"Төсвийн алдагдал 100 мянган өрхийг орон сууцжуулахтай тэнцэж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

"Төсвийн алдагдал 100 мянган өрхийг орон сууцжуулахтай тэнцэж байна"

"Төсвийн алдагдал 100 мянган өрхийг орон сууцжуулахтай тэнцэж байна"

Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өнөөдөр /2020.09.04/ боллоо. Тус хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, алдаа сургамж, улсын төсвийн 2020 оны тодотгол, цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хүндрэлийг даван туулахад төсвийн зөв оновчтой төлөвлөлтийн үр нөлөө, улсын төсвийн алдагдлыг бууруулах ба үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцлээ. 

"МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР 30,8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН"

Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил бүр Танхим төсөвтэй холбоотой саналаа УИХ-д хүргүүлдэг бөгөөд 2020 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үед эрсдэлийг харгалзан үзээгүй, хэт өндөр төсвийн орлого зарлага, алдагдал төлөвлөсөн гэж үзээд, тодорхой саналуудыг хүргүүлж байсан. Гэвч эдгээр санал зөвлөмж, анхааруулгыг ойшоож үзэхгүйгээр шийдвэрүүд гарсаар ирсэн.

УИХ-ын сонгуультай жилүүдэд төсвийн алдагдал огцом өсдөг байдал бий болсон. Төсвийн урсгал зардал 2019 онд 8.2 их наяд төгрөг байсан бол 2020 онд 11.2 их наяд төгрөг болж, 36.5 хувиар огцом өссөн. Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн уналт тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна. Ирэх онуудад төлөгдөх томоохон дүнтэй зээлийн төлбөрүүдээс шалтгаалан гадаад валютын нөөц, санхүүгийн дарамт нэмэгдэх бодит эрсдэлд хүрээд байна.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Засгийн газрын мэдээллээс харахад, өрийн үйлчилгээний төлбөр 2020 онд төсвийн орлогын 19 хувь, 2021 онд 29.2 хувь, 2022 онд 38.4 хувьд хүрч 2019 онтой харьцуулахад төсөвт үзүүлэх дарамт хоёр дахин нэмэгдэхээр байна.

Цар тахлын энэ үед төсвийн тодотгол хийхдээ зардлыг эрэмбэлэх зарчмыг баримтлан зайлшгүй бус зардлаа танах царцаах, алдагдлыг тохиромжтой түвшинд барьж ажиллах, үр ашигтай, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

"МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭЭС ХЭТ ХАМААРАЛТАЙ, ГОЛЛАНД ӨВЧИНД НЭРВЭГДЭХЭД ОЙРХОН БАЙНА"

ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР “Голланд өвчин, ковид-19 нөхцөл дэх төсвийн бодлого төлөвлөлтийн зарим асуудал” сэдвээр тавьсан илтгэлдээ “2020 оны төсөвт уул уурхайгаас олох орлогыг маш өндрөөр төсөөлсөн. 42 сая тонн нүүрс экспортлох буюу 3.2 их наяд төгрөг олно гэж цаасан дээр өндөр төсөөлөл тавьсан ч өнөөдөр бид хоёрхон боомтоор нүүрсээ гаргаж байна. Өнөөдрийн байдлаар 11 сая тонн нүүрс экспортолсон.

Цар тахлын тухай хуулийг өнгөрөгч тавдугаар сард батлахдаа батлагдсан жилийн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газар зохицуулалт хийж болно гэсэн заалт оруулсан нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Сүүлийн 13 жил түүхий эдийн хамааралтай төсөв өргөн барьсан бөгөөд туршлага суухаар хангалттай хугацаа. Зах зээлд байнга үнийн савалгаатай байдаг нүүрс, зэс дээр тулгуурлаж төсвөө боловсруулдаг учраас Монгол Улсын эдийн засаг тогтворгүй байдгийн гол шалтгаан.

Гаднын байгууллагуудын тайланд “Манай улсын эдийн засгийг түүхий эдийн үнээс хэт хамааралтай Голланд өвчинд нэрвэгдэхэд ойрхон байгааг анхааруулж, төсвийн зарлага болон менежментийн шинэ удирдлага хэрэгтэй” гэж зөвлөсөн. Түүхийн эдийн үнийн өсөлтийн орлого манай улсын эдийн засагт тус болохгүй. Зүйрлэж хэлбэл, аадар бороо шиг үерлээд л эдийн засгийг самарч орхидог. Энэ оны эхний долоон сарын байдлаар уул уурхайн салбарын орлого 41 хувиар буурсан. Нийгмийн даатгалын алдагдал жил бүр төсөвт дарамт болдог. Энэ онд гэхэд нийгмийн даатгалын алдагдал 400 тэрбум төгрөгийн татаас төсөвт суулгасан. Цаашид ч энэ алдагдал өсөх хандлагатай байна. Монгол Улс түүхий эдийн үнийн тодорхой хувийг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх хуультай ч харамсалтай нь бүрдүүлж чадаагүй. Тогтворжуулалтын сангийн мөнгөө ашиглах гээд ярьж байна. Тус сангийн орлогыг төрөөс хараат байлгаж, олон улсад гаргаж хадгалах хэрэгтэй.

"ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛЫГ ШАДАР САЙДАД ХАРИУЦУУЛСАН НЬ ТУН БУРУУ" 

Төсвийн институцийн өнөөгийн байдал, төсөвт үзүүлэх нөлөө, үр дагавар сэдвээр эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН  илтгэл тавихдаа "Монгол Улсын нийгэм, эдийн засагт хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл бол улс төрийн орчин. Монгол Улс Үндсэн хуульдаа “Төр нь үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгаа зохицуулна” гэсэн энэ заалт өнөөдөр хаана байгаа нь тодорхой бус.

Төсвийн тухай хуулийн тодорхойлолт нь мөн адил хангалтгүй. Сангийн яам нь төсвийн мөнгийг олж ирдэг, бусад нь зарцуулж байна гэж хэлээд сууж байдаг. Төсвийг дур зоргоороо өөрчилж, дүрмийг нь эвдэж, хууль эрхзүйн өөрчлөлтүүд хийж байгаа нь харамсалтай. Монгол Улс эдийн засгийн хөгжлийн бие даасан институцгүй болж хувирсан нь эдийн засгийн хөгжлийг хойш нь чангааж байна. Үндэсний хөгжлийн газарт харьяалуулж байсан боловч Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллага байна” гэснийг авч, оронд нь энэ асуудлыг Шадар сайдад хариуцуулах болсон. Ийм өөрчлөлт хийсэн нь маш ойлгомжгүй.

Сангийн яам “Төсвийг бооно” гэдэг нэр томьёотой болсон нь төсвийг захиран зарцуулагч нараас ирүүлсэн нэгдсэн бодлогод зангидаагүй саналуудыг “боож”, УИХ-д өргөн барьдаг. Сангийн яамны өргөн барьсан төсөл дээр УИХ-ын байнгын хороод, бүлгүүд ажилладаг. Энэ бүхэн нь төсвийн нэгдсэн бодлогогүй, улс төрийн нөлөөлөл дор явагддаг гэж хэлж болохоор. Тийм учраас төсөв институцийн хувьд төлөвшөөгүйнх.

Миний анзаарснаар сүүлийн 10 гаруй жил Төсвийн тухай хуулийг өөрчлөхдөө Монгол Улсын хөгжлийн төлөө бус тухайн бодлогын алдаагаа засахад, эсвэл бодлогын орон зайг өөрсдөдөө гаргахын тулд хуульд өөрчлөлт оруулж ирсэн. Хуулийн үйлчлэлүүдийн хугацааг дур зоргоороо өөрчилж байна гэсэн үг. Мөн төсөв хэлэлцэх явцад улс төрийн нөлөөллүүд орж байна. Төсвийг төлөвлөхдөө УИХ-ын гишүүдээс санал авснаар гишүүд өөрсдийнхөө эрх ашгийг төсөвт шууд суулгадаг. Төсөв бол макро эдийн засгийн зорилготой, нийгэм эдийн засгийн эерэг үр дагаврууд авчрах ёстой. Гэтэл Монгол Улсын төсөвт макро эдийн засгийн зорилго байхгүй, ДНБ-ийг төдөн хувиар өсгөнө гэсэн хэдэн тоо тавихаас хэтрэхгүй байна.

Эдийн засагт эерэг нөлөөлдөг төсөвтэй болохын тулд эхлээд улс төрийн нөлөөллөөс ангид болгох, эсвэл улс төрийн институтийн чадамж сайжрахыг хүлээх хэрэгтэй. Хоёрдугаарт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн институттэй болох, гуравдугаарт, хууль эрхзүйн орчныг тогтвортой болгох шаардлага тулгарч байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН Нэн шаардлагатай хөрөнгө оруулалт ба төсвийн тодотгол” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр "Өнөөдөр 98 мянган иргэн орон сууцны найман хувийн зээлтэй. Тэдний зээлийн үлдэгдэл 4.7 их наяд төгрөг. Энэ жилийн төсвийн алдагдал 100 мянган өрхийг орон сууцжуулахтай тэнцэхүйц хэмжээтэй. 2020 оны төсөв сонгуульд зориулсан төсөв болсон гэдгийг би өнгөрөгч гуравдугаар сард хэлж байсан. Баталгаа нь юу вэ гэхээр 2020 оны төсвийн хуваарийг харахад нийт 2.1 их наяд төгрөгийн алдагдлын 90 хувийг эхний зургаан сард оруулсан. Төсвийн гүйцэтгэлийг харвал дээрх алдагдал 2.2 их наяд төгрөг болсон. Өөрөөр хэлбэл жилийн нийт алдагдлыг эхний зургаан сард бий болгосон гэсэн үг.

Зүйрлэж хэлбэл, энэ мөнгөөр 50 мянган өрхийг орон сууцаар хангах боломжтой байх байлаа. Сангийн сайд алдагдлын шалтгаанаа цар тахалтай холбож тайлбарлаж байгаа ч бодит байдалд нийцэхгүй. Орлогын алдагдлын 60 хувь нь магадгүй цар тахалтай шууд холбоотой байхыг үгүйсгэхгүй. 2020 оны төсвийг төсөөлөхдөө анхнаасаа орлого талаа тооцоолохдоо татварын орлогыг 22 хувиар  өснө гэж хэт өөдрөг төсөөлсөн нь өнөөгийн орлогын бууралтын 40 хувийг эзэлнэ.

Урсгал зардалд тусгасан төсвийн байгууллагын бүх ажилчдын цалин нийт зардлын 2.7 их наяд төгрөг буюу 20 хувьд нь хүрэхгүй. Нийт зардлын дийлэнх нь татаас ба урсгал шилжүүлэг, мөн хөрөнгийн зардал. Энэ хоёр чиглэлд цаашид зайлшгүй анхаарах шаардлагатай. Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн он дуустал олгоход 1.3 их наяд төгрөгөөс хэтрэхгүй.

2020 оны төсөвт хөрөнгийн зардлыг 3.8 наяд төгрөгөөр төсөвлөсөн нь сонгуультай шууд холбоотой. 1400 төслийн дийлэнх нь сонгуультай холбоотой буюу хөдөө орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтууд. Өнөөдөр нийт хүн амын 50 хувь нь нийслэлд амьдарч байхад УИХ-ын 76 гишүүний гуравны нэг нь нийслэлээс сонгогддог. “Тухайн орон нутагт тавьсан төсвийн хөрөнгө оруулалтуудыг тухайн тойргоос сонгогдсон гишүүд шийддэг” гэсэн явган яриа хүртэл бий.

Сонгинохайрхан дүүрэгт нийт хүн амын 10 орчим хувь нь амьдардаг атал Бэрх суманд хөлбөмбөгийн талбай барихаар 1.3 тэрбум төгрөг, мөн 20 км хатуу хучилттай зам барина гэх мэт 20 тэрбум төгрөгийн төсвийг зөвхөн Бэрх суманд тавьсан. Энэ хөрөнгө оруулалт нийслэлд хийгдсэн бол өгөөж нь хэдэн хүнд хүрэх вэ. Эндээс алдагдсан боломж гэдэг ойлголт гарч ирж байна. Бид ийм үрэлгэн, тооцоогүй, сонгуульд зориулсан богино хугацааны төсөв хийж байгаагаараа түгжрэлийг бууруулах, бизнес хийж байгаа хүмүүсээ зээлийн дарамтаас салгах зэрэг тулгамдсан асуудлаа шийдэх маш олон боломжийг алдаж байна".

Дараа нь төсвийн бизнест үзүүлж буй нөлөөллийн талаар хувийн хэвшлийн төлөөллүүд байр сууриа илэрхийлсэн юм.

"АРД ЛАЙФ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНТУЛГА: Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Соёлын төв барьж байгаа нь учир дутагдалтай

-"Ковид 19″-тэй холбоотой эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Соёлын төв барьж байгаа нь учир дутагдалтай. Хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулалтууд дутагдаж байна. Өнөөдөр энэ салбараа хөгжүүлж байж бага эрсдэлтэй даван туулна. ААН-үүд энэ цаг үед нэгдэж, ижил төрлийн зардлуудаа нэгтгэх шаардлага ч тулгарсан. Мөн 2030 онд зарцуулалт нь эхлэх ирээдүйн өв санг хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулахгүй бол ханшийн уналтад үнэ цэнэ нь буурах болно.

ЖҮР ҮР ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.МӨНХЗУЛ: Төсвийн зөв зарцуулалт хандлагын өөрчлөлтөөс эхэлнэ

-Төсвийн зөв зарцуулалт хандлагын өөрчлөлтөөс эхэлнэ. Төр айл гэрийн аав, ээж шиг сэтгэлээр хандаж байж Монгол Улс амархан хөл дээрээ босох боломжтой. Төсөв орлого нэмэгдэх хэрээр иргэдийн амьдрал сайжирсан уу гэвэл үгүй. Хөгжлийн өөр шатыг хайхгүйгээр ахиц дэвшил гарахгүй. Хүндээ чиглэсэн бодлогууд дутагдаж байна. Ард түмэн нь ч эдийн засгийн ойлголтгүй байгаа нь боловсрол хангалтгүй байгаагийнх. Монгол Улс мөнгөгүйдээ биш хандлага, сэтгэлгүйдээ өнөөдөр ийм байдалд хүрээд байна. Улсын батлагдсан төсвийн ихэнх хувь хэмжээг хувийн хэвшил бүрдүүлдэг хэдий ч зарцуулалтын өгөөж, үр дүн нь хувийн хэвшилд ямар ч хүртээмжгүй байдаг. Нүдэнд харагдах байшин барилгаа л хөрөнгө оруулалт гэж үздэг. 1000 гаруй хүнтэй суманд том Соёлын ордон барих гэх мэтээр үр ашиггүй бүтээн байгуулалт маш их. Гүйцэтгэл дундаас ашиг унагах гэсэн цөөн хүмүүсийн эрх ашиг ч бий. Хөдөө орон нутгийн утгагүй хөрөнгө оруулалтуудыг хасмаар байна. Байшин, зам барихаа энэ хүнд үед хэсэг зогсоогоод, хүнийхээ боловсролд хөрөнгө оруулмаар байна. Иргэд ч хандлагаа өөрчилмөөр байна.

НЬЮ ЖУУЛЧИН ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ш.НЭРГҮЙ: Нэг байшин барьчхаад жуулчид ирнэ гэж ярьдгаа болих хэрэгтэй

-1990 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг сая жуулчин хүлээж авна гэсэн лоозонг 30 жил ярилаа. Гаднын орнууд цогц бодлогоор аялал жуулчлалаа хөгжүүлдэг. Гэтэл манайд хууль ярихаас хэтрэхгүй. Хуулийг өөрчилнө гэж 20 жил ярьж байна. Нэг байшин барьчхаад, жуулчид ирнэ гэж ярьдгаа болих хэрэгтэй. Нэг сая жуулчин хүлээж авна гэчхээд агаарын тээвэр нь огт яригддаггүй. Аялал жуулчлалыг уриа лоозон болгож олон жил явлаа. Хэнтийн бүтээн байгуулалт ямар үр өгөөж өгөх вэ гэдгийг сайтар тооцоолмоор байна. Аялал жуулчлал бол нэг компанийн, нэг салбарын асуудал биш. Энэ салбарт төрийн зохицуулалт зайлшгүй шаардагддаг. Жилд аялал жуулчлалаас 6 тэрбум төгрөг орж ирсэн гэсэн. Гэтэл энэ орлогыг салбарт нь бус сонгуулийн сурталчилгааны довны наадамдаа зарцуулдаг. Сургалт нэрээр тэрбумаар нь хөрөнгө цацдаг. Эзэнгүй болсон аялал жуулчлалын салбарыг өргөн утгаар нь хөгжүүлж чадвал эдийн засагт маш том нэмэр болно.

ХАС БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЦЭВЭГЖАВ: Засгийн газар, УИХ Монгол Улсын зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй

-Засгийн газар, УИХ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнөөгийн төвшнөөс бууруулахгүй, сайжруулахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Ингэж байж л бид дотоодод зээлийн хүүг бодитой бууруулах асуудлыг ярих нь зөв. Банкуудад гаднаас эх үүсвэр татах бүрэн боломж бий. Гэхдээ хэчнээн хичээгээд Хас банк болон бусад банкны зээлжих зэрэглэл Монгол Улсын зээлжих зэрэглэлээр таазлагдаж байгаа. Гадаад зах зээлд маш хямд эх үүсвэрүүд байгаа ч хөрөнгө татахад маш хүндрэлтэй байгаа. Тиймээс Монгол Улс зээлжих зэрэглээ сайжруулахад илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж