Герман Навальныйтай холбоотой асуудлаар Оросыг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.06-нд нийтлэгдсэн

Герман Навальныйтай холбоотой асуудлаар Оросыг сүрдүүлэв

Герман Навальныйтай холбоотой асуудлаар Оросыг сүрдүүлэв

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас “ОХУ ойрын өдрүүдэд Алексей Навальныйтай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, ямар нэг арга хэмжээ авахгүй бол Герман түншүүдтэйгээ хариу арга хэмжээ авах болно” гэж Ням гаригт “Bild am Sonntag” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр энэ хэрэгт Оросын төр оролцсон эсэх талаарх асуултад "Үүнийг нотлох хангалттай баримтууд бий" хэмээн хариулж, өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Германы сайд "ОХУ-ын засгийн газар энэхүү хүнд гэмт хэргийг мөрдөн шалгахыг бид хүлээж байна. Хэрэв халдлагад ямар ч холбоогүй бол түүнийгээ нотлох хэрэгтэй. Хэрэв Оросын тал Навальныйд тохиолдсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй бол энэ хэрэгт Оросын төрийн оролцоо байсны бас нэг нотолгоо болно" гэжээ.

ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Бундесвер буюу Зэвсэгт хүчний лаборатори “Charite” эмнэлгийн санаачилгаар Алексей Навальныйгаас хортой бодис илрүүлэх шинжилгээ авсан тухай Германы засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэн билээ. Тэрбээр “Алексей Навальныйгаас “Новичок” бүлэгт хамаарах мэдрэл саажуулах хортой бодис илэрсэн” гэж мэдээлсний дараа тус улсын Засгийн газраас хохирогчид юу тохиолдсоныг олж илрүүлэхийг Оросын эрх баригчдад уриалсан билээ.

Герман Алексей Навальныйтай холбоотой хэргийн талаарх шинэ мэдээллийг Европын холбоо, НАТО болон Химийн зэвсгийг хориглох байгууллагад өгч, энэ хэрэгт Москва ямар алхам хийхээс шалтгаалан түншүүдтэйгээ арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков "Алексей Навальныйг хордуулсан талаар Германаас мэдээлэл аваагүй" гэж мэдээлсэн юм.

Оросын тал өмнө нь, болсон хэргийг мөрдөн шалгах хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа мэдэгдсэн бөгөөд Ерөнхий прокурорын газрын хүсэлтэд Германы өгөх хариуг хүлээж байгаа тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам цохон тэмдэглэжээ.

Оросын шинжээчид Алексей Навальныйгийн биеэс болон эд зүйлээс нь ямар нэгэн хортой бодис илрүүлээгүй. Цагдаа нар ч түүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсныг нотлох баримт олоогүй байна.

“Томск-Москва” хотын чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд сууж явсан Алексей Навальныйгийн бие тавгүйрхэж, наймдугаар сарын 20-нд эмнэлэгт хүргэгдсэн. Ухаангүй байдалтай байхад нь түүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ.

Түүнийг наймдугаар сарын 22-нд Германы Берлин хотын “Charite” эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд тус эмнэлгийн эмч нар Алексей Навальныйг хордуулсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Алексей Навальныйг “холинестеразын дарангуйлагчид” хэмээх бодисын идэвхтэй бүлгээс гаралтай бодисоор хордуулсан болохыг шинжилгээний дүн нотолсон ч яг ямар төрлийн бодис гэдэг нь тодорхойгүй байна хэмээн тухайн үед Германы эмч нар мэдэгдэж байв.

Оросын сөрөг хүчний удирдагчийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Умардын урсгал-2” төслийн хэрэгжилтийг эсэргүүцэгчид Германы канцлер Ангела Меркельд үзүүлэх шахалтаа улам нэмэгдүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Ангела Меркель улс төр, бизнес хоёрыг ялгаж салгаж ойлгох шаардлагатайг дурдаад, “Умардын урсгал-2”-ыг дуустал нь барих ёстой гэж мэдэгдсэн билээ.

Германы гадаад бодлогын нийгэмлэгийн захирал Даниэл Шварцер “Умардын урсгал-2”-ыг барих ажлыг зогсоох тухай АНУ-ын шаардлагад Ангела Меркель бууж өгөөгүй. Гэсэн ч Алексей Навальныйтай холбоотой хэргийн нөхцөл байдал Ангела Меркелийн хувьд Вашингтоны байр суурийг хүлээн зөвшөөрөх бас нэгэн шалтгаан болов. Тийнхүү “Умардын урсгал-2”-ыг тойрсон маргаан дахин анхаарлын төвд орлоо” гэж хэлжээ.

Эх сурвалж: NEW YORK TIMES, TASS, REUTERS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж