Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 50 орчим компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар оролцогчид тусгай зөвшөөрөл олгох шалгуур, эрчим хүчний шугам угсралтын ажлын шалгаруулалт, гүйцэтгэлийн чанар болон дулааны засвар үйлчилгээг хийхэд хэрхэн хамтран ажиллах, тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар харилцан саналаа солилцлоо. Сайд Н.Тавинбэх “Тусгай зөвшөөрлийн суурь шаардлагыг уян хатан болгоход анхааран, нээлттэй санал авч байгаа тул саналаа ирүүлэх хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
“Эрчим маш” ХХК-ийн захирал Б.Ганбаатар тусгай зөвшөөрөл олгох нөхцлийн асуудлыг эргэж харах, тусгай зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэхийг санал болгосон бол “Хасу мегаватт” ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш Эрчим хүчний барилга угсралтын төсвийн үнэлгээ бага байдгаас компани хөгжих бололцоо олддоггүй. Эрчим хүчний салбарт хөдөлмөрлөж яваа хувийн хэвшилд анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүслээ. Мөн “МЭЗ” ХХК-ийн захирал Д.Ганбаатар төсөв зохиох аргачлалаа өөрсдөө боловсруулах, төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдөхөө больж, ашиглалтаа хариуцах, Дулааны цахилгаан станцын захирлууд тендерийн үнийн тарифыг батлахдаа доогуур тогтоодгийг залруулах хэрэгтэйг уламжлав.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тусгай зөвшөөрлийн хугацааг нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдэд үндэсний компаниудын оролцоог нэмэгдүүлэх, боловсон хүчний бодлого алдагдсаныг залруулах, тендерийн шалгаруулалтыг шударга зарчимтай явуулахад анхаарахаа тодотгов.
2020 оны наймдугаар сарын 31-ний байдлаар Эрчим хүчний салбарт 477 аж ахуйн нэгж, байгууллага 962 нэр төрлийн ажил үйлчилгээ эрхэлж байна. Нийт тусгай зөвшөөрлийн 37% нь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 12% нь зуухны угсралт, 11% нь даралтат савны угсралт , 15% нь дулааны шугамын тусгай зөвшөөрөл эзэмшигчид байна. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 2018 оны зургадугаар сараас цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэ он гарснаас хойш 34 зөвшөөрөл шинээр олгож, 115 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.
Холбоотой мэдээ