Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар улс орноо аж үйлдвэржүүлэх, уламжлалт мал аж ахуйн салбараа Монгол Улсын эдийн засгийн нэг тулгуур салбар болгох зорилгоор Дархан-Уул аймагт арьс ширний цогцолбор байгуулахаар болсон.
Энэ нь нэг ч төгрөгийн үнэ цэнгүй болж, хог дээр хаягдаж махчин шувууны хоол болж байгаа түүхий эд, арьс ширийг нэгдсэн бодлогоор бэлтгэх, тээвэрлэх, боловсруулах, экспортлох улмаар эдийн засгаа хөгжүүлэх гэсэн нэгдсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилготой.
Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт Дархан арьс ширний цогцолбор барихаар 180 га газрыг олгож төслийн ажил хэдийн эхэлсэн. Гэвч, одоо энэхүү цогцолборын ажил гацаанд орчихоод байгаа нь мөнөөх л төрийн дунд шатны хүнд суртал, сэтгэлгүй хандлагад чөдөрлүүлсний илрэл гэлтэй. Үнэхээр ч сэтгэл байвал “Хийх хүнд арга нь олдоно”, сэтгэл дутвал “Хийхгүй хүнд шалтаг мундахгүй” гэдэгсэн. Уг нь төр нь шийдвэр гаргагчид нь алсыг харсан бодлогоо баталчихаад нь байхад тэрийг нь урагшлуулах холбогдох хууль, эрх зүй, дүрэм журмуудыг нь баталж, хэрэгжүүлэх үүргийг яам тамгын газрууд нь хийх учиртайсан.
Тодруулбал, төрөөс ХАА-н салбараа дэмжиж буйн илэрхийлэл болж УИХ дээр “Хөдөө аж ахуйн хөгжлийг болон экспортыг дэмжих” лобби бүлэг байгуулагдсан. Тэд зорилгоо Монгол Улсын хөгжлийн гол салбар болох мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, түүхий эдийн үнийг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг дэмжих хэмээн тайлбарлаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, арьс ширний цогцолбор барих төслийг УИХ, Засгийн газраас дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ч яаравчлах чиглэлийг өгч буй. Гэвч яг ажлыг нь хэрэгжлүүлэх дээрээ тултал төслийн санхүүжилт гацчихсан нь Сангийн яам, ХХААХҮЯам дээр асуудал нь байна уу, аль эсвэл Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх учиртай Хөгжлийн банкин дээр асуудал нь байна уу?
Ямар ч байсан энэ цогцолборын ашиглалтад орох хугацаа санхүүжилтийн асуудлаас болж хойшлогдож болзошгүй байдал үүсчээ. Уг нь төсөл хэрэгжвэл Монгол Улсын хувьд байгаль, экологи, эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой.
Учир нь, Улаанбаатарт арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжүүдээс болж Туул голын бохирдол хэрээс хэтэрч, үл мэдэгдэх шалтгаанаар загас жараахай нь үй олноороо үхэж үрэгдэж байсан тохиолдлууд ч бий.
Харин энэхүү цогцолборыг Дарханд барьснаар арьс, шир боловсруулдаг аж үйлдвэрүүд нэг газраа төвлөрч, дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм.
Үнэхээр ч 70 сая гаруй малтай монголчууд бидэнд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, эдийн засгийн тулах цэгээ болгох боломж уг нь бий.
Тухайлбал, Европын арьс, ширний салбараас валют цуглуулах түүхий эдийн нөөц бидэнд байна. Хэдийгээр одоо жилд 16 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлдэг ч Монголын эдийн засагт дорвитойхон дэмжлэг болж чаддаггүй байна.
Нэг талаар малчдын амьдралыг, нөгөө талаар үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт малынхаа арьсыг тушаасан малчдад 9.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.
Гэвч өнөөдөр Монголд арьс, шир үнэгүйдэж, хөдөө богийн арьс ширийг өлөнтэй нь 2000 төгрөгөөр худалдан авч байна. Яг үнэндээ өлөн нь 2000 төгрөг гэхээр арьс нь ямар ч үнэ цэнгүйгээр “бонус” болж байна гэсэн үг л дээ. Ингэж авах нь ч нүдний гэм учраас аргаа барсандаа арьсыг нь зардал гарган хогийн цэг, жалганд хаяж байгаа нь монголчууд ингэж ч буянаа барах гэж хэлэхээс өөр аргагүйд хүрч байна. Тэгэхээр малчдыг дэмжсэн дээрх бодлого бодитой хэрэгжиж чадахгүй байгаагийн илрэл юм. Товчхондоо, энэхүү урамшуулал эдийн засагт бодит дэмжлэг болж чадахгүй хэвээр.
Харин арьс, ширний цогцолбор баригдвал ажлын байр бий болно. Орон нутгийн эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлнэ. 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 11 мянган тонн ноос, ноолуур боловсруулах угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламжаас бүрдэх энэхүү цогцолбор ашиглалтад орсноор Дархан хотод 7500 орчим иргэд байнгын ажлын байртай болж, БНХАУ, Итали, Испани, БНТУ, БНСУ зэрэг улсад хагас боловсруулсан арьс шир биш нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм.
Тиймээс ерөнхийлөгчийн санаачилж, УИХ болон Засгийн газрын зүгээс эх орныхоо томоохон эрх ашгийг харж, нэгэн дуугаар дэмжиж байгаа энэ ажлыг дунд болон доод шатны хэрэгжүүлэх түвшинд гацаахгүйгээр урагшлуулж, гүйцэтгэл, хяналт, шалгалт зэрэг зохих шийдвэрийг нь цаг хугацаа алдахгүйгээр явуулчихад л нөгөө ам уралдуулан ярьдаг эдийг засаг нь солонгорч, ажлын байрыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлого нь биеллээ олох юм. Мэдээж энэ бодлого төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоогоор л эрчтэй урагшилна.
Тиймээс арьс ширээ хог биш мөнгө болгож, бадар барихдаа тулдаг эдийн засгаа сэвхийтэл өргөе гэвэл Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Хөгжлийн банк нь дунд түвшиндээ уялдаатайгаар, цаг алдалгүй анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Цаг хугацаа алдвал ирж тун удахгүй эхлэх мах бэлтгэлийн үеэр буянт малынхаа хэдэн 100 тэрбум төгрөгөөр хэмжигдэх түүхий эдээ дахиад л хаягдал болгож, халдварт өвчний голомт болгох нь тодорхой болж байх шиг. Үүнээс болж орлого нь хумигдсан малчид болон хувийн хэвшлийнхэнд цар тахлын нэрмээс авсан эдийн засгийн хор нөлөө ширүүнээр буух өдөр хоног наашилсаар.
Б.БАТ
Холбоотой мэдээ