“Эрдэнэс-Тавантолгой” компани нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашиг олгосон. Гэхдээ 10 хувийн татвар суутгагдаж, 81 төгрөгөөр бодогдож, иргэдийн дансанд есдүгээр сарын 3-аас эхлэн орж эхэлсэн билээ.
Монгол Улсын хоёр сая 512 мянган иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас банкны дансаа хувьцааны данстайгаа холбосон нэг сая 170 мянган иргэний данс руу ногдол ашиг эхний ээлжид ороод байна. Дараагийн ээлжийн иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг ирэх долоо хоногт данс руу нь шилжих юм.
Ингэхдээ хувьцааны дансгүй иргэд Ebarimt системд бүртгэлтэй дансны дугаараа холбож, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа авах боломжтой.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.БАЙГАЛМАА:
-Зөвхөн ebarimt системд бүртгэлтэй дансны эзэн л 1072 хувьцааны ногдол ашгаа авна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа Монгол Улсын 2.5 сая 12 мянган иргэнд олгогдсон. Тийм учраас гэр бүлийн бусад гишүүн үнэт цаасны компанид дансаа нээлгэж, банкны дансаа баталгаажуулж болно. Үнэт цаасны компанид та данс нээлгэснээр 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Ер нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд 1072 хувьцаагаа бусдад бэлэглэх, зарж борлуулах, зээлийн барьцаанд тавих, өвлүүлэх эрх нь үүснэ. Нас барсан иргэдийн хувьд үр хүүхдүүддээ бэлэглэж, өвлүүлэх эрх үүсэх юм. Тэр тохиолдолд та үнэт цаасны компанид данстай байх ёстой. Тэр дансаар дамжин бүх үнэт цаасны шилжүүлэг хийдэг гэсэн зөвлөмж өгье.
Холбоотой мэдээ