Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Беларусь улсад наймдугаар сарын 9-нөөс хойш буюу бүтэн нэг сарын хугацаанд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Тус улсын хууль сахиулагчид амралтын өдөр болсон жагсаал цуглааны үеэр нийслэл Минск хотноо 100 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Гродно, Могилев, Гомель зэрэг бусад хот, суурингуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. Хэдэн арван мянган хүн зургаа дахь удаагаа улиран сонгогдсон Ерөнхийлөгч Александр Лукашенког сонгуулийг луйвардсан хэмээн буруутгаж, түүнийг огцрохыг шаардан жагсч байгаа билээ.
Нэг сарын турш үргэлжилж буй уг эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, олон зуун хүн баривчлагджээ.
Мөн сөрөг хүчний хэд хэдэн зүтгэлтэн эх орноосоо дүрвэн гарсан бөгөөд хамгийн сүүлд Бямба гаригт /2020.09.05/ идэвхтэн Ольга Ковалкова хөрш Польш улс руу дүрвэж, тус улсаас орогнол хүсээд байна. Түүний хэлснээр тэр Польш руу амжиж дүрвээгүй бол удаан хугацаагаар хоригдох байсан гэв. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкийн ажлын алба Беларусьт хэлмэгдэгсдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
ЖАГСААЛ ЦУГЛААНЫ АРД ХЭН БАЙНА ВЭ?
1994 оноос хойш тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Лукашенкогийн хувьд уг жагсаал цуглааны ард барууны орнууд байгаа гэж үзэж байгаа бол эсэргүүцэгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, ажиглагчид тайван жагсаалыг эрх баригчид харгислалаар, хүч хэрэглэн дарахыг оролдож байна гэж мэдэгдэж байгаа юм.
Беларусь нь ОХУ-тай хиллэдэг, тус улсаас эрчим хүчний бөгөөд түүхийн нягт холбоотой улс. Түүнчлэн Украин болон Европын холбоо /ЕХ/-ны улс орнуудтай ч салшгүй холбоотой улсуудын нэг. Зарим ажиглагчид энэ бүхний ард ОХУ эсвэл Европын холбооны орнууд байгаа ч гэж харж байгаа.
Жагсагчдын нэг Людмила гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй “Бид одоо олон жилийн турш амьдарсан тэр амьдралааараа дахин амьдрахыг хүсэхгүй байна. Бид удаан хугацааны турш хайхрамжгүй байжээ. Харин одоо бид эв нэгдлийг, өөрсдийгөө ямар сул дорой байсныг мэдэрч байна. Өөрчлөлт хийх цаг нь иржээ” хэмээн ярьжээ.
Литвад орогнол хүссэн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская Беларусийн эрх баригчдын хавчлагыг зогсоож өгөхийг НҮБ-аас хүсч, хүсэлт явуулсан байна. Өдгөө 37 настай, багш мэргэжилтэй Тихановская нь Ерөнхийлөгч Лукашенкогийн гол өрсөлдөгч бөгөөд сонгуулийн кампанит ажлын үеэр хэд хэдэн удаа хоригдсон юм. Харин сонгуулийн дараа нөхцөл байдал дордсон учир тэр хөрш Литва улс руу дүрвээд байгаа. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Европарламентад цахимаар оролцохдоо “Беларусь дахь эсэргүүцлийн жагсаалууд геополитиктэй ямар ч холбоогүй. Ялангуяа Орос болон ЕХ-ны улсуудаас хараат бус ардчилсан хувьсгал явагдаж байна” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр эрх баригчдаас хууль хүчнийхний хүчирхийллийг зогсоож, бүх улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллаж, чөлөөт, шударга сонгууль явуулахыг шаардсаар байгаа юм.
Харин Москвагийн зүгээс нөхцөл байдлыг өөрөөр дүгнэж байгаа бололтой. Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Беларусьт явагдаж буй үйл явцыг геополитик, өөрөөр хэлбэл, “Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах газар нутгийн төлөөх тэмцэл” хэмээн нэрлэсэн бол, Украины туршлагыг давтах вий хэмээн ЕХ болгоомжилж байгаа аж.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАРИУ ҮЙЛДЭЛ БА NATO
Өнгөрсөн сард ЕХ-ны удирдагчид сонгуулийг луйвардсан, харгис хэрцгий байдал, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шоронд хорьсон зэрэг үндэслэлээр Беларусийн хэд хэдэн албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах, хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар тохиролцсон.
НҮБ-ын Беларусийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Анаис Марин ноён Лукашенког Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон явдлыг "сонгуулийг бүрэн өөрийнхөө талд зохион байгуулж", "ард түмний саналыг хулгайлсан", “Засгийн газар нь ард түмнийхээ эсрэг маш харгис үйлдэл хийж байна” хэмээн мэдэгдсэн.
Харин Лукашенкогийн зүгээс сонгуулийг луйвардсан гэх бүх мэдээллийг няцааж, ЕХ-ны зарим орнууд, ялангуяа Польш, Литва улсыг тус улсын дэглэмийг өөрчлөхийг шахаж байна гэж буруутгав.
Тэрбээр хоёр ч удаа Минск дэх оршин суух байрныхаа ойролцоо буу барин, бүрэн зэвсэглэсэн хамгаалалтын ажилтнуудаар хүрээлүүлэн явахыг нь гэрэл зурагт буулгасан байна.
Беларусь улсын хөрш Литва улсад Бямба гаригт NATO-гийн хэдэн зуун цэрэг ирж байрласнаас гадна хэдэн арван "Abrams" загварын танк Польш улсаас Литвийн хилийг давсан байна. Харин Литва улсын Батлан хамгаалах яам үүнийг Беларусьт болж буй үйл явдалтай холбоогүй, арваннэгдүгээр сарыг хүртэл үргэлжлэх байлдааны дадлага сургуулилтад оролцохоор NATO-гийн цэрэг, зэвсэг ирсэн нь энэ хэмээх тайлбарыг өгчээ. Гэсэн ч Лукашенко NATO-гийн цэрэг зэвсэг баруун хилийнх нь дагуу бөөгнөрч байгааг шүүмжилж, өөрийн улсын зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна. Үүнээс гадна тэр ОХУ-аас цэргийн тусламж авахаар тохиролцоод байгаа юм. NATO-ийн гишүүн Литва, Латви, Эстони улсууд Лукашенко тэргүүтэй албан тушаалтнуудыг хар жагсаалтад оруулаад байгаа билээ.
Холбоотой мэдээ