Энэ долоо хоногийн Пүрэв гариг (2020.09.03)-т БНХАУ-ын Бээжин хотноо тус улсын Гадаад хэргийн яамны ээлжит хэвлэлийн хурал болжээ. Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь АНУ, Хятадын "дипломат харилцаа", удахгүй болох БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын виртуал уулзалтын талаар, Соломоны арлууд дахь Малаита бүс нутгийн тусгаар тогтнолын тухай, Катарын нийслэл Доха хотод болох Афганистан, Энэтхэгийн яриа хэлэлцээ, түүнээс Хятад улс юу хүлээж байгаа, төлөөллөө илгээх эсэх зэрэг олон асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн байна.
Энэ үеэр Японы NHK телевизийн сэтгүүлч БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ы дунд сургуулиудад монгол хэл, бичиг заахыг хязгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор Өвөрмонголын ард иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй асуудлыг хөнджээ. Тэрбээр “Өвөрмонголын Өөртөө Засах Оронд хоёр хэлний боловсролын шинэ бодлого хэрэгжиж эхэлсний дараа эсэргүүцлийн жагсаал боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олон нийтийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Та ямар хариулт өгөх вэ?” хэмээн асуужээ.
Хуа Чунинь “Энэ талаарх мэдээллүүд нь далд санаа агуулсан улс төрийн явуулга юм. Аливаа yлс үндэстний ярианы болон бичгийн хэл нь тусгаар тогтнолын бэлгэдэл юм. Үндэсний нэгдсэн хэл бичигтээ суралцаж, ярих бичихдээ хэрэглэх нь иргэн бүрийн эрх, үүрэг. Зөвхөн Хятадад биш, дэлхийн бусад бүх улс оронд ч мөн адил билээ.
Хятадын засгийн газар холбогдох хууль тогтоомжийн дагуу бүх угсаатны ярианы болон бичгийн хэл дээр тэгш эрхийн зарчим баримталж, монгол болон бусад үндэсний цөөнхийн өөрийн ярианы болон бичгийн хэл ашиглах, хөгжүүлэх эрх чөлөөгөөр хангадаг.
ӨМӨЗО-ы Боловсролын газар нэгдсэн сурах бичгийн талаар холбогдох мэдээлэл гаргасан. Үндэсний сурах бичгийн хорооны мэргэжилтнүүдийн хятад хэл дээр боловсруулан гаргасан уран зохиол, улс төр, түүхийн сурах бичгээр 2017 оноос хойш улсын хэмжээнд бүх бага, дунд сургуульд зааж эхэлсэн. Энэ жилээс Өвөрмонгол зэрэг зургаан муж, өөртөө засах орон Монгол Улсын Өөртөө Засах Орон мөн эдгээр сурах бичгийг ашиглаж эхэлсэн. Нэгдсэн сурах бичгээр заах дээрх гурван хичээл нь үндэсний цөөнхийн хэл дээр заадаг бусад хичээлүүдэд нөлөөлөхгүй. Монгол хэл дээр заадаг хичээлүүдийн цаг, сурах бичигт өөрчлөлт ороогүй, хэвээр хадгалагдаж байна. Одоогийн хос хэл дээр хэрэгждэг боловсролын системд өөрчлөлт орохгүй. Хятад улс шиг үндэсний цөөнхийн эх хэл бичгийг хадгалж үлдэх эрхийг хуулиар хамгаалсан улс орон дэлхий дээр өөр байдаг болов уу” хэмээн хариулсан байна.
Эх сурвалж: www.fmprc.gov.cn
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ