"Санс Лукаг сонгосон бол бид чамтай хамт энд суухгүй байлаа" | News.MN

"Санс Лукаг сонгосон бол бид чамтай хамт энд суухгүй байлаа"

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

"Санс Лукаг сонгосон бол бид чамтай хамт энд суухгүй байлаа"

"Санс Лукаг сонгосон бол бид чамтай хамт энд суухгүй байлаа"

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Финикс Санс багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Серби мэргэжилтэн Игор Кокошков саяхан Турк улсын S Sport телевизэд NBA-ийн супер од болоод буй Словени залуу Лука Дончичийн талаар ярьжээ. Тэрбээр өдгөө тус улсын Фенербахче Беко сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Игор Кокошков “Тэр бол амжилттай яваа сагсан бөмбөгийн тоглогч. Лука яг одоо хөгжлийнхөө хамгийн аймар үе дээр байна. Өнгөрсөн жил тэр дэлхийн хамгийн шилдэг авьяаслаг залуу тоглогчдын нэг байсан бол өнөөдөр дэлхий дээрх цөөхөн хэдэн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг болоод байна. Түүнийг одоо дөнгөж 21 настай гэдгийг мартаж болохгүй. Лукад ахиад дээд түвшинд тоглох 17-18 жилийн тамирчны замнал байна” хэмээжээ.

Игор Кокошков 2018 онд Финикс Санс багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож NBA-ийн түүхэнд Хойд Америкт төрж өсөөгүй анхны багийн ахлах дасгалжуулагч болсон юм. Гэвч түүний удирдлага дор баг нь 19-63 гэсэн муу амжилтыг үзүүлж, улирлын төгсгөлд Игор халагдсан юм.

Түүнээс саяхан плей-оффын эхний шатанд хасагдсан Даллас Маврикс багийн ирээдүйн талаар асуухад “Хэрвээ Лука эрүүл л байж чадвал тэр удахгүй аваргын бөгж авна гэдэгт би итгэлтэй байна. Түүнийг зогсоох ямар нэгэн хүчин зүйл байгаа гэж би олж харахгүй байна. Мэдээж цаашдаа гарч ирж магадгүй байх. Бид түүнийг шилдэг болно гэдгийг мэдэж байсан. Гэвч ийм богинохон хугацаанд болно гэж хэн ч таамаглаагүй. Хэрвээ хэн нэгэн “Би таамаглаж байсан” гэвэл худал ярьсанд тооцоорой” гэв.

2018 оны NBA-ийн драфтын тэргүүн сонголтыг хийх эрхтэй байсан Финикс Санс баг Аризонагийн их сургуулийн төвийн тоглогч Деандре Эйтоныг сонгосон билээ. Харин Лука Дончич гуравдахь сонголтоор Атланта Хавкс багт сонгогдож улмаар Трэ Янгтай солигдож Даллас Маврикс багт очсон.

S Sport телевизийн сэтгүүлч түүнээс хэрвээ 2018 онд Финикс Санс Лука Дончичийг сонгосон бол яах вэ гэдэг асуултанд тухайн үеийн Финикс Санс багийг дасгалжуулж байсан Игор Кокошков “Өнөөдөр бид хоёр Аташехирт нүүр нүүрээ хараад ярилцаж байна. Хэрэв тэр өдөр Санс Лука Дончичийг сонгосон бол өнөөдөр би энд чамтай хамт суухгүй байлаа” хэмээн хариулжээ.

Өдгөө 48 настай Игор Кокошков NBA-ийн арвин туршлагатай бөгөөд Лос Анжелес Клипперс, Детройт Пистонс, Финикс Санс, Кливленд Кавальерс, Орландо Мэжик, Юта Жазз, Сакраменто Кингс зэрэг багуудын туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Мөн тэрбээр 2017 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээр Словенийн шигшээ багийг удирдан алтан медаль хүртэж байжээ. Тухайн үеийн Словенийн шигшээ багт 18 настай Лука Дончич багтаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж