Боловсролын салбарынхан урьдчилсан үзлэгт төлбөргүй хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарынхан урьдчилсан үзлэгт төлбөргүй хамрагдаж байна

Боловсролын салбарынхан урьдчилсан үзлэгт төлбөргүй хамрагдаж байна

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 50 мянга гаруй багш, ажилчид байдаг. Тэгвэл эдгээр албан хаагчид БШУЯ, Эрүүл мэндийн сайд нарын баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн эхний улирал урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамрагдахаар болсон юм. Энэхүү эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг багц үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаа багш нарын оролцоо, сэтгэгдэл ямар байгаа талаар бид Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс сурвалжиллаа.

Дүүргийн нэгдсэн эмнэлгээр орох хэсэгт есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хэрэгжих, боловсролын байгууллагын ажилчид хамрагдах үзлэгийн танилцуулга бүхий самбар хадсан байв. Угтах хэсгийн бүртгэлийн ажилтнаас энэ талаар тодруулахад 3 давхарт 300 тоот өрөөнд үзлэгийн талаар зөвлөгөө өгч, оношилгоог хийж байгаа гэлээ. Ийнхүү дээш гарахад бүртгэлийн ажилтан сууж байсан бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах багш, ажилчид хамгийн эхэнд бүртгэлээ хийлгэж, дараа нь өөрийн насанд хамаарах багцын үзлэгт орж байгааг хэлсэн юм.

Даваа, мягмараас бусад гаригт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой.

СБД-ийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Б.БАЯРМАА:

-Манай дүүргийн хэмжээнд 4435 багш, ажилтан багцын үзлэгт хамрагдана гэсэн статистик гарсан. Үүнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох төрийн өмчит 33 цэцэрлэгийн 1054, хувийн хэвшлийн 31 цэцэрлэгийн 288 багш, ажилтан, ерөнхий боловсролын төрийн өмчит 25 сургуулийн 2273, хувийн хэвшлийн 23 сургуулийн 820-н багшийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн эмнэлэг өдөрт дунджаар 1000 гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Иймд бид боловсролын байгууллагын багш нарыг даваа, мягмар зэрэг хэт ачаалалтай байдаг хоёр өдрөөс бусад гаригт үзлэг, оношилгоонд хамруулж байгаа. Ингэснээр өдөрт 30-40 багш, ажилтан эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах юм. Мөн багш, ажилтнуудад тусгайлан урсгал буюу өрөөг бэлдсэн бөгөөд энэхүү өрөөнд бүртгэлээ хийлгэсэн хүмүүс орж биеийн жин, даралт зэргээ үзүүлж, эхний эрсдэлийн үнэлгээг хийлгэнэ. Ингэснээр 4 насны бүлэг тус бүрт хамаарах 7-11 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамрагдах юм. Хэрэв өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатанд илгээж байгаа гэв.

Эрүүл мэндийн даатгалын сангийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцаас санхүүжиж байгаа тус оношилгооны хүрээнд багш, ажилтнууд эрүүл мэндийн байгууллагад хүсэлт гарган багцын үзлэгээс гадна мэргэжлийн онцлогоос шалтгаалсан мэдрэл, сэтгэц, чих хамар хоолойн үзлэг, шаардлагатай бол төвөнхийн дуран, сонсголын бичлэгийн оношилгоог ЭМД-аар хийлгэх боломжтой аж.

СБД-ийн 4-р сургуулийн технологийн багш Н.МӨНХЦЭЦЭГ:

-Боловсролын байгууллагын ажилчид тэр дундаа багш нар эрүүл мэндийн үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломж тун хомс байдаг. Харин энэ жил улс даяар хэрэгжиж байгаа урьдчилан сэргийлэх үзлэгт багш, ажилчдыг хамруулахаар болсонд талархаж байна. Дүүргийн эмнэлгээс бидний цаг завыг харгалзан үзэж, сургууль дээр ирж цусны шинжилгээ авсан. Мөн эмнэлэг дээр товлосон өдрөө ирэхэд дараалалгүй, түргэн шуурхай үйлчилж байгаа эмч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Хүн бүхний насны онцлогт тохирсон багцын үзлэг, оношилгоог даатгалаар хийж байгаа гэдэг утгаараа миний хувьд таатай хүлээж авч байгаа.” гэсэн юм.

Тус урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо нь боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны эрүүл мэндийн мэдээллийн сантай болох, өвчин эмгэгийг эрт илрүүлж, оношилж, эрүүлжүүлэх арга хэмжээг авах, өвчлөл, нас баралт буурч, ажил амьдралын чанар сайжрах үр дүнтэй аж. Иймд хуваарийн дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдахыг СБД-ийн Эрүүл мэндийн төвөөс уриалж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж