Хичээл эхэлж, замын түгжрэл эрс нэмэгдсэн энэ өдрүүдэд нийтийн тээвэр өглөө оройд хөл гишгэх зайгүй явах нь элбэг. Арайхийн ирсэн, “азаар” зогссон автобусанд суух нь хүүхдүүдийн хувьд ёстой "алаан" болдог. Тэд автобусны бараанаар томчуудын хөлд дайрагдах шахам гүйх авч хаягдаж үлдэх нь энүүхэнд. Нийслэлийнхний өглөөний нийтийн тээврийн үйлчилгээ ингэж эхэлдэг болсоор удаж байна.
УЛСЫН СУРГУУЛИУД ХҮҮХДИЙН ГАНЦХАН АВТОБУСТАЙ
Нэг үеэ бодвол сургуулиудыг автобустай болгох асуудал салбарын яам, холбогдох албанаас анхаарч эхэлсэн ч хүрэлцээ, олдоц муу. Тиймээс сурагчид сургуульдаа явахын тулд нийтийн тээврээр хөл залгуулахаас өөр боломжгүй. 2012 оноос хүүхдийн автобусны асуудал яригдаж, жилд гурван ширхэг автобус төсөвлөдөг ч энэ нь сургуулийн нийт хүүхдүүдэд хүрэлцдэггүй. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн өмчит, тэр дундаа захын хорооллын сургуулиудад ердөө ганц л автобус ногдож буй.
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭДЭГ 113 АВТОБУС БИЙ
Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусны стандарт, шаардлагыг хангасан ердөө 113-хан автобус үйлчилгээнд явж буй. Хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 134 автобус байдаг ч хүүхэд тээвэрлэх боломжтой 113. Үлдсэн нь мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтад бүдэрч хүүхэд тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжгүй аж.
ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ 21 АВТОБУС ШАЛГАЛТАД БҮДЭРСЭН
НМХГ-ын автотээврийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Ц.ХАДБААТАР:
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хүрээнд хүүхэд тээвэрлэх автобусанд хяналт тавьж ажилласан. Үзлэг шалгалтыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 134 автобус хамрагдсанаас 113 нь тэнцсэн. Үлдсэн 21 автобус нь хүүхэд тээвэрлэх стандартын шаардлага хангаагүй. Үзлэгт тэнцээгүй автобуснууд техникийн гэрэл дохио хагархай, дугуйны хээ адил бус зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Хүүхэд тээвэрлэх автобус нь нэгэн ижил шар өнгөтэй байх ёстой. Энэ бол хамгийн наад захын шалгуур. Мөн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангасан байх ёстой. Түүнчлэн салхины шил, бүхээгийн дотор талын бүх гадаргуу болон зорчигчийн бариул, суудлын бариул, суудлын бүрээсийг сайтар угааж цэвэрлэсэн байх шаардлагатай. Ийм шалгуур үзүүлэлт хангасан 113 автобус хүүхэд тээвэрлэх эрхээ авсан" гэлээ.
Дээрх 113 автобусны тоог 40-өөр нэмэгдүүлсэн ч хичээл,сургууль эхэлсэн өдрүүдэд үйлчилгээнд гарах болоогүй байгаа юм. Албаны хүмүүс “сургуулийн автобус” есдүгээр сарын 15-ны өдрөөс наашгүйг хэлж буй. Өнөөдрийн байдлаар автобус үйлчилгээнд гарахад бэлэн ч судалгааны ажил дуусаагүй гэх тайлбарыг Нийслэлийн Боловсролын газраас өгч байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн автобусаар зорчих хүүхдүүдийн тоон мэдээллийг нэгтгэн цуглуулах ажил үргэлжилж байгаа аж.
Сургуулийн автобусны эрэлт, хэрэгцээ, аль сургууль дээр нөхцөл байдал ямар байгаа талаарх судалгааг голлон гаргадаг байгууллага нь Нийслэлийн Боловсролын газар юм. Тэдний үзэж буйгаар алслагдсан, гэр хорооллын, сургуульдаа явж, очиход хүндрэл ихтэй сургуулиудын сурагчдад сургуулийн автобус түлхүү хэрэгтэй. Тиймдээ ч сургуулийн 40 автобусныг тоог энэ онд эхний ээлжид 50 болгохоор төлөвлөжээ.
"СУРГУУЛИЙН АВТОБУС"-НЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТООЦОО СУДАЛГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:
-2020-2021 оны хичээлийн жилд “Сургуулийн автобус” хөтөлбөрийг дахин үргэлжлүүлнэ. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тооцоо судалгаа гаргах шаардлагатай. Өнгөрсөн оны судалгаагаар нийт суралцагчдын автобусаар үйлчлүүлэх зорчилтын судалгааг гаргасан. Үүн дээр үндэслэн хэчнээн сурагчид “сургуулийн автобус”-нд хамрагдах вэ гэдгийг тодорхойлно. Иймд сургуулийн автобусыг есдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилгээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ сарын 14-н хүртэлх хугацаанд Нийслэлийн боловсролын газар Ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авч, нэгтгэж байна.
Товчхондоо, Нийслэлийн боловсролын газар есдүгээр сарын 14-н гэхэд судалгааны дүнгээ Нийтийн тээврийн газарт хүргүүлнэ. Судалгаанд үндэслэн Нийтийн тээврийн газраас 40 автобусаар хүүхдэд үйлчлэх үү, нэмэлт автобус шаардлагатай юу гэдгийг тодорхойлно.
Ерөнхийдөө хотын удирдлага автобусны тоог 10-аар нэмэгдүүлж, эхний ээлжид 50 автобусаар хүүхдүүдэд үйлчлэх чиглэлийг өгөөд байна. Бид ч бас сургуулийн автобусыг хүрэлцээтэй байлгах талаас нь анхаарч, энэ чиглэлээр судалгаа хийж байна. Үнэхээр 40 автобус хүрэлцээгүй бол хүртээмжийг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Нөгөө талаас төрийн болон төрийн бус өмчит 71 сургуулийн 134 автобусыг үзлэгт хамруулсан. Энэ бол тухайн сургуулийн автобус. Дийлэнх нь хувийн сургуулиудад бүртгэлтэй. Цөөн хэсэг нь буюу төрийн өмчит сургуулийнх.
Тодруулбал, төрийн өмчийн 33 сургууль 39 автобустай, төрийн бус өмчийн 38 сургууль 129 автобустай байна. Дээрх 134 гэсэн тоо бол нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд бүртгэлтэй автобуснууд юм гэлээ.
Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээс харахад “сургуулийн автобус” есдүгээр сарын 15-ны өдрөөс үйлчилгээнд гарах хүртлээ бэлэн байдлаа хангасан эсэх нь эргэлзээтэй. Уг нь хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж автобусны тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө гаргаж, үйлчилгээнд нэвтрүүлсэн байх ёстой атал хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн судалгааны ажлаа эхлүүлсэн бололтой.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ