Монголын бурхан шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг нь Чойжин ламын сүм музей. Эдүгээ Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн энэхүү түүхэн дурсгалт барилгын хана тааз чимээгүйхэн ёолж, хүнээр зүйрлэвэл сэхээн амьдруулах тасагт байв. Харин одоо музей өнгө засч, дахин сэргэжээ. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 30 гаруй эрдэмтний хамтарсан судалгаа, нөр их хөдөлмөрийн үр дүнд музейн сэргээн засварлалт тохижилтод анхаарч эхэлснээр ногоон байгууламж, явган хүний зам талбайг шинээр тохижуулсан байна. Тодруулбал, “Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 8500 м.кб ногоон байгууламж, 3000 гаруй бут сөөг, 1600 м.кб явган хүний зам, сүмийн гадна орчныг тодруулсан барилгын фасад, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажилд нийт 1.1 тэрбумыг зарцуулсан байна.
Мөн музейн гол түүхэн дурсгалт барилга болох Ядам сүм ба Дунд хаалгыг 2021-2022 онд сэргээн засварлахаар болжээ. Өдгөө 110 жилийн түүхтэй Чойжин ламын сүм музей нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн өв юм. Тус музей нь яаралтай хадгалж хамгаалах шаардлагатай дэлхийн 25 газрын нэгд тооцогддог.
Өв соёлын дурсгалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд Ядам сүм ба Дунд хаалгыг сэргээн засварлахад АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжилт бүрдүүлэх юм байна.
Үндэсний өв соёл, түүхэн үнэт дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөрийг анх М-Си-Эс групп 25 жилийн ойгоороо 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Уг хөтөлбөрт Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголын урлагийн зөвлөл хамтран ажиллаж байгаа юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нэг жилийн хугацаанд Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбумын тэтгэлэг олгожээ. Түүх соёлын үнэт дурсгалт зүйлсээ хадгалж хамгаалахад зөвхөн төрөөс анхаарах биш, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж болохыг “Өв эрдэнэ” хөтөлбөр үлгэр жишээ болон харуулсан юм.
Хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар өнөөдөр /2020.09.04/ холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.
БШУЯ-наас түүх соёлын үнэт үзмэрийг хадгалж хамгаалах чиглэлээр бодлого баримталж ажилласан бол түүнийг хадгалж буй түүхэн дурсгалт барилгыг хамгаалах чиглэлд бодлого баримталж байгаа аж. Монголын Урлагийн зөвлөлөөс мэдээлснээр Богд хааны ордон музей болон бусад түүхэн дурсгалт барилгад томоохон судалгаа явуулж, түүнд үндэслэн сэргээн засварлалт, тохижилтын ажил хийхээр төлөвлөж буй талаар мэдээлсэн юм. Түүнчлэн Дэлхийн өв соёл, түүхэн дурсгалт барилга болсон Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалгыг сэргээн засварлахад Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас 2000 ам.долларын санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Цаашид буган хөшөөний дурсгал, археологийн олдворыг хамгаалахад хувь нэмрээ оруулахаар төлөвлөжээ.
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ