Эрдэс баялгийн салбар дахь гайхамшигт 50 эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбар дахь гайхамшигт 50 эмэгтэй

Эрдэс баялгийн салбар дахь гайхамшигт 50 эмэгтэй

Урам зориг бүхий түүхүүдээр эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, нөлөөллийг дэлгэн харуулсан “Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” ном хэвлэгдэн гарч, энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийлээ. 98 жилийн түүхтэй энэ салбарын анхны эмэгтэй уурхайчдын нэг Г.Цэндсүрэнгээс эхлээд Төрийн шагналт, геологич О.Гэрэл, тэсэлгээчин, гавьяат уурхайчин Д.Нарантуяа зэрэг энэ салбарт онцгой мөр үлдээсэн бүсгүйчүүдийн бахархам түүхийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Болд тэргүүтэй өнөө цагийн шилдэг 11 зураачийн бүтээл чимсэн нь нэн сонирхолтой. Энэ номонд “алдартнууд”-аас гадна бичихгүй л бол мэдэхгүй өнгөрч болох эгэл жирийн уурхайчин эмэгтэйчүүдийн төлөөлөл ч багтжээ.

“Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” номыг Канадын Засгийн газрын Мерит төслийн санхүүжилтээр, “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын санаачилга, дэмжлэгтэйгээр “Улбар паблишинг” ХХК эрхлэн гаргажээ.

Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Э.Ивкоф номын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Канад улс бол дэлхийн уул уурхайн корпорациудын тэн хагас нь бүртгэлтэй байдаг томоохон хөрөнгийн бирж бүхий уул уурхайгаар дэлхийд тэргүүлэгч улс юм. Үүгээр зогсохгүй Канад улс нь жендэрийн эрх тэгш байдлыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх үйл ажиллагаагаараа дэлхийд танигдсан улс билээ. Жендэрээс үл хамааран бүх хүнд эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын амьдралд эн тэнцүү оролцох боломж олгох нь Канадын Олон улсын туслалцааны феминист бодлогын амин сүнс нь байдаг юм…

Бид номонд багтсан бодит хүмүүсийн түүхээр дамжуулан эмэгтэйчүүдийн дуу хоолой, дахин давтагдашгүй онцлог шинжийг олж харах болно. Номонд гарах эмэгтэйчүүд нь карьерынхаа замналын өөр өөр шатанд яваа, олон янзын ажил мэргэжил хашиж буй салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл билээ. Эдгээр эмэгтэйчүүд нь залуу эмэгтэйчүүд, охидод салбарт ажиллах болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүдийг нээж, үлгэрлэж буй хүмүүс мөн.

Салбарын эмэгтэйчүүдийн тоо өсөн нэмэгдэх нь ирээдүйд залуу эмэгтэйчүүдэд энэ салбарт орж ажиллах замыг засах сайн талтай…  Эл Гайхамшигт 50 эмэгтэй нь бид аливаа ажлыг үр дүнтэй хийж чадахаа харуулах юм бол эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй болохыг бидэнд харуулж байна. Эдгээр эмэгтэйчүүдийг нэгтгэж буй нэг зүйл бол тэдний салбараа гэх хайр, хүсэл тэмүүлэл билээ.  Монгол Улсад оролцоог хангасан, ил тод уул уурхайг хөгжүүлэхийг миний бие уриалж байна. Та бүхэн энэхүү зорилгодоо хүрэхэд тань Канад улс туслахад үргэлж бэлэн байх болно” гэлээ.

2018 оны судалгаагаар Эрдэс баялгийн салбарт ажиллагсдын ердөө 14 хувь нь эмэгтэйчүүд байна. “Эрчүүдийн салбар” хэмээх тогтсон жишгийг өөрчилж, хэдий цөөхүүлээ ч түүхийн бүхий л цагт эмэгтэйчүүд хамт байсан. Гэхдээ зүгээр нэг хамт байгаагүй, санаачлагч, бүтээгч, манлайлагч байсныг түүх гэрчилнэ. Эрдэс баялгийн салбартай ажил амьдралаа холбож, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан мянга орчим эмэгтэй уурхайчны мэдээллийг нягталж, судалсны үндсэн дээр “гайхамшигт” 50 дүрээ сонгожээ.

Монголын сэтгүүл зүйд мэргэжлийн бичлэгээрээ тод мөр үлдээн, “Mongolian mining journal” сэтгүүл эрхлэн гаргаж, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ыг үүсгэн байгуулсан, нэрт сэтгүүлч Л.Болормаа агсан энэ номын 50 гол баатрын нэг. Номонд түүний тухай: “…“Mongolian mining journal” сэтгүүлийн 100 гаруй дугаар, тэр дундаа Л.Болормаагийн нийтлэлүүдийг он цаг, хөндсөн сэдвээр нь хөөж уншвал эрдэс баялгийн салбар хийгээд, Монгол Улсын хөгжлийн талаарх олон талт, нухацтай хэлэлцүүлэг, он цагийн хэлхээс, олдсон бас алдсан боломжийн өртөг харагдана. Алдсан боломжийн өртөг нь Монгол Улсын хөгжил… Бичиж тэрлэсэн бүхэн нь ойрын хэдэн арван жилдээ хуучрахгүй шинээрээ л. Учир нь тэр ирээдүйгээс ирсэн нэгэн байлаа…”  хэмээн бичжээ.

Охид, хөвгүүдэд геологи, газрын тос, хүнд үйлдвэр, олборлох салбарын олон сайхан мэргэжлүүдээс сонгож, улс орныхоо хөгжилд ижил тэгш хувь нэмэр оруулах боломжтой гэх итгэл үнэмшил, урам зориг өгөхийн тулд энэ номыг бүтээснээ төслийн багийнхан хэлж байсан. Нээлтийн ажиллагаанд Канад, Америк, Англи, Австрали, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл ирж оролцсон нь номын ач холбогдлыг өндрөөр үнэлж буйг илтгэж байлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж