“Нар Мон” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр /2020.09.07/ мэдээлэл хийлээ. Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Газар зохион байгуулалтын дарга А.Энхманлай нар Амгалан орчимд “Нар-Мон” компанийн эзэмшиж байсан газрыг Тавантолгой түлш ХХК-д шилжүүлэх мэдэгдэл ирүүлсэн байна. Уг шийдвэрийг “Нар-Мон” ХХК хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
“Нар-Мон” ХХК-ны ерөнхий захирал М.ХҮРЭЛСҮХ:
-УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байхдаа 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд захирамж гаргаж, “Нар Мон” компанийн Амгаланд үйл ажиллагаа явуулдаг газрын эрхийг цуцалсан. Энэ талаар бид сүүлд буюу 2020 оны наймдугаар сарын 18-нд мэдсэн. Газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр манай газрыг цуцалсан. Бид Нийслэлийн газрын албатай уулзахад манайх 84 мянган төгрөгийн илүү төлөлттэй байсан. Энэ зун бид байгууламжаа өргөтгөж, хоёр агуулах барихаар төлөвлөсөн байсан. Үүнийг ч Нийслэлийн газрын албанд хэлсэн. Гэтэл “Танай газрын С.Амарсайхан дарга сонирхож байна” гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй. Тиймээс бид хамтран ажиллах санал хүргүүлсэн ч хариу ирээгүй. Анхнаасаа хууль бусаар шууд дээрэмдэж авах сонирхолтой байсан юм билээ. Энэ асуудлаар бид Ерөнхий сайдад албан бичиг бичсэн У.Хүрэлсүх сайдтай уулзахад биднийг дэмжиж байна гэж ойлгосон. Гэтэл тэгж уулзсаны дараа Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас манай газрыг хурааж буйгаа мэдэгдсэн. Бид тухайн газарт 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн албан ёсны зөвшөөрөлтэй. Түүнээс гадна энэ асуудалд “Баз” группийн оролцоо их байна гэж хардаж байна. Манай компани 25 жил уг газрыг эзэмшиж байгаа Төмөр зам зогсох өртөө байгуулж, ойр орчмын төмөр замын эвдрэлийг засч, дэр модыг шинэчилж, өвөлдөө нүүрс, модны зах болгон ашиглах зэрэг ажлуудыг хийсэн. Эрх зүйт нийгэмд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын олон жилийн хөдөлмөрийг дээрэмдэж, хувийн өмчид халдаж байгаа нь зүйд нийцэхгүй байна” гэлээ.
“Нар-Мон” ХХК нь төрийн бүх шатны байгууллагуудтай шийдвэр, хууль тогтоомжинд нийцүүлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээнд төртэй хамтарч ажиллаж ирсэн байна. Тус компанын хамт олны 25 жилийн хөдөлмөрийг үгүйсгэсэн, компаныг эрсдэлд оруулсан дээрх шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт гомдол гаргажээ.
Б.СУМЪЯАБАЗАР
Холбоотой мэдээ