Есдүгээр сарын 5-ны Бямба гаригт Баян-Өлгий аймгийн М.Икей баатрын нэрэмжит Өлгий хотын төв талбайд улсын начин Нурланы Мустафад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болжээ. Тодруулбал, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж, улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” компанийн бөх Нурланы Мустафад нутгийнхан нь хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлагууд 2016 онд баталсан "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-ын дагуу начин цол хүртсэн Н.Мустафагийн амжилтыг хоёр өрөө байраар мялаажээ. Мөн “Өлгий хүчтэн” бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, бизнес эрхлэгч Ж.Нурбек хувиасаа улсын начин Н.Мустафад “Land cruiser-200” автомашин бэлэглэсэн байна.
Б.ЖАРГАЛ