Долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
Д.СУМЪЯАБАЗАР: БИ ХОТЫН ДАРГА БОЛОХГҮЙ
Хэдхэн хоногийн дараа орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазараас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
–Орон нутгийн сонгууль ойртож байгаа энэ үед бэлтгэл ажил хангагдаж байгаа юу?
-Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд намаа удирдаж орох ёстой. Энэ үүрэг чиглэлийг ч намын дарга У.Хүрэлсүх өгсөн. Нийслэлийн сонгуулиа удирдаж чамбай зохион байгуулж, хууль эрх зүйн хүрээнд нь холбогдох тойрог хэсгийн хороонуудтайгаа нягт хамтарч ажиллана. Улаанбаатар хотод 171 анхан шатны байгууллага, есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгаа. Улаанбаатар хотын тулгамдаж байгаа олон асуудал бол манай улсын тулгамдаж байгаа гол асуудлуудын цөм болсон. Тийм учраас 1.5 сая иргэнтэй Улаанбаатар хотын ирээдүй, хотын хөгжлийн асуудлыг нухацтай авч үзэж төсвийн бие даасан байдал руу бид оруулах ёстой.
Хотын эдийн засгийн байдлыг бид онцгойлон авч үзэх ёстой. Хотод дотоодын нийт бүтээгдэхүүний 67 хувь, улсын хүн амын 50 орчим хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн 75 хувь нь буюу 120-иод мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"EBARIMT АПП АШИГЛАН, НОГДОЛ АШГАА АВАХ БОЛОМЖТОЙ"
“Эрдэнэс-Тавантолгой” компани нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашиг олгосон. Гэхдээ 10 хувийн татвар суутгагдаж, 81 төгрөгөөр бодогдож, иргэдийн дансанд өчигдөр (2020.09.03)-өөс орж эхэлсэн билээ. Бид 1072 хувьцаа тойрсон асуудлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн данс руу шилжиж эхэллээ. Одоогийн байдлаар хэчнээн иргэн ногдол ашгийн мөнгөө аваад байна вэ?
-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны бичилтийг 2011 оноос хойш хийж эхэлсэн. Үүнтэй холбоотой бүх бүртгэл манай төвд бий. Өнгөрсөн онуудад оюутны сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөг, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн бүх мэдээллээр хасалтуудыг хийсэн. Өнөөдрийн байдлаар хоёр сая 300 мянган иргэн төвлөрсөн хадгаламж дээр данстай байна. Үүнээс нэг сая 888 мянган иргэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшдэг данстай. Үлдсэн нь өөр хувьцааны данстай гэсэн үг. Бид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2019 оны ногдол ашгийг тараах ажлыг зохион байгуулж, бэлтгэл хангасан. Тиймээс нэн тэргүүнд үнэт цаасны компанид дансаа нээлгэсэн нэг сая 170 мянган иргэний данс руу ногдол ашгийг шилжүүллээ. Бид шууд иргэдийн данс руу ногдол ашиг шилжүүлээгүй. Баталгаажуулахын тулд “Төрийн банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк, “Капитрон” банк, “Хаан” банк зэрэг нэр бүхий зургаан банктай мэдээлэл солилцох гэрээ хийсэн. Бид нийт 13 арилжааны банктай хамтран ажилласан. Үнэт цаасны компаниудаас ирсэн мэдээллийг арилжааны банк руу явуулснаар “Энэ хүний данс үнэн зөв, баталгаатай байна” гэж баталгаажуулсан. Наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 859.139 иргэний баталгаатай дансыг Төрийн сан дахь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данснаас багцын гүйлгээгээр өчигдөр (2020.09.03) шилжүүлж дууслаа. Банкны тухай хуулиар гурав хоногийн дотор гүйлгээ амжилттай болсон гэсэн мэдээлэл бидэнд ирдэг учраас одоогоор хэчнээн хүн 1072 хувьцааны ногдол ашгаа авсан гэдгийг хэлэхэд эрт байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"БАГШ НАРЫН ЯЛГАВАРЛАЛ ХҮҮХДЭД СТРЕСС, ДАРАМТ БОЛДОГ"
Бага насны хүүхдийн сэтгэлзүйн онцлогийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Хэрэглээний албаны сэтгэлзүйч Г.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Цар тахлын улмаас сурагчид долоон сарын дараа анги танхимдаа цугларч байна. Зургаан настнуудын хувьд эцэг эхийнхээ гараас сурагчийн ширээнд сууна гэдэг амаргүй болов уу. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн бэлдэх вэ?
-Сургуульд орно гэдэг хүүхдийн амьдралд маш чухал өөрчлөлтийн үе. Тиймээс ч шинэ тодорхойгүй орчинд хүүхэд сэтгэл нь түгшиж стресстдэг. Өмнө нь гэртээ, тоглоомын талбайд тоглодог байсан хүүхэд сургуулийн орчинд олон хүүхэдтэй харилцахаас эхлээд 2-3 цаг сууж хичээл хийж сурах, шинэ дүрэм журамтай танилцах зэрэг маш олон жижиг мэт зүйлст дасан зохицож сурах хэрэгтэй болно. Зөвхөн эцэг эх, эмээ өвөөтэйгээ харилцдаг байсан хүүхэд сургуулийн орчинд багш, менежер, сургуулийн манаач зэрэг өөр хүмүүстэй харилцаж эхэлнэ.
Нэг үгээр хэлбэл, шинэ, тодорхойгүй орчинд хүүхэд дасан зохицохын тулд стресстдэг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургуульд оруулахаас нь өмнө сургуулийн орчны талаар ярьж, хичээл нь хэдэн цаг үргэлжлэх, ээж аав нь хэдэн цагт ирж авах, хичээлийн үеэр бие засах хэрэгтэй бол багшаасаа хэрхэн асуух, мэдэхгүй зүйл байвал багш, аав ээжээсээ асуух хэрэгтэй. Энэ мэт жижиг боловч чухал мэдээллүүдийг хүүхдэдээ өгч, ойлгомжгүй зүйл байна уу гэдгийг нь асууж байх хэрэгтэй. Хүүхдэдээ сургуульд орж байгаа нь үүрэг хариуцлага, онц сурах хэрэгтэй зэргээр дарамт өгч болохгүй. Энэ нь хүүхдийг айлгаж, түгшүүр үүсгэдэг. Тиймээс сургуульд орох нь баяртай үйл явдал гэдгийг ойлгуулж хүүхдэдээ сурах урам зориг хайрлах хэрэгтэй. Бид ч бас шинэ орчинд, шинээр ажилд орохдоо сэтгэл түгшиж, стресстдэгтэй адил зургаан настнууд ч бас сургуульд анх ороход түгшиж, стресстдэг. Тиймээс шинэ орчиндоо дасан зохицоход сэтгэлзүй тайван байх нь чухал. Сургуульд хүүхэд эцэг эхийн тусламжгүй биеэ дааж, үеийнхэнтэйгээ харилцаж, олон хүүхдийн дунд биеэ авч явч сурдаг. Сургуульд орж буй хүүхдийнхээ сэтгэлзүйг бэлдэнэ гэдэг нь сэтгэлзүй тогтвортой байхыг л хэлж байгаа юм. Ямар нэгэн зүйлээс айж сандрахгүй тайван байх нь хүүхдэд чухал. Гэтэл эцэг эхчүүдийн хувьд сургуулийн талаар хүүхдэдээ буруу тайлбарлаж, хүндрүүлж ойлгуулах алдаа гаргах хандлагатай байдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН БОСГО ОНООГ ӨӨРЧИЛНӨ"
Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төрийн албаны шалгалт болон сонгон шалгаруулалтад бэлтгэх иргэдийн ширээний ном болсон Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага анх удаа цахим хэлбэрээр гарлаа. Энэхүү шалгалтын сорилын цахим номын онцлог нь юу вэ?
-Шинээр хууль, тогтоомж батлагдан гарахын зэрэгцээ зарим хуульд өөрчлөлт орж, хүчингүй болсон тул төрийн албаны шалгалтын сорилын цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн гаргаад байна. Нөгөөтээгүүр төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдэд ерөнхий шалгалтад бэлдэх боломжоор нь Төрийн албаны зөвлөлөөс хангах үүрэгтэй. Үндсэндээ төрийн албаны шалгалтын сорилын цахим номд 3 мянга орчим сорил шинээр нэмэгдсэн. Шалгалтад бэлдэж буй зарим иргэний хувьд цахим хувилбарыг маш таатайгаар хүлээж авч байна. Шалгалтад оролцогчдод холбогдох эх сурвалж, ном зохиол, эрх зүйн баримт бичгийг бие даан судалж мэдлэгээ бататгах, шалгалтад үр дүнтэй бэлтгэх явдлыг дэмжих үүднээс сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийг энэ удаад цахим номд оруулахгүйгээр уншуулах, судлуулах боломжийг нээсэн нь мөн онцлогтой. Төрийн албаны зөвлөлийн сайтад өдөрт нэг хуулиас 25 сорил орж байгаа учир түүнээс ажиллах боломжтой.
Зарим иргэний зүгээс Төрийн албаны шалгалтын сорилын цахим номыг цаасан хэлбэрээр нь ашиглах хүсэлтэйгээ илэрхийлж байна. Хэрэв сорилын цахим номыг хэвлэж худалдаалбал нэг ч төгрөгийн ашиг байх ёсгүй гэж бид үзэж байгаа. Үйлдвэрийн зардлын үнээр иргэдэд хүргэх талаас нь судалж байна.
Гуравдугаарт, өмнө нь Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилын гарын авлагуудад зөвхөн хууль, эрхзүйн мэдлэг, төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль тогтоомжуудтай холбоотой сорилууд, мөн монгол хэл, бичгийн мэдлэгийг шалгах тестүүд ордог, бусад агуулга нь жишиг тестээр ордог байсан. Тэгвэл энэ удаагийн шинэчлэгдсэн шалгалтын сорилын цахим номд ерөнхий шалгалтын гурван бүрэлдэхүүн шалгалтын бүх сорилыг багтаасан.
Шинэчлэгдсэн цахим номоос хэн хамгийн сайн бэлдэнэ тэр шалгуулагч тэнцэх магадлал нь маш өндөр. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны шалгалтын сорилын цахим номоос шалгалтын бүх даалгавар орно гэж ойлгох хэрэгтэй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Зуны улиралд ч эдгэхгүй, харшилтай андуурагддаг ханиадны талаар болон томуу, томуу төст өвчний талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины клиникийн их эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэлтэй ярилцлаа
-Сүүлийн үед хоолой өвддөг ханиад их байна. Энэ нь ямар вирусээр үүсгэгдсэн ханиад вэ?
-Томуу, томуу төст өвчин гэдэг нь агаар дуслын замаар дамжин халдварладаг амьсгалын замын цочмог вирусийн халдвар. Томуу, томуу төст өвчин нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Халдварт өвчин учраас өвчтэй хүн, эсвэл амьтнаас халдварлаж байна гэж үзэж байгаа. Дэлхийн түүхэнд 1918 онд Испанийн хар тахал, 1957 оны Азийн хар тахал, 2009 онд гахайн томууны цар тахал болсон. Энэ нь амьтны вирус нь хүний биед нэвтрээд халдвар үүсгээд, улмаар мутацид орж, хүнээс хүнд дамжин халдварлаж, олон хүн нас барсан тохиолдлууд бий. Covid-19-ийг амьтнаас халдварласан гэж үзэж байгаа.
Томуугийн улирал нь аравнэгдүгээр сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл буюу хүйтэн сэрүүнд тохиодог. Учир нь, томуу өвчин үүсгэгч нь А, В, С хүрээнийх гэж байдаг.
А хүрээний томуу үүсгэгч вирус нь -70 хэм хүртэл тэсвэртэй байж чаддаг. Тиймээс хүйтэн сэрүүнд, агаар дуслаар дамжин хүнээс хүнд халдварладаг. Халдварлалт нь 99 хувьтай байдаг. Дархлааны тогтолцооноос үл хамаарч аль ч насны, ямар ч хүн уг вирусээр өвчлөх магадлалтай.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
“ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ИРГЭДИЙГ ГАЛБИРЖУУЛНА ГЭЖ ХЭЛЭХГҮЙ”
Хилийн чанадад байгаа монголчууд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, 21 хоног тусгаарлагдаж буй. Тэдний дундаас нэгэн тамирчин хос тусгаарлалтад байгаа иргэдийг дасгал хөдөлгөөнөөр дамжуулан багахан ч гэсэн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд нь туслахаар лайваар хичээл зааж эхэлжээ. Кроссфитын мэргэжлийн багш, дасгалжуулагч, Д.Доржнамжим “Хүмүүсийг учиргүй турааж, галбиржуулна гэж хэлэхгүй. Хөл хорионы үед тогтмол дасгал хийснээр бие болоод сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлнө гэж найдаж байна” гэсэн юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.
-Та эх орондоо хэзээ ирэв?
-Би эх орондоо наймдугаар сарын 29-ний тусгай үүргийн нислэгээр ирсэн. Сүүлийн зургаан жилийн турш Филлипинд сурч, ажиллаж байсан. Миний хувьд кроссфитын мэргэжлийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, тамирчин хүн.
-Эх орондоо ирээд хаана тусгаарлагдаж байна вэ?
-Бид “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байгаа.
-Тусгаарлалтад байх хугацаандаа эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх уриалга гаргажээ. Одоогоор хэчнээн хүн нэгдээд байгаа бол?
-Тусгаарлалтын 21 хоног тийм ч богино хугацаа биш. Тиймээс тусгаарлалтад байгаа хүмүүстээ дасгал хөдөлгөөнөөр дамжуулж багахан ч гэсэн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд тус болох үүднээс өөрийн чадах зүйлээрээ тус болохыг хүссэн юм. Энэ санаачлагыг дөнгөж эхлүүлж байгаа учраас одоогоор фэйсбүүк группт маань 200 гаруй хүн нэгдээд байна. Ямар ч байсан аль болох тогтмол бэлтгэлийн хуваарь гаргаж, найз бүсгүйтэйгээ түвшин түвшинд нь зориулж дасгал хийж байна. Жишээлбэл, би тогтмол дасгал хийдэг хүмүүст арай хүндэвтэр дасгал хийдэг бол найз бүсгүй маань дасгал хийдэггүй болон илүүдэл жинтэй, настай хүмүүст арай хялбаршуулсан хувилбараар дасгалаа зааж байна. Хичээлийн хувьд үндсэн дасгал 25-30 минут, бэлтгэлийн өмнө халаалт болон бэлтгэлийн дараах сунгалт тус бүр 10 минут орчим нийт 45-50 минут үргэлжилнэ. Одоогоор дагаж хийж байгаа хүмүүс “Хөлс гараад сайхан байна. Маргааш дахиад хийнэ” гэж байсан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"САГСАН БӨМБӨГ УЛС ТӨРИЙН ХАМААРАЛТАЙ БОЛСНООС ХОЙШ АСУУДАЛ ҮҮССЭН"
Монголын сагсан бөмбөгийн SBL Хасын хүлгүүд багийн тамирчин, Tommy’s basketball acamdemy-ийн үүсгэн байгуулагч, ОУХМ Баттүвшиний Билгүүнтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа хэд хоногийн өмнө зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн "B" зэрэглэлийн тэмцээний үеэр болсон асуудлаас эхлүүлье гэж бодлоо. Яг юу болоод өнгөрсөн бэ?
-Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан зохион байгуулагдсан “B” зэрэглэлийн УАШТ-д Tommy’s basketball academy баг оролцсон юм. Энэ багийг О.Баярцогт дасгалжуулагч болон бид хоёр шинээр байгуулаад сар орчмын л хугацаа өнгөрч байна. Баг маань насанд хүрэгчдийн B зэрэглэлийн УАШТ-д оролцон эхний тоглолтоо дуусгасны дараа Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос танай багийн дасгалжуулагчтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийгээ надад мэдэгдэхдээ “Танай баг өөр дасгалжуулагчтай тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой” гэсэн. Тухайн үед нь хүмүүс энэ асуудлыг дэвэргээд өмнөх асуудлуудтай холбоод надаас асууж эхэлсэн л дээ. Миний хувьд үүнтэй холбогдуулан Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай холбогдож, ямар үндэслэлээр ингэж байгаа юм бэ гэж тайлбар сонсох гэж хоёр хоног араас нь утсаар залгаад, мессэж бичээд холбогдож чадаагүй. Харин тус тэмцээний зохион байгуулалт хариуцсан Б.Нямхорол, Д.Лхагва-Очир гэх хоёр хүнтэй холбогдож тайлбар сонсохыг хүссэн. Би тэдний тайлбарыг ойлгоогүй, бас үндэслэлгүй санагдсан. Сагсан бөмбөгийн холбоо нь хоёр ангид байгаа энэ үед дахиад асуудал гаргахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. “Бид танай холбооны үйл ажиллагааг дэмжээд зохион байгуулж буй тэмцээнд чинь оролцож байна. Ямар нэгэн хэрүүл, маргаан хийгээд байх шаардлагагүй” гэдгээ илэрхийлэн, итгэл найдвартайгаар хариу хүлээж байсан. Боломжтой юм шиг нааштайгаар хүлээн авсан боловч сошиалаар дамжуулан хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн байсан. Миний хувьд гэлтгүй уг тэмцээнд оролцож байсан хүүхдүүдэд харамсалтай шийдвэр байсан. Монголд сагсан бөмбөгийг хөгжүүлье гэж байнга ярьдаг хүмүүсээс гарахааргүй л шийдвэр гарсан гэж бодож байна даа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"СПОРТЫН ТӨВ ОРДОН ЗААЛ ТҮРЭЭСЛЭДЭГ ГАЗАР БОЛЧИХСОН"
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо/МҮСБХ/-ны хөгжлийн бодлого гадаад харилцаа хариуцан ажилладаг, 21 аймгийн үндэсний дээд лигийн комиссар Өлзийбаярын Мөнхчулуунтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Насанд хүрэгчдийн “B” зэрэглэлийн тэмцээнийг тойрсон асуудал үүссэн. Энийг ярихаасаа өмнө тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. “В” зэрэглэлийн УАШТ бол мэргэжлийн түвшний тэмцээн биш. Ерөнхийдөө зохион байгуулагдаад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа тэмцээн. Яагаад “В” зэрэглэл гэж нэрлэсэн вэ гэхээр 21 аймгийн үндэсний Лигийн Тэргүүн хэсэг болон Гоё дээд лигийн тамирчид оролцохгүй боломжгүй, харин тэрнээс доошхи бусад бүх лигийн тамирчид оролцох боломжтой тэмцээн юм.
-Энэхүү тэмцээний үеэр О.Баярцогт дасгалжуулагч болон Tommy’s basketball academy-ийн багтай холбоотой зөрчилдөөн гарсан. Юу болсон юм бэ?
-Хүмүүсийн дунд зөрчилдөөн үүссэн гэх ойлголт байсан л даа. Харин дүрэм журмынхаа хувьд зөрчилдөөн биш. 2017 онд зөвхөн манай холбооноос гадна Монгол дахь бүхий л түвшний тэмцээн уралдааныг шүүн явуулдаг Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооноос О.Баярцогт дасгалжуулагчтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ манай холбоонд болон О.Баярцогт дасгалжуулагчид өөрт нь албан бичгээр мэдэгдсэн. Яг тэр дүрмийнхээ дагуу л энэ асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг. Манай холбооны бүх тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо шүүн явуулдаг. Бид нар хамтран ажиллаж буй байгууллагынхаа дүрэм журам, эрх ашгийг, байгуулсан гэрээнийхээ дагуу зөвшөөрөх ёстой. О.Баярцогт дасгалжуулагчийг сайн багш, дасгалжуулагч гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэвч өнөөдөр 21-р зуунд хүний эрх, ёс суртахууны маш том үлгэр дуурайлал үзүүлэх ёстой хүн. Өмнө нь хэд хэдэн удаа манай холбооноос зохион байгуулж байсан үйл ажиллагаанууд дээр эсрэг багийнхаа тоглогч, дасгалжуулагч руу дайрах, тэмцээнийг зохион байгуулагчид болон шүүгчид руу дайрах гэх зэрэг явдлуудыг удаа дараа гаргаж байсан. Энэ бүх үйлдлүүдийнх нь үр дүн 2017 онд албан бичгээр гарсан гэсэн үг. МҮСБХолбоо ч гэсэн нөхцөл байдлыг нь ойлгон, гаргасан журмынхаа дагуу 2017 оноос хойш ажиллаж байна. Би ч гэсэн өөрийн сошиал хаягаараа дамжуулж бичсэн. О.Баярцогт дасгалжуулагч ч мэдэж байсан ч тэмцээн дээр хүрээд ирсэн. Хүмүүст “Багийг нь тоглуулахгүй байна” гэхчилэн их буруу мэдээлэл өгсөн байсан л даа. Бид хаа байсан гурван жилийн өмнө энэ дасгалжуулагчтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ журмынхаа дагуу л дасгалжуулагчтай хамтран ажиллахгүй гэсэн. Тэрнээс биш Tommy’s basketball academy-ийн багт ямар нэгэн хориг тавиагүй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ