Тойм: Иргэд хувьцааны ногдол ашгаа авч, “харийн” монголчууд эсэргүүцлээ илэрхийлэв | News.MN

Тойм: Иргэд хувьцааны ногдол ашгаа авч, “харийн” монголчууд эсэргүүцлээ илэрхийлэв

Тойм: Иргэд хувьцааны ногдол ашгаа авч, “харийн” монголчууд эсэргүүцлээ илэрхийлэв

Тойм: Иргэд хувьцааны ногдол ашгаа авч, “харийн” монголчууд эсэргүүцлээ илэрхийлэв

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жил эхэлж, нэгдүгээр ангид 83 мянган хүүхэд элсэн оров. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед хичээлийн шинэ жилийн нээлт болсонгүй. Улсын онцгой комисс (УОК)-оос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар суралцах тусгай журмын дагуу хичээллэж байна.

Сургуулийн өмнөх боловсролын 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, дээд боловсролын 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхлүүлж, нийтдээ нэг сая 40 мянга гаруй суралцагч хичээлдээ орлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яам 2020-2021 оны хичээлийн жилд суралцагчдын сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш нарт мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломж бүрдүүлэх, багш, ажилтнаа дэмжих, эцэг эхтэй түлхүү хамтран ажиллах зорилт дэвшүүлсэн билээ.

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн бусад онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өнгөрч буй долоо хоногт иргэд эх орны баялгаасаа бодит хувь хүртэв. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, Монгол Улсын нэг сая 888 мянган иргэн эзэмшдэг.

Тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэр дагуу тус компанийн хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн Пүрэв гаригаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн юм.

Хамгийн эхэнд үнэт цаасны компанид дансаа нээлгэсэн нэг сая 170 мянган иргэний данс руу хувьцааны ногдол ашгийг шилжүүлсэн бол дараагийн ээлжийн иргэдийн ногдол ашиг долоо хоногийн дараа дансанд шилжих талаар холбогдох албанаас мэдээлэв.

Үнэт цаасны компанид дансаа нээлгэсэн ч хувьцааны ногдол ашгаа арилжааны банкны ямар дансны дугаараар авахаа баталгаажуулаагүй 600 мянга гаруй иргэн бий аж. Тэдгээр иргэдэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан ногдол ашгаа авах боломжтойг албаныхан мэдээлсэн билээ.

Луйварчид, залилагчид энэ цаг үед зүгээр суугаагүй бололтой. Цахим сүлжээнд “1072 хувьцааны данс нээлгээгүй хүмүүс ebarimt ашиглан мөнгөө авах боломжтой. Тиймээс ebarimt нээж өгнө. Найдвартай шүү”, “Хүүхдийн 1072 хувьцааг 141072 дугаарт регистрийн дугаараа бичиж, зай аваад хүүхдийн мөнгө авдаг дансыг нь бичиж бүртгүүлнэ” гэх мэт худал хуурмаг зар, мэдээлэл олноор цацагдаж буй. Үүнтэй холбогдуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс “Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашгийг ebarimt аппликейшн ашиглан авах боломжтой” гэсэн мэдээллийг ашиглан иргэдийг хуурч, залилан мэхлэх оролдлого гарч байгааг анхааруулав.

Мөн өнгөрч буй долоо хоногт гадаадын орнуудаас ирсэн монгол иргэд тусгаарлалтын нөхцөл байдлыг голж, хэл ам гарган, эсэргүүцлээ илэрхийллээ. Тодруулбал, Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнгөрсөн Лхагва гаригт ирсэн 25 оюутан "Энхсаран" сувилалд тусгаарлагдахгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Мөн өнгөрсөн Пүрэв гаригт “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэд гадаадад гацсан монголчуудаа эх оронд нь авчрахыг шаардаж, өдрийн цай хоолны цагаар хаалган дээрээ гарч, УОК-т иргэдээ хурдан татан авч, ажлаа эрчимжүүлэх шаардлага тавин эсэргүүцлээ илэрхийллээ.

Энэ долоо хоногийн бас нэг онцлох чухал үйл явдал нь Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөлийн хуралдаан байлаа. Бөхийн холбоонд үүссэн зөрчилд цэг тавих цаг тун удахгүй бололтой. Өнгөрсөн Бямба гариг (2020.09.05)-т тус холбооны Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их Эе”-ийн хурлын товоо есдүгээр сарын 19-ний өдрөөр товлож, улмаар холбооны шинэ тэргүүнээ сонгохоо мэдэгдэв.

Б.Бат-Эрдэнэ аварга, Х.Баянмөнх аварга хоёр тохиролцож, 18 жилийн турш үргэлжилсэн, бөхчүүд бус удирдлагуудын хэмжээнд байгаа зөрчилтэй асуудлыг цэгцлэх асуудлаар санал нэгджээ.

Өнгөрч буй долоо хоногт “Covid-19” цар тахлын зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо нэмэгдсэн нь “аюул” ойрхон байгаа бөгөөд маскаа тогтмол зүүж, өөрсдийгөө халдвараас сэргийлэх нь чухал болохыг иргэдэд дахин сануулав.

Өнөөдрийн байдлаар зөвхөн улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байранд нийт 4186 иргэн байгаас Улаанбаатар хотод 3459, орон нутагт 595, Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт 4, Хөвсгөл аймагт 4 иргэн буй юм.

Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 411 ажилтан, алба хаагч ажиллаж байгаа билээ.

ӨМӨЗО-ы дунд сургуулиудад монгол бичгийн хичээлийг хориглож, ихэнх хичээлийг хятад хэл дээр заах шийдвэр гарсныг эсэргүүцсэн хүүхдүүд, эцэг эхчүүд, ард иргэд үзэл бодлоо илэрхийлэн гудамжинд жагссан билээ. Монголд ч тэдний үйлдлийг зөвтгөн дэмжиж буй хүмүүс Хятадын ЭСЯ-ны гадна болсон жагсаалд оролцож, дуу хоолойгоо өргөв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2020-09-06 202.126.90.30

Жагсаал эсэргүулээ сайн зарлахгүйдээ,очих байсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж