Ахмадын ФУАШТ-ий медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Ахмадын ФУАШТ-ий медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын ФУАШТ шувтаргын тоглолтуудаар үргэлжилж байна. Тэмцээнд нийт 50 баг оролцож таван насны ангилалд медалийн эзэд тодрох юм. Өнөөдөр тэмцээний хагас шигшээн сонирхолтой өрсөлдөөнт тоглолтууд футзалын ордонд боллоо.

Тэмцээний хамгийн залуу буюу 37-42 насны ангилалд хагас шигшээд “Гоёо”, “Спорт сургалтын төв”, “Замчин-Сэлэнгэ” болон “Сүхбаатар” дүүргийн багууд шалгаран үлдээд байсан билээ.  Ингээд оноолт ёсоор “ССТ” ба “Гоёо” багууд эхлэн тоглолоо. Эхнээсээ л ширүүн эхэлсэн тоглолт төгсгөлдөө ч мөн өндөр темптэй байж чадлаа. Эхлээд 7 дахь минутанд Г.Даваа-Очир гоолын салхийг нээсэн ч ердөө 3 минутын дараа С.Мөнхбаатар тоог тэнцүүлсэн юм. Энэхүү тоо төгсгөлийн 4 секунд хүртэл өөрчлөгдөөгүй юм. Цаг дуусах мөчтэй зэрэгцэн  “Гоёо” багийн тамирчин бөмбөгөнд гар хүрсэнээр шүүгч Р.Жаргалсайхан торгуулын цохилтыг заасан. Ингээд С.Мөнхбаатар цохилтоо амжилттай болгосноор 2-1 харьцаатай хожиж аваргын төлөө шалгаран үлдлээ.

Уг тоглолтын дараа энэ насны хагас шигшээн сүүлийн тоглолт “Замчин-Сэлэнгэ” ба “Сүхбаатар” дүүргийн багуудын хооронд боллоо. С.Пүрэвсүх тоглолтын эхний минутанд гоолдож улмаар А.Тамир, С.Баярсайхан нар дараалсан гоолыг эхний 10 минут хүрэхгүй хугацаанд хийсэн нь том тэргүүлэл байлаа. Ордонд цугласан үзэгчид уг тоглолтыг маш эрт өндөрлөх болов уу гэсэн таамгыг гаргаад байсан ч ийм зүйл болсонгүй. С.Батзориг эхний хагас өндөрлөхөөс өмнө тоог ойртуулж чадсан.

Харин 2-р үед Д.Эрдэнэ-Очир маш богино хугацаанд тоог тэнцүүлсэн. Жинхэнэ өрсөлдөөн эндээс эхэлсэн. Урд шугаманд Жээгий буюу С.Пүрэвсүх уран гоё тогтоол цохилтыг хийж байсан ч үр дүн гарсангүй. Гэхдээ С.Гэрэлт-Од хаалгачийн өмнүүр бөмбөгийг мөргөж чадсанаар дахин тэргүүллээ олж авсан. Хамгаалаад л дуусах байсан ч Тамирын арагш дамжуулсан бөмбөг эсрэг багийн тамирчинд хүрсэнээр гоол болж тоо тэнцсэн юм. Ингээд үндсэн цагт нэмж гоол орсонгүй багууд торгуулын цохилтоос ялагчаа тодруулахад Сүхбаатар 3 цохилтыг хааж чадсанаар ялагч боллоо. Тэд аваргын төлөө “ССТ” багтай маргааш тоглох болно.

Тэмцээний 43-48 насны ангилалд хамгийн олон буюу 16 баг оролцсон. Улмаар хагас шигшээд Дархан-Уул аймаг Гоёо багтан тоглон 2-0ээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө тоглохоор болж байна. Гоёо багаас Я.Батжаргал, Г.Өнөбаяр нар гоол оруулжээ. Тэдэнтэй шигшээ тоглолтонд  “Хасын Хүлэгүүд” баг тоглохоор боллоо. Учир нь тэд “Эрчим” клүбийг 2-1 харьцаатай хожсон байна.

Тэмцээний 49-54 хүртэлх насны хагас шигшээд “Соёмбын Барсууд” баг “Оюутан” багтай тоглолоо. Тус тоглолтын ялагчийн хувь заяа мөн л торгуулын цохилтоор шийдэгдлээ.  Оюутан баг ердөө нэг цохилтыг амжилттай болгосон бол эсрэг баг нь гурван гоол оруулж тэмцээний аваргын төлөө шалгарлаа. “Соёмбын Барсууд” багтай шар медалийн төлөө Замчин баг тоглохоор болж байна. Тэд энэ удаа “Хөдөлмөр” багийг 6-1ээр буулгаж авлаа.

55-59 хүртэлх насанд ердөө гурван оролцсон бөгөөд тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Одоогийн байдлаар “Соёмбын Барсууд” баг хоёр тоглолтыг хийж 3 оноотой байгаа бол “IBC” нэг хожилтой өөрийн насандаа түрүүлэх боломжтойгоор бичигдэж байна. Маргаашийн тоглолтонд тэд Замчин багтай тэнцэхэд л аварга болох юм.

Хамгийн өндөр нас буюу 60-аас дээш насанд “Сансар” болон “Ар Цант” багууд аваргын төлөө мөн шалгаран үлдлээ. Харин “Найрамдал – Багануур”, “Соёмбын Барсууд” багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөх болно.

Медалийн төлөөх тоглолтууд маргааш өглөө 09:00 цагаас эхэлнэ. 

 

ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж