"Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” хурал болов

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

"Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” хурал болов

"Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” хурал болов

“Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал Нийслэлийн Хангарьд ордонд боллоо. Уг хурлаар XX зууны Монголын түүхэнд учирсан улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний учир шалтгаан болон хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх үйл хэрхэн өрнөсөн талаар хэлэлцэв.

Тэр дундаа Егүзэр хутагт Ж.Галсандашийг хэрхэн хэлмэгдүүлсэн болон түүний намтар түүх, улс төр, шашны нөлөө зэргийг онцлон ярилцсан юм.  Эрдэмтэн судлаачид, Монголд 1937 оны их хэлмэгдүүлэлт, цуст яргалал Егүзэр хутагтыг цаазалснаар эхэлсэн хэмээн үзэж байна. Их хэлмэгдүүлэлтийн сүүдэр одоо ч арилаагүйг хуралд оролцогчид хэлж байв.

Егүзэр хутагт Жамсранжавын Галсандаш нь Сэцэн хан аймгийн Хурц Вангийн хошууны (одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум) нутагт төрсөн. Халхын тамгатай хутагтуудын нэг бөгөөд 1872 онд Егүзэр хутагт хувилгаанаар тодорч, 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн байна. Тэрбээр Богд хааны зарлигаар 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож, Өвөрмонголын олон хошууг Монгол Улсад дагаар оруулах үйл хэрэг явуулж байжээ.

Түүнийг 1930 оны зун баривчлан хорьж, Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан хилс хэрэг тулган, хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны тавдугаар сарын 18-ны өдрийн дөрөвдүгээр тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж