Хуучирсан мэдээ: 2020.09.07-нд нийтлэгдсэн

Яс "эвлүүлэгч"

Яс "эвлүүлэгч"

Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн, амьдрал, хагацлын заагт байгаа нэгнийг аварч, айл гэрийг элэг бүтэн үлдээж, бусдад амьдрал бэлэглэнэ гэдэг хичнээн сайхан. Хийж буй ажлаа яг таг, яс гүйцэтгэж бусдад аз жаргал бэлэглэдэг нэгэн мундаг хүний талаар өгүүлье. Түүнийг Л.Нанжид гэдэг. Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д мэс заслын эмчээр 15 дахь  жилдээ ажиллаж байгаа юм.

Хагалгааны өрөө хүйт даана. Хэсэгчлэн мэдээ алдуулсан ч гарыг минь зүсч байгаа нь ялимгүй мэдрэгдэв, зүссэн хэсгээс садрах цусыг түлсэн бололтой хиншүү үнэртэнэ. Бас чихний яг хажууд яс өрөмдөх чимээ сонсогдож, доргилт мэдрэгдэж байлаа. Эмчийн “… хадаас, …, ялтас аваад өг” гэх дуу хааяа нэг тод, нэг сул сонсогдоно. Үүнтэй зэрэгцэн хагалгаа амжилттай болох болов уу, яадаг бол гэсэн түмэн бодол хагалгааны туршид /хоёр цаг орчим/  толгойд эргэлдсээр байлаа. Албан томилолтоор яваад өчигдөрхөн эрүүл, саруул инээж явсан би авто ослын улмаас хагалгааны орон дээр хэвтэж байгаа нь энэ. Амьдралдаа мэдэрч байгаагүй өвдөлтийг мэдэрч, ГССҮТ-ийн хаалгаар аврал эрэн очсон тэр өдөр “Атгаалын толгой бяцарсан /мөрний үе хэсэг/ тул хиймэл үе суулгах” шаардлагатай гэх мэдээг сонсох үнэхээр хүнд байсан юм. Харин эмч нарын зөвлөлийн хурлаас гарсан энэ шийдвэрээс “зөрж” Л.Нанжид эмч үеийг өөрийнхөөр нь үлдээх бүх боломжийг эрэлхийлж, өөрийн ур чадварыг ашиглан бяцарсан хэсгийг минь эвлүүлж бэхлэхээр шийдсэн юм.

Хэд хоногийн дараа эмч хагалгаа амжилттай болсныг дуулгаад бичиж өгсөн эм танг цаг тухайд нь уух, нөхөн сэргээх эмчилгээ идэвхтэй хийлгэх, хяналтад байхыг сануулснаар би эмнэлгээс гарав. Энэ хугацаанд оёдол задрах зэрэг олон эрсдэл гарсан. Үсээ өөрөө боож, гараа өргөж чадахгүй байсан ч эмчийн хэлсний дагуу гурван сарын дараа ажилдаа орлоо. Их ажлын хажуугаар гараа хэвийн болгох гэж хэрэндээ хичээж байв. Нөхөн сэргээх эмчилгээний хөдөлгөөн засалч “Гарыг чинь гайгүй сайн хөдөлгөх гэхээр  хугарах гэж байгаа мэт дуугараад байна. Нэг л сонин байна даа” гэх нь, ингээд өрөөл татанхай болчих вий гэсэн айдаст автуулав. Өвлийн урт шөнөөр гар  янгинаж, цурам ч  хийлгүй гэртээ холхиж өнгөрүүлэх өдрүүд олон байлаа. Яагаад өвдөөд байгаа, хагалгаа жинхнээсээ амжилттай болсон уу зэрэг олон бодол эргэлдэж, мэргэжлийн өөр эмчийн эрэлд гарсан юм. Найз нөхөд, хамаатан садан, бүх танил талаа ашиглан, нарийн мэргэжлийн эмч нарт  рентген зургийг нь харуулахад “Ямар ч зөрүү алга, яг таг, маш сайн хадсан байна” гэх хариултыг сонсч байлаа.

Ингээд Л.Нанжид эмчид учир байдлаа тайлбарлаад гарт байгаа хадаас, ялтсыг хугацаанаас нь өмнө авахуулахаар болов. Хагалгаанд бүтэн мэдээгүйжүүлэгтэй орсон болохоор унтаад, сэрэхэд л хагалгаа дууссан байлаа. Удалгүй оёдол нь эдгэрч, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд өдөр өдрөөр сайжирч, бараг эрүүл гартай болсон юм. Эмч маань өөртөө бүх эрсдэлийг үүрээд, гарыг минь эмчлээд өгсөн байхад өөр эмч нарт үзүүлж явснаа бодохоор гэм хийсэн хүн шиг санагдаж байв. Нэгэн өдөр түүнийг ажлаасаа тарахыг хүлээж, тосч уулзаад, ярилцсан юм.

ЗАЛУУ ХҮНИЙГ ИЙМ ЭРТ ХИЙМЭЛ ҮЕТЭЙ БОЛГОЧИХМООРГҮЙ БАЙСАН

Хамгийн түрүүнд өөрийн хийсэн өөдгүй үйлдлүүдийнхээ төлөө түүнээс уучлал хүслээ. Хариуд нь  тэр “Зүгээр дээ, чамтай адил тохиолдол цөөнгүй бий. Атгаалын олон хэсгийн хугаралтай манай нэг өвчтөн очсон орон болгоныхоо гэмтлийн эмчид рентген зургаа үзүүлээд яваад байсан талаараа надад ярьсан. Тэгээд ингэж хэлсэн” гээд мессенжерээр ирсэн зурвас үзүүлэв. Зурваст “Эмчээ, Герман, АНУ…. зэрэг орны гэмтлийн эмч нар ч рентген зургаа үзүүлэхэд яг таг, ямар ч зөрүүгүй хадсаныг тань гайхаж байна…. Баярлалаа….” гэсэн байв.  Үргэлжлүүлэн “Зарим өвчтөн эмч нь түлхэж унагаад, гэмтээчихсэн юм шиг л уурлаж, стресс бухимдлаа илэрхийлдэг юм /инээв/. Тэр болгонд эмч өөрөө бухимдаад байж болохгүй. Өвчтөнөөс ямар ч хариу үйлдэл гарч болзошгүй тул аливаа зүйлд эмч тун хүлээцтэй ханддаг болдог юм билээ” гэсэн юм.

Эмч нарын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрээс "зөрж", өөртөө эрсдэл үүрэхээс айгаагүй юу гэж  түүнээс асуухад “Би хагалгааг нөөцтэйгөөр төлөвлөдөг. Зөвлөх эмч нар, болон тасгийн эрхлэгч, тасгийн эмч нарын оролцсон эмч нарын зөвлөлийн хурлаар “Атгаалын толгой бяцарсан тул хиймэл үе солих хагалгаа хийнэ. Түүнээс өөр бололцоо байхгүй” гэсэн шийдвэр гарсан. Хиймэл үеийг ихэвчлэн настай хүнд хийдэг. Бас хүнд хэлбэрийн гэмтэлд хэрэглэх нь бий. Гэхдээ залуу хүнийг ийм эрт хиймэл үетэй болгочихмооргүй байсан. Ямар нэгэн аргаар өөрийнхөөр нь үлдээвэл дараа хөдөлгөөн хийхэд хүндрэл үүсэхгүй, ирээдүйд нь хэрэгтэй гэж үзсэн. Хэрэв яс бороолохгүй, хөдөлгөөний алдагдалд орвол протез суурилуулж болно. Тиймээс үзээд алдъя гэж бодсон. Олон удаа хагалгаа хийж, миний хөлс гарах нь хүнийг хиймэл үетэй болгохоос хэцүү биш. Үүний үр дүнд чи бүрэн бүтэн гартай, эрүүл саруул үлдэж,  инээгээд ажлаа хийгээд явж байна” гэв.

Цөөн минут ч уулзаж, ярилцах завгүй байдаг түүний ажлын нэг өдөр хэрхэн өрнөдгийг сонирхлоо. Түүний ажил 08.30 цагт, зөвлөх эмч, тасгийн эрхлэгч, тасгийн эмч нартай хамт өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцаж тасгаар явахаас эхэлнэ. Дараа нь эмнэлэгт хэвтүүлэх хүмүүсээ хэвтүүлж, эмнэлгээс гаргах хүмүүстэйгээ уулзаж, эмчилгээг нь бичиж өгнө. Ингээд дараа нь хагалгаанд ордог аж. Гар сарвуу, мэс заслын тасаг хамгийн их ачаалалтай нь тул тэрбээр өдөрт 4-8 хагалгаа хийдэг. Бас залуу эмч нараа дэмжиж, хүнд гэсэн хагалгаануудад нь цуг ордог. Тэрбээр “Би залуудаа зөвлөх эмч нараа, багш нараа дагаад хагалгаанд ордог, хүнд хагалгаанд орохдоо тэд нараасаа тусламж хүсч дагуулж ордог байсан. Тиймээс би залуу эмч нараа дэмжих дуртай. Нэг хагалгаанд багадаа 1-1.5 цаг зарцуулдаг ч цаг нараа тэдэнд харамгүй зориулдаг. Энэ нь гэмтлийн мэс заслын залгамж халааг бэлтгэхэд оруулж буй нэгэн хувь нэмэр бас үүрэг минь гэж боддог” гэлээ.

Хагалгааны өрөөнөөс хамгийн эртдээ 15.00 цагт гарч ирэх бөгөөд дараа дараагийн мэс засалд орох өвчтөнүүдийн эмчилгээ,  оношилгоо, шинжилгээ зэрэг бүх зүйлд дүгнэлт хийж, эмч нартайгаа ярилцана. Дараа нь хагалгаанд орох өвчтөнүүдийнхээ бэлтгэлийг базаана. Өвчтөний ясны бүтэц, хэмжээ зэрэг онцлогт тохирох хадаас, имплант захиалах ажилд гарна, өвчтөний хувийн бэлтгэлийг зааж өгнө. Энэ мэтээр ажилласаар байтал ажил тарах цаг буюу 17.00 цаг болсон байх ч яг цагтаа тарах үе бараг байдаггүй. Ихэвчлэн 18.00-20.00 цаг хүргэдэг. Зарим тохиолдолд хэдэн цагт байсан ч хамаагүй яаралтай хагалгаа хийдэг юм байна.

ДАМНУУРГА ДЭЭР ОРЖ ИРСЭН ХҮН ХӨЛ ДЭЭРЭЭ БОСООД “БАЯРЛАЛАА” ГЭХИЙГ СОНСОХ ХАМГИЙН САЙХАН

Гар, хөлөө хугалсан, бяцалсан, цус алдалттай, хавсарсан олон гэмтэлтэй хүнээс эхлээд нүд халтирам дүр зураг гэмтлийн эмнэлгээс тасардаггүй. Ийм нөхцөлд сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэж ажилладгийг нь лавлахад “Бусдын хувьд нүд халтирам байдалтай ирж байгаа хүн миний хувьд олон гэмтэлтэй, хүнд өвчтөн байна, секундтэй уралдан ажиллаж байж л амийг нь аврах шаардлагатай өвчтөн ирлээ гэж харагддаг. Энэ бүхнийг  л эмчлэх гэж би тэнд байгаа шүү дээ” гэсэн юм.

Харин яагаад эмч болсон, тэр дундаа гэмтлийн нарийн мэргэжлийн эмч болсныг, гар сарвууны тасгийг сонгосон шалтгааныг сонирхоход “Миний өвөө сум дундын эмч байсан. Ажлаа хийж байхдаа, залуудаа нас барсан гэж аав маань ярьдаг юм. Аав намайг эмч болооч, өвөөгийнхөө мэргэжлийг өвлөөч гэдэг байсан. Ингээд эмч болохоор шийдсэн юм. Харин ГССҮТ-д тэр дундаа гар сарвууны гэмтлийн тасагт ажиллах болсон маань сонирхолтой. Гэмтлийн эмнэлэг дээр хоёрдугаар курстээ дадлага хийсэн юм. Дадлагын эхний өдөр хүлээн авах дээр ирж байгаа хүмүүсийг авч, цус алдаад ирсэн хүний цусыг арчиж цэвэрлэх, рентген зурагт оруулах зэргээр зогсолгүй ажилласаар хонож үзсэн. Дайны талбар шиг санагдсан. Тэгээд миний ажиллах газар, миний хэрэгтэй газар бол энэ эмнэлэг юм байна гэж бодсон. Түүнээс хойш, хоёрдугаар курсээсээ эхлэн байнга гэмтлийн эмнэлэг дээр ирдэг болсон. Мундаг, чадварлаг эмч нарыгаа дагаад, хагалгаанд нь ордог байсан. Сүүлдээ эмч нар маань маргааш жижүүртэй, ирээрэй гээд дууддаг болсон. Ангийнханд гэмтлийн хичээл орж байхад би практикаар сурчихсан байсан. Ингээд 2006 онд их сургуулиа төгсөөд нэг жилийн дараа ГССҮТ-д жинхлэгдэж, нарийн мэргэжлийн эмч болсноор үүрэг хариуцлага нэмэгдсэн. Хамгийн ачаалалтай тасаг болохоор нь мөн чимхлүүр ажил ихтэй, маш их юм үзэж, харж судлахыг шаарддаг болохоор энэ тасгийг сонгосон” гэлээ.

Түүнээс өдийг хүртэл хийсэн хагалгаанаас хамгийн хүнд санагдсан хагалгааг нь сонирхоход “Хүний биед мэс хүрч байгаа л болохоор хөнгөн хагалгаа гэж байдаггүй. Ажлаа хийж байхад харамсмаар тохиолдлууд их гардаг. Нэг жишээ дурдъя, архи уусан залуу тагтан дээр зогсч байхад нь дотор нь муухайрч, бөөлжихөөр тонгойхдоо өндрөөс унаж, хөл, гараа гэмтээсэн тохиолдол бий. Дөнгөж 17 настай тэр залууг хөлтэй нь үлдээчих гээд зургаан удаа хагалгаа хийсэн. Гэвч амжилт олоогүй тул хөлийг нь тайрахаас аргагүй болсон. Хөлийг нь “авчихаад” тэр залуугийн харц руу харах хүнд байсан. Харин эрүүл саруул болгож байгаа тохиолдолд бол миний ажил их сайхан байдаг”  гэсэн юм.

Үргэлжлүүлэн “Мэргэжлээрээ ажиллах хөшүүрэг маань амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнээд, амьдрал уу, хагацал уу гээд ирсэн өвчтөнийг эдгээгээд гаргах. Гэмтлийн эмнэлгийн үүдээр дамнуурга, тэргэнцэр дээр ухаангүй, эсвэл уйлж, орилж чарлан орж ирсэн хүн эмчилгээний дараа хөл дээрээ босоод “Баярлалаа” гээд чин сэтгэлээсээ хэлж байгааг харах сайхан. Энэ бүхнээс урам зориг авч ажлаа хийдэг” гэсэн юм.

Харин мэргэжлээрээ ажиллахад тулгамддаг асуудлыг лавлахад “Тоочвол олон зүйл бий. Гаднын оронд суралцаад, сурсан зүйлээ хэрэгжүүлэх гэхээр тоног төхөөрөмж нь манайд байдаггүй. Би БНСУ-д мэргэжил дээшлүүлэх таван удаагийн сургалтад хамрагдсан. Тэндээс гэхэд техник, технологи, шинэлэг хагалгаанаас эхлээд үзэж харах, суралцах зүйл их бий. Даанч тэрийгээ Монголдоо хэрэгжүүлэх гэхээр техник технологи нь байхгүй болохоор атаархал төрдөг. Гэхдээ манай эмч нар техник  хэрэгсэл нь байхгүй ч, үзэж харсан шинэлэг мэс заслуудыг монголчлоод хийчихдэг. Ур чадвараараа хаана ч гологдохгүй. Манай эмнэлэг дээр гэмтлийн салбарын гаднын орны эмч нар ирж, сургалт явуулж, туршлага солилцохдоо монгол эмч нарын ур чадварыг бишэрдэг. Монголын мэс заслын эмч нар нүдэн баримжаа, ур дүй  сайтай.

Гэхдээ Монголд мэс засалч эмч нарын наслалт богино байдаг. Энэ нь стресстэй холбоотой. Асар их ачаалалтай, хортой нөхцөлд ажилладаг. Цусны үнэрээс жишээ авахад, гаднаас орж ирсэн хүн их хэмжээний цус алдсан хүний дэргэд ирээд ухаан алдаад, муужраад уначихдаг. Цус алдсан хүнийг эмчилж байгаад гараад ирэхээр толгой өвдөж, дотор давчиддаг. Олон цагаар суудаг, олон цагаар зогсдог болохоор нүдний даралт ихсэх, хүзүүний үе шохойжих зэрэг өөрчлөлт гардаг. Ийм нөхцөлд ажиллаж байгаа хэрнээ эмч нарын нийгмийн асуудал хүнд байдаг” гэж байлаа.

Л.Нанжид эмч Монголд эгэмний холбоосыг зангуут бэхэлгээ ашиглан эмчлэх аргыг нэвтрүүлсэн бөгөөд энэ техникээр 150 хүнийг эмчээд байгаа юм. Уг нь өндөр өсгөврийн дурангаар энэ хагалгааг хийх ёстой ч тийм багаж Монголд байхгүй тул ил аргаар буюу шууд баримжаагаараа хийж байгаа юм. Энэ мэс заслын талаар тодруулахад “Гадаадад сурсан зүйлээ Монголд хэрэгжүүлэхийг шинээр нэвтрүүлсэн хагалгаа гээд байгаа юм. Өмнө нь эгэмний холбоос нь салсан хүнийг 10-15 см зүсч, ялтас тавьж, хадаж эмчилдэг байсан. Үүнийг өөрчлөөд эгэмний дээр 0.5 см, урд хэсэгт нэг см зүслэг хийгээд бэхлэх арга ашигласан. Ингэж зангуут бэхэлгээгээр бэхлэх хагалгааг хийсэн тохиолдолд хадаас, ялтас тавьдаг шиг түүнийг авахаар дахин хагалгаа хийх шаардлагагүй. Уг нь өндөр өсгөвөртэй дурангаар хийх ёстой ч манайд тийм дуран байхгүй болохоор ил аргаар хийж байгаа. Энэ аргаар 150 хүнийг амжилттай эмчлээд байна” гэв.

ҮСНИЙ ШИРХЭГЭЭС Ч НАРИЙН УТСААР СУДАС, МЭДРЭЛ ЗАЛГАХ МЭС ЗАСЛЫГ 17 ЦАГИЙН ТУРШ ХИЙСЭН

Мэс засалд багийн ажиллагаа чухал. Байнга хийгддэг хагалгаанд мэс заслын 2-3 эмч, унтуулгын нэг эмч, мэс заслын хоёр, унтуулгын нэг сувилагч, асаргааны нэг ажилтан оролцдог. Харин маш хүнд хагалгаанд олон эмч оролцдог аж. Мэс заслын эмч нар нь хоёр хоёроороо дөрвөн багт хуваагдаад нэг хүнд 17 цаг хагалгаа хийсэн удаа ч бий гэнэ. Ингэхдээ 8-15 дахин өсгөсөн микроскоп дээр үсний ширхэгээс ч нарийн утсаар судас, мэдрэл залгах ажлыг хийж байжээ. Энэ мэт олон цагаар микроскоп дээр ажиллахад нүд чилэх зэргээр амархан ядардаг. Энэ үед нэгийгээ үйлдлээр нь ойлгодог багийн гишүүдийн ажиллагаа чухал аж. Ийм мэс заслын үед гаднын оронд 60 дахин өсгөсөн микроскоп ашиглаж байхад монгол эмч нар дөнгөж найм дахин өсгөснийг хэрэглэж, баримжаа, мэдрэмж, ур дүйгийнхээ хүчээр амжилттай гүйцэтгэдэг байна.

Түүнээс 15 жил байнгын ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллахдаа хоёрдугаар курст байхдаа гаргасан тэр шийдвэртээ харамсмаар, шантрамаар санагдсан үе бий юу гэж асуув. Тэрбээр “Гэмтлийн олон тасгаар явж ажиллаж байсан. Гэмтлийн нарийн мэргэжлийн эмч хүн, гэмтлийн ямарч төрлийг эмчлэх чадвартай байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Энэ утгаараа залуу эмч нарыг тасаг бүрт ажиллуулдаг. Түлэнхийн төвийн эмнэлэгт ажиллахад бусад тасгаас хамгийн хүнд санагдсан. Учир нь, гарынхаа аль нэг хэсэгт түлэгдэхэд л ямар их өвддөг билээ, гэтэл жаахан хүүхэд бүх биеэрээ түлэгдчихсэн ирдэг. Хамгийн хэцүү нь өглөөхөн бөмбөгөөр тоглоод, машин тэрэг түрээд тоглож байсан хүү гэнэт сэхээнд орчих жишээтэй. Хүүхэд амархан сэхдэг шигээ, амархан мууддаг. Тийм жаахан хүүхдийг уйлуулах, боолтыг нь солих маш хэцүү байсан. Тухайн үед нялх хүүхэдтэй байсан болоод ч тэр үү надад үнэхээр хүнд санагдсан. Тэгээд их буруу мэргэжил сонгожээ гэж бодсон. Багш дээрээ ороод “Би буруу мэргэжил сонгожээ. Гэмтлийн эмч болохоо болилоо” гэж хэлээд багшдаа загнуулаад үргэлжлүүлэн ажлаа хийсэн дээ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГЫГ БҮР БАГААС НЬ ТОЛГОЙД НЬ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

Бид ийн ярилцаж суутал Л.Нанжид эмчийн утас дуугарав. Хүнд өвчтөн ирсэн тул яаралтай дуудагджээ. Цаг харвал 21.00 цаг өнгөрч байв. Учир шалтгааныг лавлахад “Гэмтлийн эмнэлэгиийнхэн 24 цаг ажилладаг. Хэдийгээр жижүүр эмч ажиллаж байгаа ч хүнд өвчтөн ирсэн үед бусад эмч нар сардаа нэг удаа долоо хоногоор багаараа дуудагддаг юм. Энэ үед хаана ч, ямар ч ажилтай байсан ажил дээрээ шууд очих ёстой. Судас оролцсон том гэмтлийг жижүүр эмч ганцаараа эмчлэхэд маш төвөгтэй. Үхэл амьдралын зааг дээр ирж байгаа тэр хүнд шуурхай тусламж, үзүүлж амь насыг нь аврах шаардлагатай тул оновчтой тактикаар, шуурхай эмчилгээ хийх хэрэгтэй. Мөн гэмтлийн эмч нар сардаа 4-5 удаа 24 цаг жижүүрлэдэг” гэв.

Ажил руугаа дуудагдсан тул бидний яриа өндөрлөлөө. Тэрбээр “Техник технологи хөгжихийн хэрээр манай улсын иргэдийн бэртэж гэмтэх, тэр дундаа хүнд хэлбэрээр гэмтэх нь их болж байна. Махны машин ажиллуулж байгаад хуруугаа дөнгөж оролцуултал гарыг нь сороод тасдсан тохиолдлууд ч гарч байна. Бусад оронд ахуйн бэртэл гэмтэл, авто осол харьцангуй бага байдаг. БНСУ-д сурч байхдаа энэ талаар эмчээс нь асуухад “Хурд хэтрүүлбэл ямар эрсдэлтэйг, техниктэй харьцахдаа юун дээр анхаарвал зохих талаар хүүхдийг бага байхад нь системтэйгээр, эрүүл мэндийн боловсрол олгодогтой холбоотой” гэж хариулсан. Бүр багад нь хурд хэтрүүлбэл ямар хор уршигтайг, аюулгүй ажиллагааг хангахгүй бол ямар хөнөөлтэйг нүдэнд нь харагдтал заагаад, толгойд нь суулгаад өгчихвөл бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлж чадна” гэлээ.

ЭМЧ АНАТОМИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ Л ХАНГАЖ ӨГНӨ, ТҮҮНЭЭС ЦААШИХ ҮЙЛ ЯВЦ 100 ХУВЬ ӨВЧТӨНӨӨС ШАЛТГААЛДАГ

Харин нэгэнт бэртэж гэмтсэн хүн хэрхэн хурдан эдгэх талаар зөвлөхдөө “Өвчтөн өөрийгөө, өвчнөө ялна, дийлнэ, маш хурдан эдгээнэ, хэвийн байдалд нь оруулна гэж бодох хэрэгтэй. Энэ тохиолдолд хамгийн хурдан эдгэнэ. Хагалгаа хийснээр эмч анатомийн бүрэн бүтэн байдлыг л хангаж өгч байгаа. Түүнээс цааших үйл явц 100 хувь өвчтөнөөс шалтгаалдаг. Би өвдчихсөн, би гэмтчихсэн, өвдөөд байна гээд, тэр болгондоо анхаарлаа хандуулаад хэвтээд байж болохгүй. Би өвчтөнүүдийнхээ сэтгэлзүйг өргөж өгөхийг хичээдэг. Зарим хүнийг “чи зоригтой, тэвчээртэй, чи дийлж гарч чадна” зэргээр дэмждэг бол зарим хүнд маш сайн тайлбарлаж хэлдэг. Хүн бүрийн нөхцөл байдалд тохируулан тактик ашигладаг. Энэ бүхэн нь өвчтөнийхөө сэтгэлзүйг өргөх гэсэн л арга” гэлээ.

Бусдын тасарсан, гэмтсэн эд эрхтнийг “залгаж”, өчүүхэн ч зөрүүгүй яс "эвлүүлж" байгаа түүний ажил жинхэнэ ур чадвар, нарийн ажиллагаа шаардана. Гэмтэж, бэртээд шаналж байгаа нэгнийг эрхтэн бүтэн, эрүүл саруул болгоод, айл гэрийг элэг бүтэн үлдээж, тэрнээсээ аз жаргалыг мэдэрч ажиллана гэдэг хичнээн бахдалтай.  Түүний ур чадвараар элэг бүтэн, эрхтэн бүрэн үлдсэн олон зуун өвчтөний өмнөөс түүнд "БАЯРЛАЛАА" гэж хэлье ээ.

https://www.facebook.com/news.mn.agency/videos/624228914951119/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж