Ажил эхлэх, тарах цагаар хотын төвийн зам түгжирч, уртаас урт дараалал үүсдэг. Нэг үгээр хэлбэл, замын түгжрэл нь Улаанбаатар хотод хэвийн үзэгдэл болсон гэлтэй. Зарим жолооч уцаарлан бачимдаж явахад нэг хэсэг нь замын түгжрэлд өнгөрүүлж буй цагаа хэрхэн зөв ашиглах вэ гэж толгойгоо гашилгаж сууна.
Өнгөрсөн жилийн өдийд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах шинэ зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч иргэд шүүмжлэлтэй хандсан учраас шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больж, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өөр арга зам хайхаар болсон.
Энэ удаа тус газраас төр захиргааны байгууллага 09.00 цагаас ажил эхлэх, орон сууцны хорооллын дундах замыг нэг чиг болгох, зүүн эргэлтүүдийг хориглох зэрэг хязгаарлалт тогтоосон байна. Мөн цаашид хотын түгжрэлийг бууруулахын тулд багагүй ажлыг төлөвлөж, шинэ зохицуулалт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа сурагтай.
Улаанбаатар хотод наймдугаар сарын 25-ны байдлаар 602 мянган автомашин бүртгэлтэй байна. Үүн дээр хөдөө орон нутагт бүртгэлтэй 132 мянган автомашин нэмэгдэнэ. Өнгөрсөн 2012 оны есдүгээр сард анх автомашины дугаарын хязгаарлалтыг хийж байхад нийслэлчүүд 228 мянган автомашинтай хэрнээ “Бид түгжирч байна” гэж байсан. Одоо энэ тоо гурав дахин нэмэгдэж, 602 мянгад хүрчээ. Дугаарын хязгаарлалттай энэ үед ойролцоогоор 550 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байгаа аж.
Автомашины дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр боломжтой хүмүүс нь өөр дугаартай автомашин худалдан авах тохиолдол нэмэгдэж байна.Тиймээс автомашины импортын гаалийн бодлогодоо зайлшгүй анхаарах цаг болсон гэдгийг албаныхан хэлж байв. Нийслэлийн 2020 оны тоон судалгаагаар нийслэлийн хэмжээнд 1100 км хатуу хучилттай авто зам бий. Энэ зам дээр нийт 300 мянган автомашин 35-40 км/цагийн хурдтайгаар түгжрэлгүй явах боломжтой аж. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо 500 мянга давжээ.
Нийслэлийн төв цэг болох Сүхбаатарын талбайн эргэн тойронд 20 минут алхах зайнд 75 мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн 50 хувь нь нэг км хүрэхгүй газарт автомашиныг хэрэглэдэг бол 30 минут алхах хоёр км зайд 190 мянган хүн амьдарч байна гэх судалгаа ч бий. Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас наадмын үеэр хөдөлгөөнд оролцож буй автомашиныг тоолоход 310 орчим мянган автомашин түгжрэлгүй хөдөлгөөнд оролцож байжээ.
“АППЛИКЕЙШНЫ ТУСЛАМЖТАЙГААР ОЙР ОРЧМЫН ЗОГСООЛЫГ ШАЛГАЖ, СУЛ ЗОГСООЛОО ЗАХИАЛНА”
Ингээд тус газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригоос зарим зохицуулалт, төлөвлөгөөний талаар тодрууллаа.
–Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас төр захиргааны байгууллага 09.00 цагаас ажил эхлэх, орон сууцны хорооллын дундах замыг нэг чиг болгох, зүүн эргэлтүүдийг хориглох зэрэг хязгаарлалтыг тогтоосон байна. Цаашид хотын түгжрэлийг бууруулахын тулд ямар зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой зохицуулалтыг инженерчлэлийн түвшинд хийдэг. Бид бүхэн аль болох иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, ажиллахыг зорьдог. Бид өмнө нь тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, тэгш сондгойгоор явуулах, хотыг дөрвөн бүсчлэлд хуваах захирамжийг хэрэгжүүлэхээр ажилласан боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас хэрэгжүүлээгүй. Манай байгууллагад мэргэжлийн инженерийн баг, судлаачид ажиллаж байна.
Зарим иргэдийн хувьд автомашины татвар нэмэх, тэгш сондгой, бүсчлэлээр замын хөдөлгөөнд оролцсон нь дээр юм байна гэдэг санал хүсэлтийг тавьж байна. Манай инженерүүд тооцоо судалгаа хийж энэ жил найман байршилд зүүн эргэхийг хориглосон. Жишээлбэл, Гадаад харилцааны яамны баруун хойд уулзварт Багшийн дээдийн буудлаас "Шангри Ла" төвийн уулзвар руу эргэхэд 27 секундэд 18 автомашин эргэдэг байсныг болиулсан. Ингэснээр цагт 4178 автомашин нэвтэрдэгийг 5700 болгож өгсөн. Авто зам маань огтлолцол бага байх тусмаа нэвтрэн өнгөрөх чадвар нэмэгддэг.
Мөн орон сууцны дундах замын нэг эгнээг иргэд авто зогсоолоор ашигладаг. Үүнээс болж нөгөө эгнээнд нь хоёр машин өөд өөдөөсөө ороод түгжрэл үүсгэдэг. Баянгол дүүргийн гурав, дөрөвдүгээр хорооллын нэг, хоёр,13,14,23 дугаар байрны замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож өгсөн.
-Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулахад дэлхий аль орны жишээг судалж үзсэн бол?
-Сүүлийн үеийн түгжрэлийн судалгаагаар ОХУ-ын Москва хот хамгийн түгжрэлтэй хотоор тодрох болсон. Монгол Улстай ойр гэдэг утгаараа Москва хотыг судалж үзэхэд нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн байна. Тиймээс бид цаашид нийтийн тээврийн үйлчилгээг системтэйгээр сайжруулахаар тооцоо судалгааг хийсэн. Манайх нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар тун удахгүй өргөн барихаар бэлдсэн.
Дэлхийн улс орнуудын автомашинжилтын түвшин гэж байдаг. 1000 хүнд ногдох автомашинжилтын түвшнээр нэг хүнд 30-130 ногдох юм бол хэвийн гэж үздэг. Харин нэг хүнд 130-210 автомашин ногдвол зам ачаалалтай болж, автомашины импортыг хязгаарлах шаардлагатай гэж үздэг. Гэтэл Улаанбаатар хотын хувьд нэг хүнд 327 автомашин ногдож буй. Тиймээс хотын бүсчлэл болон автомашины импортыг цэгцэлж, нийтийн тээвэр, такси үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй байна.
-Нийтийн тээвэр, такси үйлчилгээнэс гадна иргэдээ унадаг дугуй, скүүтер унах зам талбайг нь гаргаж өгөх хэрэгтэй байх?
-Бид автомашиныг өдөр тутам хэрэглэснээр түгжрэлд маш олон цагийг өнгөрүүлж байна. Хөдөлгөөн дутагдсаны улмаас таргалалт ихэсч, байгаль орчиндоо болон эдийн засгийн хувь өндөр зардал гаргадаг. Тиймээс Улаанбаатар хотод дугуйн зам нэмж байгуулахаар ажлаа төлөвлөсөн. Мөн хороолол, хотхоны хаасан холбоос замыг нээхээр энэ жил Газар зохион байгуулалтын албатай хамтран 400 орчим газрыг чөлөөлсөн. Явган хүний замыг бас стандартын дагуу тавих шаардлагатай учраас Хотын стандарт, орчны аюулгүй байдлын газартай хамтран ажиллаж байна.
-Хотын төвд автомашины зогсоолын ашиглахдаа хоёр цагаас дээш байрлуулахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлнэ гэж үнэн үү?
-Авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна Төслийг боловсруулж, дуусаад НИТХ-аар зарим нэг зүйлийг батлуулах асуудал үлдсэн. Нийслэлийн А, В бүсэд Их тойруу дотор зогсоол хайж буй автомашин нийт түгжирч буй машины 20 хувийг эзэлж байна.
Жишээлбэл, албан байгууллагын ажилчид өглөө ажилдаа ирээд өдөржингөө машинаа байрлуулаад, орой тарахаараа унаад явдаг. Тэгэхээр тухайн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд зогсоолгүй нь улмаас гурав дөрөв тойрч, түгжрэл хувь нэмрээ оруулдаг. Тиймээс хотын нэгдүгээр бүсэд хоёр цагаас дээш автомашин зогсоохгүй гэдэг журмыг батлуулах гэж байна. Энэ зохицуулалт хэрэгжиж эхэлбэл ажилчид машингүй ажилдаа ирэх шаардлагатай болно.
-Улаанбаатар хотын хэмжээнд нийт хэчнээн авто зогсоол байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд 150 байршилд 12 мянган зогсоол бий. Бидний судалгаагаар 575 байршилд 25-30 мянган автомашины зогсоолыг стандартын дагуу байгуулах тооцоог гаргасан.
Тухайн хүн Хангарьд ордон орж, ажил хөөцөлдөх бол гэрээсээ аппликейшны тусламжтайгаар ойр орчмын зогсоолыг шалгаж, сул зогсоолоо захиалаад, үүдэнд нь QR код уншуулж хоёр цагтаа тааруулан төлбөрөө хийнэ. Ингэснээр түгжрэл 30-40 хувь буурна гэсэн судалгааг хийсэн. Уг зохицуулалт арваннэгдүгээр сарын эхнээс хэрэгжинэ.
-Ажил эхлэх, тарах цагаар замын ачаалал дээр цэгтээ хүрдэг. Энэ цагуудад ямар арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулах боломжтой вэ?
-Албан байгууллагуудын цагалбарын хувьд өглөө 08.00-09.00 цагт ихэнх албан байгууллага ажил цугладаг. Орой 17.00-18.00 цагт зэрэг тардаг учраас түгжрэл үүсэх гол шалтгаан болдог. Тэгэхээр хоорондоо 30 минутын зайтай ажил, сургуулийн үйл ажиллагаа эхлэх зохицуулалтыг хийх шийдэл бий.
Мөн түгээлтийн автомашинуудыг оройн цагаар хөдөлгөөн оролцуулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд 6000 гаруй түгээлтийн автомашин хөдөлгөөнд оролцдог. Эдгээр автомашин нь замын нэг эгнээг хааж, бараа бүтээгдэхүүнээ буулгаж, түгжрэл үүсгэх тохиолдол гардаг. Томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарьт өөрчлөлт орж, ачааллын үеэр ажиллуулахгүй байх зохицуулалтыг хийх гэж байна.
Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор бага ангийн хүүхдүүдэд үйлчлэх сургуулийн автобусны хүрэлцээ муу байна. Улаанбаатар хотын хэмжээнд 160 мянган 1-5 дугаар ангийн сурагч байна. Үүний зөвхөн 4000 хүүхэд хүүхдийн сургуулийн автобусаар зорчиж байна. Тиймээс цаашдаа 200 ширхэг автобус хэрэгтэй байна гэсэн судалгааг хийсэн.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ