гивааны нэрэмжит талбайд ирэхэд хүндэт харуул жагсч, хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хөгжимд төрийн дуулал эгшиглэлээ.     Ерөнхий сайд хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд очин удирдлага, ажилтнуудтай уулзав. Орон нутаг нөөц бололцоогоо дайчлан,  хийж бүтээж байгаа ажил олон ч шүүмжлэлтэй хандах зүйл  багагүй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.

Төр, засгийн бодлого, гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилт  дунд шатанд, зарим аймагт муу, хэрэгжилтэндээ хяналт тавьдаггүй, хийж байгаа ажлаа сурталчилж мэдээлдэггүй гэсэн иргэдийн шүүмжлэлд онцгой анхаарахыг сануулав.  

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг судлан болох, болохгүйг нь шийдэн, цаг алдалгүй тодорхой хариу өгдөг байх, хүнд суртал, хөшүүн хойрго үйлчилгээг халж иргэдэд түргэн шуурхай үйлчилж, аливаа мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хязгаарыг ойлгомжтой болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.
 
“Хүнд суртлыг халахын тулд 1990 оноос өмнө гарсан ч одоо хүртэл үйлчилж байгаа тушаал, дүрэм, журмаа ангилж УИХ, Засгийн газарт танилцуулахыг яам, агентлагуудад үүрэг болгоод байгаа. Энэ дагуу дээрх газрууд хүчинтэй хэвээр байлгах тушаал, журам, дүрмээ 10 дугаар сард танилцуулан шийдвэрлүүлбэл үлдсэн нь автоматаар хүчингүй болох ёстой юм.

Төр, засгаас төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт төсвийн тодорхой эрх мэдэл өгч хариуцлагыг нь ч давхар үүрүүлэх бодлого баримталж байна. Энэ дагуу Төсвийн тухай зэрэг хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.  Эрх, үүргийг нь шилжүүлэхдээ нэгдсэн стандартыг энэ намар гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Үүнд ч төр, захиргааны ажилтан, албан хаагчид бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм. 

Өмнө нь нэр бүхий аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангасан гэсэн тайлан мэдээг Засгийн газарт өгч байсан ч 10, 11 дүгээр сард төр, засгаас өвс тэжээл нэхэж байсан тохиолдол бий. Иймээс зуншлага сайхан байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах нь чухал. Төр, засаг ч наадмын дараа өдөр хуралдан авах арга хэмжээний талаар хэлэлцэн, орон нутагт тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Гэхдээ шаардлагатай тусламж, дэмжлэгийг зохион байгуулалттайгаар үзүүлнэ”  гэж Ерөнхий сайд хэлэв. 

Орон нутгийн удирдлага, төр, захиргааны байгууллагын ажлыг дүгнэх шалгуурыг ч өөрөөр харах цаг болсон. Цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт цаасан дээр буулгаснаар бус, бодитой байхыг шаардана. Хэдэн ажлын байрыг байгаа боломждоо тулгуурлан бий болгосон нь ажлыг дүгнэх гол шалгуурын нэг байх болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Ажилтан, албан хаагчид Засгийн газрын бодлого, шийдвэрийг судлаж, ажлынхаа  төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, цаг үеийн тухайлбал иргэний шинэчилсэн бүртгэлд иргэдээ бүрэн хамруулах зэрэг зарим чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

ЕРӨНХИЙ САЙД “УВС ХҮНС” КОМПАНИЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  Увс аймагт ажиллахдаа “Увс хүнс” компаний ажилтай танилцлаа. 

    Энэ компани нь  1942 онд ”Идэш тэжээлийн комбинат” нэртэй байгуулагдан Увс аймгийн иргэдийг сүү, архи, ундаа, гурил зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангаж иржээ.  Төрийн өмчид байсан 51 хувийг 1997 онд нийтийн дуудлага худалдаагаар худалдан хувьчилснаар “Увс хүнс” ХК болсон байна.  2005 онд хувьцааны хяналтын багцыг шинэ хувьцаа эзэмшигчид худалдаж авснаар компаний гүйцэтгэх удирдлага бүрэн шинэчлэгдсэн байна.  

2006 оноос бүтээгдэхүүний техник, технологи, сав баглаа боодлоо шинэчлэн, маркетингийн цогц бодлого хэрэгжүүлж өдгөө UFC  групп болон өргөжиж, зах зээлд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ баттай эзэлжээ.  

Тус компани архи, ундаа, талх, нарийн боов, иоджуулсан давс, жимс, чацаргана боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ Чацарганы газар тариалангийн аж ахуй хөгжүүлэхийг зорьж байна. Энэ дагуу Улаангом хотын нутагт 100 га газрыг боловсруулан, услалтын систем барьж ОХУ-аас шилдэг, элит сортын 50 мянган чацарганы суулгац тариалжээ. Мөн хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 20 тонн багтаамжтай зоорь, хүлэмжийг өөрийн хөрөнгөөр барьж босгосон байна. 

“Увс хүнс” компани чацарганы тос, жүүс, “Морьтой Чингис”, “Хан Хөхий”, “Хархираа” зэрэг архи, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 150 орчим ажилтантай. Жилдээ улсын төсөвт 1 тэрбум төгрөгийн татвар төлж байна.

УЛААНГОМ ХОТОД 7,6 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

Увс аймгийн Улаангом хотын доторхи хатуу хучилттай замын ажил бүрэн дууслаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг Увс аймагт ажиллах үеэр 7,6 км хатуу хучилттай замын нээлт болсон юм.

Тус аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүд  тойрогтоо хийх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд  2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Замын засвар, шинэчлэлийн ажил нь Увс аймгийг 2008-2012 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг юм байна. 

Авто замын засвар, шинэчлэлийг Увс-АЗЗА компани туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хийсэн байна. Улаангом хотод 1990 оноос хойш ийм их хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй гэнэ.

Мөн энэ өдөр Улаангом хотын 6, 7 дугаар багт 100 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийж Ерөнхий сайд оролцлоо. Цэцэрлэгийг Арвижих-Увс компани 364 сая төгрөгөөр барьжээ.  Тус  аймагт сургуулийн өмнөх насны 8345 хүүхэд байгаагийн 2800 гаруй нь цэцэрлэгийн үндсэн бүлэгт, 1900 гаруй нь нүүдлийн гэр цэцэрлэг, ээлжийн бүлэгт хамрагдаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж