Индонез улсын Буудлагын спортын холбооноос зохион байгуулсан онлайн нээлттэй тэмцээнд Монголын 17 тамирчин амжилттай оролцжээ. Тодруулбал, есдүгээр сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд 10 метрийн хийн гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү, Т.Баярцэцэг нар алтан медаль хүртсэн бол А.Түмэндэлгэр мөнгөн медаль хүртсэн байна. Уг тэмцээнийг Индонезийн буудлагын холбоо сар бүр зохион байгуулах аж.
Сонирхуулахад, Монголын буудлагын спортын тамирчдаас “Токио 2020” олимпийн наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү Бээжин хотноо 2019 оны дөрөвдүгээр сард болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарсан юм. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэснийхээ үр дүнд ийнхүү Токиог зорихоор болсон билээ.
А.СҮРЭН