Түүхэнд том толбо болж үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр одоо ч Монголын нийгэмд сүүдрээ тусгаж байна хэмээн албаны хүмүүс дүгнэв. Хангарьд ордонд энэ сарын 4-нд болсон “ Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлаар шат шатны мэргэжилтнүүд ингэж дүгнэсэн юм.
Тухайн цаг үедээ 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайд байсан Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийг 1920-иод оны үед цаазалснаар 1937 оны цуст яргалал, их хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрсэн хэмээн үзэж байна. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ лам нарыг хомроголон баривчилж нийгмийг айдаст автуулж байсан тэр цаг үеийн “хар сүүдэр” өнөөдөр ч арилаагүй, хэлмэгдүүлэлт үргэлжилж байгааг шат шатны мэргэжилтнүүд хэлж байв. Тодруулбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө улс төрийн өндөр албан тушаалтнуудыг шил дараалан баривчилсан нь 1937 оны үед лам нарыг хомроголон баривчилж байсан үйл явдлыг дахин давтаж байгаагаас өөрцгүй хэмээн дүгнэсэн билээ.
"ХИЙГЭЭГҮЙ ХЭРГИЙНХ НЬ ТӨЛӨӨ ЯЛ ҮҮРҮҮЛСЭН"
УИХ-ын гишүүн Д.ОДОНТУЯА:
-1998 онд маш чухал хууль батлагдсан нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг Цагаатгах тухай хууль юм. Энэ хуульд 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүс дунд улс төрийн өндөр албан тушаалтнуудаас жирийн иргэд хүртэл бий. Уг хуулийн заалтад шүүхийн шийдвэрээр хэлмэгдсэн хүмүүсийг нягталж цагаатгах ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийт 31.114 хүн шүүхийн шийдвэрээр цагаагтгагдсан байна. Тухайн үед гавьяа шагналыг нь хураасан бол буцааж олгоно. Өнөөдөр журмын нөхөд маань хоригдсон асуудлыг их хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байна гэж буруутгах хүмүүс байдаг. Гэхдээ энэ асуудалд миний зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Мэдээж, тэдний өмгөөлөгчидтэй нь уулзаж байна.
Өмгөөлөгчдийн зүгээс хийгээгүй хэргийнх нь төлөө ял үүрүүлсэн гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Одоогоор УИХ-ын гишүүний хувьд миний бие шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Гэсэн ч шүүхийн шийдвэрээр хэлмэгдүүлэхгүй байх, улс төрийн хэлмэгдэл биш байх нөхцөл байдал гаргуулахгүйн төлөө манай нам болон хуульч, өмгөөлөгчид ажиллаж байна.
Иймд шүүхийн шийдвэр шударга гараасай гэж хүсч байна. Хэрэв шүүхийн шийдвэр шударга гарахгүй бол дахин хэдэн жилийн дараа хэлмэгдсэн хүмүүсээ хэрхэн яаж цагаатгах вэ гэх асуудал үүснэ. Яагаад гэвэл, одоо мөрдөгдөж буй хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болж, өмнөх асуудлууд дуусна.
ТӨР ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГСЭЛЭЭ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА
МАХН-ын гишүүн Ц.ОЮУНБААТАР:
-Хэлмэгдүүлэлтийн үед гадны захиалгаар Монголын төр өрсөлдөгч нараа хүчээр дарж авсан. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд төр хууль хүчний байгууллагыг өөрийн зэвсэг, хэрэгсэл болгон ашиглаж байсан. Өнөөгийн улс төрийн байдал ч бас мөн адил шүү дээ. Улс төрийн хоорондын зөрчил их, сөрөг хүчнийг дарахын тулд шүүхээр баривчилдаг. Ингэхдээ АТГ, шүүх, прокурорын байгууллагыг зэвсэгээ болгож байна. МАХН-ын гишүүний хувьд Оюутолгой, Дубайн гэрээний асуудалд шүүмжлэлтэй ханддаг ч, энэ хэрэгт холбогдуулан шүүхээс зарим хүнд ял оноосныг цэвэр улс төрийн нөлөө орсон гэж харж байна. М.Энхсайхан сайд Монгол Улсын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаагүй.
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЦААШИД Ч ЗОГСОХГҮЙ БОЛОЛТОЙ
Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.ЦОГТБААТАР:
-Их хэлмэгдүүлэлтийн үед цуст яргалал, залхаан цээрлүүлэлт гаарсан. Хэлмэгдүүлэлт 1937-1940 оны хооронд оргил үедээ хүрсэн. Түүнээс хойш хэлмэгдүүлэлт хэлбэрээ өөрчилж үе шаттайгаар үргэлжилсэн байдаг. 1950 оны үед Монголын шинэ үеийн сэхээтнүүд төрж байсан ч тэднийг 1990 он хүртэл ангуучилж, хэлмэгдүүлсэн байгаа юм. Хэлмэгдүүлэлтийн үед 1937 онд лам нарыг олноор нь баривчилж буудан хороож байсан бол 1950 оны үед шоронд оруулах, гэр бүлээр нь хугацаагүй цөллөгт явуулсан байдаг.
Орчин үед ч хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. Улс төрийн намууд үзэл бодол таарахгүй хүмүүсээ ажлаас нь олноор нь хоморголон халж, бас баривчилж буй энэ үйл явдал хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр мөн.
Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг баривчилж байгаа нь хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр шүү дээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед олноор нь баривчилж байсантай адил үйл явдал ч давтагдаж байна. Тэгэхээр хэлмэгдүүлэлт цаашид ч зогсохгүй бололтой.
ОЛНООР НЬ ХОМРОГОЛОН БАРИВЧИЛЖ БАЙСАН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ҮЕ ӨНӨӨДӨР Ч ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төвийн Эрдэнэмандал хийдийн дэд лам Н.ЦАМБАНҮРДЭВ:
-Монголын хөгжлийг уруу татаж байсан хүмүүс лам нар гэх ухуулгыг тухайн цаг үеийн нийгэмд явуулж байсан. Гэвч өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносон, өөрийн хэл соёл, өөрийн ёс заншилтай байгаа нь лам нарын ач гавьяа шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр өнөөдөр ч арилаагүй үргэлжилж байна. Лам нарыг буруутгаж байсан суртал ухуулгын кино одоо ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Зарим улс төрчдийн амнаас гарч болохооргүй үг гарч байна. Жишээ татвал, лам нарыг буудан хороосон нь зөв үйлдэл хэмээн үздэг зарим улс төрч бий.
Гэхдээ сэхээтнүүдээ хороосон нь маш гутамшигтай зүйл болсон. Өнөөдөр улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг олноор нь баривчилсан нарийн учир шалтгааныг мэдэхгүй ч тэртээ 100 жилийн өмнөх хэлмэгдүүлэлт ийм байдлаар өрнөсөн гэлээ.
БИДЭНД БАХАРХАХ ТҮҮХ ОЛОН БИЙ
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.ЧОЙЖАМЦ:
-Хүмүүсийн сэтгэлгээнд буй үнэн бодит Монголын түүх, хэлмэгдсэн хүмүүсийнхээ үнэн бодит түүхийг мэдэхгүй атал өмнөх үеэ ад үздэг коммунист сэтгэлгээ одоо ч залууст байна. Үүнийг өөрчилж чадахгүй бол Монгол Улсад хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэж горьдсоны хэрэггүй. Яагаад гэхээр коммунист ул суурьтай, намч нийгэм одоо ч байна. Ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн ч ардчиллыг бүтээн байгуулах хүмүүс бэлтгэгдэж чадахгүй байна. Монголын аль ч үеийн нийгэмд сайн ч хүмүүс бий, муу хүмүүс ч бий. Бидэнд бахархах түүх олон бий.
ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ АСУУДАЛ ТӨР ХАЙНГА ХАНДСААР ИРЛЭЭ
Монголын хэлмэгдэгсдийн холбооны дэд тэргүүн Г.ЖАМЦАЙ:
-Хэлмэгдэгсдийн асуудал төр ор нэр төдий л хандаж байгаа. Миний бодлоор Монголын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст ажиллаж буй хүмүүст хатуухан хэлэхэд эрх баригч намын шийдвэрийг биелүүлэх л тусгай даалгавартай. Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг ул суурьтай цаашид судлахад цаг үргэлж тээг саад болсон хэлбэрээр л асуудалд хандсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй мянган хүнийг цагаатгасан гэж ярьж байгаа ч өнөөг хүртэл хэчнээн хүн хэлмэгдсэн нь тодорхойгүй байна шүү дээ. Миний судалснаар хамгийн багадаа 80 мянга гаруй хүн 44 бүлэг хэрэгт холбогдож хэлмэгдсэн байна. Тэгэхээр цагаатгалын асуудалд Монголын төр, Цагаатгах ажлыг зохион байгуулах Улсын комисс хайнга хандаж чихнээс зүүсэн хонх адил тээршааж байна шүү дээ. Цагаатгах ажлыг даруй дуусгая гэсэн л байр суурьтай байна. Гэтэл өдий төдий хүн цагаатгагдаагүй байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ