Сүүлийн үед нийгэмд хамгийн их анхаарал татаж буй боловсролын салбарын асуудлаар судлаач, доктор Б.Насанбаяртай ярилцлаа.
-Кембрижийн хөтөлбөрийн тухай яриа манайд шинэ сэдэв биш. Үе үеийн парламентын үед яригдаж байсан энэ асуудал өнөөдөр ч гэсэн дахин сөхөгдлөө. УИХ-ын нэр бүхий гишүүд Кембрижийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгох талаар санал гаргаж, лобби бүлэг хүртэл байгуулсан. Кембрижийн хөтөлбөрийн сайн мууг салбарт нь ажиллаж байсны хувьд хамгийн сайн мэдэх учраас таньтай ярилцахыг хүссэн юм. Тэгэхээр Кембрижийн хөтөлбөр гэж юу вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Бид зөв буруугаа нээлттэй ярилцан, хэлэлцдэг нийгэмд амьдарч байгаадаа талархах нь зүйтэй байх. Гэхдээ гадаад хэл судлах болон хувийн сургуулиудыг буруутгаж хэт туйлширмааргүй байна. Үүний оронд ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулиудаа чанартай болгоход онцгойлон анхаарах нь чухал. Монгол Улс Үндсэн хуулиндаа “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” хэмээн заасан зорилго нь хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүрдүүлэх хамгийн суурь нөхцөл бол хүн бүр ерөнхий боловсролтой болсноор бүрдэх учиртайг тодорхойлсон явдал гэж би ойлгодог. Гэтэл өндөр өртөгтэй, цөөн тооны хүүхдэд зориулсан Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг төр өөрөө бий болгосноор иргэддээ тэгш бус хандсан ерөнхий боловсролын ялгавартай байдлыг бодитоор бий болгож байна. Монгол Улсын Засгийн газар 2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй “Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг таван жилийн хугацаатай байгуулсан байдаг.
Энэ санамж бичгийг манай иргэдийн эзэмших боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор байгуулсан гэх боловч тусгайлан байгуулсан Кембрижийн олон улсын хөтөлбөртэй сургуульд хамгийн авьяастай цөөн сурагч, багшийг шилж сонгон авч маш өндөр өртөг зардлаар хос хэлээр сургалтыг явуулж байгаа нь нийт иргэдэд хүртээлтэй ажил биш юм.
Тэгээд ч ийм онцгой нөхцөлд явуулж буй сургалтын туршлагыг ердийн нөхцөлтэй бусад сургуульд шилжүүлэн нэвтрүүлэх боломжгүй.
-Эхлээд улсын сургуулийн 10 хүртэлх хувьд тус хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэж байгаа?
-Төрөөс иргэддээ тэгш хандаж, тэгш боломж олгон үйлчлэх зарчимд харшилж байна. Монгол Улс иргэддээ заавал эзэмшүүлэх боловсролын үндэсний хөтөлбөрөө өөрсдөө боловсруулж хэрэгжүүлэх чадамжаа бүрдүүлсэн гэж би үздэг. Иймд бусдаас механикаар хуулж, хараат болох ёсгүй. Манай иргэдийн эх орондоо эзэмшсэн боловсрол нь чанарын хувьд олон улсад нийтлэг тавьж буй шаардлагыг хангахад чиглэсэн байх нь төрөөс баримтлах бодлогын үндэс байх учиртай. Үүний нэг зам нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурлагын амжилтын үнэлгээнд хамрагдах явдал болно. Ийм учраас 2015 онд батлагдсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын 7.8-д “Сурлагын амжилтын олон улсын чанарын үнэлгээний судалгаанд 2021 онд хамрагдана” гэсэн зорилт тусгагдсан. Энэ нь үндэсний хөтөлбөрөө олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зарчим баримталж байгаагийн илэрхийлэл.
Бид хэн нэгний хөтөлбөрийг нутагшуулж, гадаадын аль нэг байгууллага, шалгалтын төвийн тогтоосон стандарт, ашиг орлогын сонирхолд дөрлүүлэх шаардлагагүй юм.
"МОНГОЛ УЛС ЗӨВХӨН ГАДНЫ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХЫН ТУЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ОЛГОДОГГҮЙ"
-Ер нь Кембрижийн хөтөлбөрийг “нутагшуулах”-ын цаана ямар нэгэн эрх ашиг байгаа юм биш биз?
-Энэ хөтөлбөрийг анх Их Британийн колони орнуудад ерөнхий боловсрол эзэмшсэн хүүхдүүдийг Английн их сургуульд элсэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэх шалгалт хэлбэрээр эхэлсэн. Аажмаар энэ шалгалтад бэлтгэх систем болон өргөжиж, олон улсын бакалавр (IB буюу International Baccalaureate) зэрэг гадаадын сургуулийн сурагчдад зориулсан хөтөлбөрийн нэгэн адил томоохон их сургуульд элсэхийг зорьсон суралцагчдад зориулсан олон улсын хөтөлбөр болсон байдаг. Эдгээр хөтөлбөр ихэвчлэн дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудын хүүхдэд зориулсан олон улсын сургууль зэрэг тусгай сургалттай сургуулиудад нэлээд нэвтэрсэн. Кембрижийн олон улсын шалгалтын синдикат ч өөрийн хөтөлбөрөө нэр хүндтэй их сургуулиудад элсэх чанарын шалгуур болгон сурталчилдаг.
Энэ хөтөлбөрт сургуулийг гишүүн болгон хамруулах, сурах бичгийг нь нийлүүлэх, сурагчдыг нь боловсролын шат бүрд өөрийн шалгалтын төвөөр шалгаж дүнг нь баталгаажуулах гэх мэт төлбөртэй үйлчилгээ эрхэлдэг байгууллагад ашиг орлогын сонирхол байж таарна.
Монгол Улсын хувьд хүүхэд, залуучуудаа зөвхөн гадны их сургуульд суралцуулахын тулд ерөнхий боловсрол олгодог биш шүү дээ. Иргэдээ амьдрал хөдөлмөрт бэлтгэн иргэншүүлэхийн хамт үндэсний соёл, үндэстнийг бүрдүүлдэг, эрхэмлэдэг үнэт зүйлсээ өвлүүлэн залгамжлуулах институц болохын учир нийтэд зориулсан үндэсний хөтөлбөрийг улс орон бүр нандигнан авч явдаг.
–“Монгол-Кембрижийн боловсролын санаачилга”-ын баримт бичигт хөндлөнгийн үнэлгээ хийсэн ажлын хэсэг ямар дүгнэлт гаргаж байсан юм бэ?
-Энэ ажлыг дөнгөж эхэлж байх үед 2011 онд манай орны боловсролын салбарын төлөвлөлт дээр ажиллаж байсан Тони Рийд, 1990-ээд оноос манай боловсролын салбарын эдийн засгийн асуудлыг судалсан Дэлхийн банкны зөвлөх асан Петер Мүүк нарын бүрэлдэхүүнтэй баг энэ санаачилга хэрэгжвэл нийт боловсролын системд ямар үр нөлөөтэйг судалж шинжилсэн байдаг.
Тэдний дүгнэлтээр энэ санаачилга нь цөөн хүүхдэд английн А level хүртэл боловсрол эзэмшсэн гэрчилгээ авах боломж олгох хэдий ч нийт системдээ нэвтрүүлж болох сайн туршлага болох боломжгүй, зөвхөн бэлтгэл сайтай, өндөр орлоготой өрх айлын хүүхдүүдийг илүүтэй хамрах магадлалтай, өртөг зардал өндөр тул боловсролын төсвийн 7.5 хувийг суралцагчдын 1.5 хувьд зориулах шаардлагатай болно, үүгээр тэгш бус байдлыг нэмэгдүүлнэ гэсэн байдаг.
-Санамж бичгийг би олж харсан. Нэг зүйл анхаарал татсан л даа. “Мэдээллийн нууцлал” гэж оруулсан нь чухамхүү ямар учиртай юм бэ?
-Тийм ээ. Тус санамж бичгийн 4 дүгээр зүйл “Мэдээллийн нууцлал” хэмээн нэрлэсэн хэсэгт: “4.1. Нийтэд мэдээлэгдсэн эсхүл хууль тогтоох болон эрх бүхий байгууллагын шаардлагаар мэдээлэх үүрэг хүлээхээс бусад тохиолдолд Талууд (энэ санамж бичгийг байгуулсан Кембрижийн олон улсын шалгалтын төв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг Талууд гэж хэлж байна) энэхүү санамж бичигтэй холбоотой аливаа мэдээллийг ямарваа нэг хувь хүн, албан байгууллагад нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр задруулахгүй байх үүрэгтэй” гэжээ. Хэдийгээр санамж бичиг түүнийг байгуулж буй тодорхой этгээдүүд ойлголцлоо нэгтгэснийг л илэрхийлэхээс бус харилцан үүрэг хүлээх эрхзүйн баримт бичиг биш байдаг боловч энэ санамж бичгээр Монгол Улсын төрийн байгууллага үүрэг хүлээж, нийт иргэдийн ерөнхий боловсрол эзэмших эрхийг хөндсөн заалтууд оруулсан юм билээ.
Ялангуяа зөвлөх үйлчилгээний төлбөр тооцооны асуудлыг гурав дахь тал буюу монголын олон нийтээс нууцлах үүрэг хүлээлгэсэн нь ихээхэн ноцтой.
Энэ санамж бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулиар бүх нийтэд эзэмшүүлэхээр заасан ерөнхий боловсролын агуулга, стандартыг хөндсөн, үүгээрээ нийт сургууль, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид төдийгүй иргэдийн санал шүүмж, нийтэд ил тод байх асуудалд хамаарах атал нууцлал, хязгаарлалтын тусгай заалтуудтай байсан нь анхаарал татсан.
"КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР БАЯН, ЯДУУГИЙН ЯЛГААГ УЛАМ ДЭВЭРГЭНЭ"
–Энэ хөтөлбөрийг шууд хэрэгжүүллээ гэхэд манайд багшийн асуудлаас эхлээд хичээлийн хэрэглэгдэхүүн зэрэгт шаардагдах зардал нь ямар байх вэ?
-Бид тухайн үед энэ санамж бичгийн дагуу гарсан зардлыг нэлээд нарийвчлан үзэж байсан. Тэгэхэд Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуульд шууд болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсөл, зөвлөх үйлчилгээний нийт зардлыг нэгжид хуваан үзэхэд ердийн сургалттай сургуулийн нэг хүүхдэд зарцуулж байсан зардлаас 24-32 дахин өндөр байсан тооцоо гарч байв.
Одоо ч Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа хувийн сургуулиудын төлбөр маш өндөр, тэнд сурч буй хүүхдийн худалдан авч буй сурах бичгийн үнэ, шалгалтын төлбөрийн хэмжээ төрөөс нэг хүүхдийг нэг жил суралцуулахад зориулан төсвөөс хуваарилдаг мөнгөн илэрхийлэл хувьсах зардлаас хамаагүй илүү байгааг хүмүүс мэддэг болжээ.
Энэ хөтөлбөрт хамрагдсан сургууль бүр гишүүнчлэлийн татварт жилд 5000 фунт стерлинг төлөхөөс гадна энэ хөтөлбөрийн шугамаар зохион байгуулдаг өртөг өндөртэй сургалтуудад багш, ажилтнуудаа хамруулж байх үүрэг хүлээдэг.
–Тэгэхээр нийтийн хөрөнгийг хэт хүртээмжгүй үйлчилгээнд зарцуулах нь ээ?
-Төрийн өмчийн сургуулиуд ачааллаа даахгүй, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, нэг анги 60, 70 хүртэл хүүхэдтэй, тусгай үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдээ сургуульд бүрэн тэгш хамарч чадахгүй, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх зардал санхүүжилтгүй, ариун цэврийн байгууламж шаардлага хангахгүй, багшийн цалин хөдөлмөрийн үнэлэмж доогуур гэхчлэн төр шууд хариуцах ёстой хөрөнгө төсөв нэн шаардлагатай олон зардлыг санхүүжүүлэхийн оронд цөөн тооны, голчлон тусгайлсан уралдаант шалгалтанд бэлтгэгдсэн хүүхдэд зориулж төсвийн хөрөнгийг зарах нь төрөөс иргэдээ алагчлалгүй тэгш харж үйлчлэх зарчимтай үндсээрээ харшилна биз дээ.
–Өнөөдөр Монголд Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулж буй гурван сургуулийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Сүүлийн үед судлаачдын хийсэн судалгаагаар эдгээр гурван сургуульд зөвхөн тусгайлсан бэлтгэл хийсэн, дундаас дээш хөрөнгө орлоготой айлын хүүхэд л элсэн суралцаж байгааг тодруулсан байна билээ. Ийнхүү тооны болоод чанарын ялгааг төр өөрөө санаачлан ихэсгэх нь нийгмийн баян хоосны ялгааг улам ихээр дэвэргэж, цаашид Монголын нийгэмд тэгш бус байдал хэт ихсэх, нийгмийн зөрчил, үл ойлголцлын эх үүсвэр болохын дээр улс төрийн тогтворгүй байдал, зөрчил мөргөлдөөнд хүргэх ноцтой үр дагаварт хөтөлж болзошгүй.
Энэ гурван сургуульд суралцсан хүүхдүүд Элсэлтийн ерөнхий шалгалтад сайн дүн үзүүлж, нэлээд нь гадны их сургуульд элссэн тухай мэдээг их ярьцгааж байна. Тийм байхаас ч аргагүй, багш нарыг нь шилж сонгон авч, тусгайлан бэлтгэсэн, хүүхдүүд өөрсдөө ч уралдаант шалгалтад бэлтгэж, сурах чадвар давуу эзэмшсэн, ар гэр нь хүүхдээ сургахад анхаарал халамж тавих боломж чадал сайтай гэж судлаачид тодруулаад байна.
Хэдийгээр ихээхэн төсөв зарж, хөрөнгө оруулсан ч одоо болтол бараг 10 гаруй жил болж байхад хоёр сургууль нь зориулалтын барилгагүй байгаагаас харахад л ийм маягийн сургууль хэр өндөр өртөгтэйг баримжаалж болно.
"АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРТАЙ БАГШ НАРЫН ЦАЛИНГ ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГААС ӨНДӨР БОЛГОЖ ЧАДВАЛ 3-5 ЖИЛИЙН ДОТОР ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЧАНАР, ҮР ДҮН ГАРЧ ЧАДНА"
-Монгол хүүхдүүдийг Кембрижийн хөтөлбөрөөр дамжуулан гадаад хэлтэй болгох боломжтой гэдгийг лобби бүлгийн гишүүд хэлж байгаа. Энэ нь хэр боломжтой вэ?
-Гэхдээ орчин нөхцөл нь бүрдсэн тохиолдолд манай ердийн сургуулийн багш нар ч англи хэлийг чанартай сайн зааж чадаж байгаа жишээ олон байна. Хамгийн харамсалтай нь тийм багш нарыг сургуульд тогтвортой ажиллуулах хөшүүрэг хангалтгүй байна. Англи хэлний ур чадвартай багш нарын цалинг шүүгчдийн цалингаас өндөр болгож чадвал 3-5 жилийн дотор үндэсний хэмжээнд чанар, үр дүн гарч чадна. Кембрижийн англи хэлний хичээлийн хөтөлбөр нь англи хэл эх хэл нь болсон хүүхдүүдэд зориулсан байдаг учир манай нийт сургуульд шууд хэрэгжих ямар ч боломжгүй. Манай төрийн өмчийн сургуулиудад 5-р ангиас англи хэл үзэж байхад Кембрижийн англи хэлний хичээл 1-р ангиас байдаг.
–Монгол Улсын үндэсний боловсрол ямар түвшинд байна гэж та хэлэх вэ. Сул, хангалтгүй байгаа болоод гаднын боловсролыг "шүтээд" байгаа юм биш үү?
-Боловсролын үндэсний хөтөлбөр маань манай судлаачид, багш нарын оролцоо хүчин чармайлтын дүнд олон улсын хөтөлбөрүүдтэй харьцуулахуйц болсон гэж үздэг. Харин хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд улс төрийн зориг, манлайлал, ухаалаг зөв зохицуулалт ихээхэн шаардлагатай хэвээр байна. Нийгэмд төрөөс тэгш хандаж, шударга ёс (justice)-ыг тогтоох нь бүх нийтэд зориулсан боловсролын бодлогоор дамжин хэрэгждэг. Эс бөгөөс цаашдаа тэгш бус байдал, туйлшрал гаарч, үүний төлөөсийг төлж барахгүй аюул үүснэ. 2014-2016 онд УИХ дээр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын багц хуулийг хэлэлцүүлэх, батлуулах үйл явцад оролцох үед миний сэтгэл хэдэн зүйлд маш ихээр эмзэглэсэн.
–Юунд вэ?
–Нэгдүгээрт, эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхийн төлөө одоогийн төрийн эрх барьж буй хүмүүс маань төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийг бодлогоор хөгжүүлэх, бэхжүүлэх шийдвэр гаргахгүй нь гэдгийг олж харсан. Учир нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хүүхдүүд ихэнх нь өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцдаг.
Хоёрдугаарт, төрийн өмчийн сургуулийг бодлогоор чанаржуулан дэмжих, хувийн өмчийн сургууль төрөөс хувьсах зардал авч байгаа бол хамран сургах тойргийн ачааллаас хуваалцах, ашгийн төлөө ба ашгийн төлөө бус гэдгийг тодруулж түүнд тохирсон зохицуулалт хийх ямар ч боломж олдохгүй юм байна гэдгийг харсан. Яагаад гэвэл хувийн сургуулийн удирдлагуудын эрхэнд төрийн томчууд хүүхдээрээ дамжуулаад барьцаалагдчихсан учир тэд юу хүснэ, түүнд үйлчлэхэд бэлэн байдаг. Жишээ нь төрийн өмчийн сургуулиудын газар зарагдаад биеийн тамирын талбай ч үгүй болсон байхад томоохон хувийн сургуулиуд асар уудам том газрыг хашаалан авсан байдаг.
Гуравдугаарт, урт хугацааны бодлого ярьж ард түмнийг удирдан, дагуулах үүрэгтэй байх хүмүүс нь өнөө маргаашдаа сонгогчдод таалагдахын тулд бүтээлч бус, хэсэг бүлгийн ашиг сонирхлын утсан хүүхэлдэй болж биелшгүй амлалт, худал хуурмагаар олон нийтийн тархийг угааж өөрсдийн амь зогоодог гэдгийг харж мэдэрсэн.
–БШУ-ны сайдаар Лу.Гантөмөр гуай ажиллаж байх үед та боловсролын салбарын гол бодлогыг зангидаж байсан. Тухайн үед "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь “Сурагчдыг ялгаварлах байдал бий болгосон” гэж лобби бүлгийн гишүүд тайлбарлаж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Лу.Гантөмөр сайд 2012 оноос өмнө УИХ-ын гишүүн байх үедээ улс орны хөгжил, дэвшил боловсрол, шинжлэх ухааны хөгжил, үр дүнг чанаржуулах чиглэлээр судалж, шийдэл зарчим зэргийг тодорхойлж олон удаагийн хэлэлцүүлэг, яриа судалгаа хийж, хамтран ажиллаж байсан. Сайд болсныхоо дараа бодлого хариуцаж, хамтарч ажиллах саналыг надад хэлсэн. Бид тухайн үед хүүхэд бүрийг хөгжүүлэх, улс орон маань мэдлэгт суурилсан эдийн засагт эрчимтэй шилжих боломжтой гэдэг итгэл үнэмшлээр “Зөв Монгол Хүүхэд”, “Монгол-Германы хамтарсан технологийн их сургууль”, “1000 Инженер”, “Анагаахын их сургуулийн эмнэлэг” зэрэг тодорхой хөтөлбөр төслийг хэрэгжүүлсэн. Бид хүүхэд бүрийг сургуулийн өмнөх наснаас нь эхлэн давуу талд нь суурилан хөгжүүлэх, аав ээжийн эрдэнэс болсон үр хүүхэд бүрт “би чадна” итгэл өгч, суралцах үйл нь сонирхолтой, аз жаргалтай байх, үүний тулд багшдаа итгэл, мэргэжлийн эрх чөлөөг өгч, сургуульд бие даасан байдлыг бүрэн дүүрэн олгох зарчим баримталж байв. Боловсролын салбарын үе үеийн өөрчлөлтийг удирдан, гардан зохион байгуулсан хүмүүс бүгд л сайн болгохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нь гарцаагүй. 2012 он хүртэл хийгдсэн бүхий л ажлуудад дүн шинжилгээ хийж, Үндэсний цөм хөтөлбөрийг “хүүхэд бүрийг хөгжүүлэх” гэсэн үзэл баримтлалдаа тулгуурлан боловсруулан, хэрэгжүүлэхэд Боловсролын хүрээлэн, БМДИ, Боловсролын үнэлгээний төв, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, Их дээд сургууль, ЕБС, СӨБ-ийн шилдэг багш нарын төлөөллөөс бүрдсэн хэрэгжилтийн багууд гэсэн манай салбарт мэргэшсэн 600 гаруй эрдэмтэн багш, судлаачид, зөвлөх багууд өргөнөөр оролцож асар их хичээн ажилласан. Манай нэр хүндтэй судлаачид Б.Бурмаа, Ш.Чоймаа багш болон хамба Д.Чойжамц гуай зэрэг боловсролд сэтгэлтэй хүн бүр бүх шатны боловсролын асуудлаар санал бодлоо уралдуулж, зөвлөн тусалж байсан.
Бид үндэсний хөтөлбөрөө боловсруулахдаа Кембриж, Финлянд, Япон, Сингапур зэрэг олон улсын хөтөлбөрүүдтэй шинжлэх ухааны агуулга, эзэмших ур чадварын харьцуулан судалж сайжруулсан. Манай хөтөлбөрийн агуулга, суралцахуйн зорилт, үр дүн аль хэдийн олон улсын түвшинд хүрсэн. Гэвч хэрэгжилтийн менежмент буюу улс төрөөс хараат байдал, цаг хугацаа, хүний болон санхүүгийн нөөцийн дутагдал хамгийн том бэрхшээл, чанаргүйдлийн тойргийг үүсгэдэг үндсэн шалтгаан.
Бага, дунд боловсролын цогц чадамж эзэмшүүлэх зорилтыг баяжуулж, хүүхдийн авьяас билгийг нээн, өөртөө итгэх итгэл урам өгөх зорилготой “Авьяас”, “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн өөрсдийн санаачилгаар сонирхсон асуудлаараа судалгаа хийж, шийдэл санал болгодог төсөлт хичээлүүд гайхамшигтай үр дүн өгч байсныг манай багш хүүхдүүд тод мэднэ. Энэ үед хүүхэд бүр хөгжиж, нүдэндээ цогтой багш нар ч мэргэжлээрээ бахархаж, хүүхэд гайхамшиг бүтээж байгааг харж хайр, эрч хүчийг авч байсан сайхан дурсамж надад олноороо үлджээ.
Манай сургуулиуд бусад олон орны багш нарын мөрөөдлийн “аз жаргалын сургууль” болох чиглэлд ахиц гаргаж байсныг бидэнтэй хамтран ажилладаг япон, германы судлаачид нэлээд атаархангуй хэлж байсан.
Их сургуулиудын засаглал, бие даасан байдал, хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхэд дорвитой алхмууд хийж, инженерийн хөтөлбөрийн чиглэлээр Массачусетсийн Технологийн Институттэй шууд хамтран ажиллах гэрээ байгуулсан 4 дэх Засгийн газар манайх болж билээ. Бидний чанарын шинэчлэл хийх ажлын нэг гол хэсэг нь энэ бүх шинэчлэл, үзэл санааг хэрэгжүүлэх багш бэлтгэх тогтолцоо хөтөлбөрийг шинэчлэн бэхжүүлэхэд чиглэсэн. Багш мэргэжлээр элсэгчид тусгайлсан тэтгэлэгтэй болж багшийн ангид сурлага сайтай хүүхдүүд олноороо элсдэг болсон, мөн МУБИС-ийг бэхжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Харьцангуй богино хугацаанд өргөн цар хүрээтэй томоохон үйлс өрнөсөн нь уг ажлын үзэл санаа, зорилго оролцсон бүх хүний хүсэл сонирхол байсан учраас олон хүний хүчин чармайлтын үр дүн гэж хардаг. Үүнд салбарын сайдын манлайлал, алсын хараа, итгэл үнэмшил маш их үүрэгтэй байсан.
"БУСАД ТОМИЛГООНЫ АДИЛ УЛС ТӨРЧДИЙН ОРОЛЦОО ХЭВЭЭР БАЙВАЛ ӨНДӨР ЦАЛИН ХАНГАМЖ БИЙ БОЛГОХ ТУСАМ САЙН БАГШ АЖИЛЛУУЛНА ГЭХ БАТАЛГАА АЛДАГДАНА"
–Үндэсний хөтөлбөрөө сайжруулах ямар шийдлүүд байгаа вэ. Боловсролын салбараа шинэчлэхэд багш нарын цалинг нэмэхээс эхлэх хэрэгтэй гэж та дээр яриандаа хэллээ. Нөгөө талд сургалтын чанарын асуудал яригдана?
-Бид сүүлийн 30 жилд боловсролын хөтөлбөрөө бүхэлд нь гурван удаа шинэчилжээ. Үүнийг өөрсдийн хүчээр хийсэн гэдгийг зориуд тэмдэглэж байна. Хөтөлбөрийн чиглэлээр судалгаа хийдэг, аргазүйн боловсруулалтад оролцдог байгууллага, мэргэжилтний тоо цар хүрээ ч нэмэгдсээр байна. Тэд олон улсын сайн туршлагыг сайтар судалж, манай нөхцөлд үр дүн өгч болохыг нь судлан шинжилсээр байна. Иймд хөтөлбөрөө сайжруулах мэргэжлийн чадавх байгаа гэж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь сайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь багшаас хамаарна. Багшийн цалин үнэлэмж, шалгуур өндөр, багш ажилдаа чин сэтгэлээ өгч ажиллах нөхцөл бүрдүүлж чадвал бид тэдэнд итгэж болно. Үүн дээр нэмээд улс төрийн аливаа нөлөөллийг арилгах шаардлагатай. Бусад томилгооны адил улс төрчдийн оролцоо хэвээр байвал өндөр цалин хангамж бий болгох тусам сайн багш ажиллуулна гэх баталгаа алдагдана.
Багшийн ажлын нэр хүнд, үнэлэмж сайжирвал чанарын асуудал аяндаа шийдэгдэнэ. Өрсөлдөөнтэй, нэр хүндтэй ажилд тогтвортой үлдэхийн шалгуур нь ажлын чанар өөрөө болно шүү дээ. Дэлхийд боловсролоороо тэргүүлэгч Финлянд улсын багш бэлтгэх сургуулиуд маш өндөр шалгуураар оюутан элсүүлж, зардлыг нь төр хариуцан чанартай судлаач багш бэлтгэснээр одоо тус улсын сургуулиуд жуулчид хамгийн ихээр очдог газрын нэг болсон байна.
–Сүүлийн үед манайд боловсролын салбарын бодлого сайд нь солигдох бүрт өөрчлөгдөж, тогтворгүй явж ирснийг судлаачид ч хэлдэг. Таны харж байгаагаар энэ салбарын бодлого хэр явж байна вэ?
-Сайдаар томилогдсон хүн улс төрчийнхөө хувьд өөрийн ул мөрөө үлдээхийг хичээх нь зүй ёсны юм. Гэхдээ ямар ул мөр үлдээхийг эрмэлзэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Түрүүн би Лу.Гантөмөр сайдын тухай ярихдаа боловсролын талаар тодорхой үзэл баримтлал боловсруулсан байсан гэдгийг онцолсон. Миний сонссоноор 1996 онд Ч.Лхагважав гуай Гэгээрлийн сайдад нэр дэвшихдээ боловсрол, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх хөтөлбөр бэлтгэсэн байсан гэдэг. Харин Лу.Гантөмөр сайдаас ажлыг нь авсан сайд уулзсан хүн болгондоо “Намайг барилгын сайд болгохоор тохирчхоод энэ яаманд шахчихлаа” гэж гомдол ярьж байсан. Тийм хүн юу хийх билээ дээ. Тиймэрхүү хүмүүс л юуг ч хамаагүй өөрчилсөн болж харагдахын тулд самардаг, харамсалтай нь иймэрхүү тохиолдол цөөнгүй болчихлоо.
–Үндэсний боловсролыг сайжруулахад хамгийн түрүүнд юунаас эхлэх үү?
-Энэ талаар боловсруулсан баримт бичиг цөөнгүй. Ялангуяа 2015 онд УИХ-аар баталсан “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”, 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан боловсролын хуулиудын үзэл баримтлалыг шийдвэр гаргагчид маань сайн нягталж үзээсэй. Саяхан баталсан “Алсын хараа 2050”-д ойрын үед юу хийх вэ гээд хайгаад байхааргүй олон зорилт тодорхойлсон байна лээ. Эдгээр баримт бичиг бүгд л бидний хувьд үнэлдэг, хүндэлдэг мэргэжилтнүүдийн оролцоотой хийгдсэн.
БШУ-ны сайдаар салбарын хүн нь томилогдон ажиллаж байна. Шинэ сайдаас та юу хүлээж байна вэ?
-Шинээр томилогдсон сайд маань яаманд 20 гаруй жил ажиллаж байгаа болохоор төрийн захиргааны энэ байгууллага ямар асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж ирснийг хамгийн сайн мэднэ. Ийм ой санамжтай хүнд юуг яаж хийх талаар сайн баримжаа байгаа гэж найдаж байна. Боловсролын салбарт улс төрийн оролцоог бага байлгаж, мэргэжлийн хүмүүс нь юмаа мэдээд хийчихвэл олон асуудал шийдэгдэнэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн.
Холбоотой мэдээ