Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гол мөрний усны түвшин 25-45 см даван хүчтэй үерлэж байгаа ажээ. Тодруулбал, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-165 см даван үерийн түвшинд дөхөн үерлэж байна.
Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 25-45 см даван, хүчтэй үерлэж буй аж.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж:
-Урьдчилан сэргийлэх цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар ээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх,
-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд тоглуулахгүй байх,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
-Гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ