Ерөнхийлөгчийн ШАТРЫН ХҮҮНҮҮД!

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн ШАТРЫН ХҮҮНҮҮД!

Ерөнхийлөгчийн ШАТРЫН ХҮҮНҮҮД!

МАХН-ын дарга  Н.Энхбаяр үе үе Ардчилсан намын цэнхэр тугны өмнө мэдэгдэл хийх болсон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг тактик байв. Түүний үргэлжлэл болгож, өнгөрсөн Лхагва гаригт улс төрийн зарим намууд хамтарч орон нутгийн сонгуульд оролцох болсноо зарлалаа. Н.Энхбаярын болон Ж.Батзандангийн намтай Ардчилсан нам нэгдэх нь анхдугаар чуулганы хуралдаанд хэлсэн Ерөнхийлөгчийн “Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна. Ардчилсан нам хамгийн гол сөрөг хүчний хувьд улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, таарах стратеги тактикийг боловсруулж, бусад нам эвсэл, бие даагч нарыг өөрийн эвсэлдээ урьж оруулан, энэхүү сонгуульд оролцсон бол дор хаяж нийт сонгогчдын саналын 54 хувийг нэгтгэж, өнөөдөр УИХ-д олонх болох боломж байсан” гэх үгнээс нэн ойлгомжтой, нэвт шувт уншигдсан билээ.

Ийнхүү Н.Энхбаяртай Ардчилсан нам хоёр дахь удаагаа гар барьснаар Ардчилсан нам гэж байхаа больж, харин Ерөнхийлөгчийн нам шинээр “мэндэлж” байгааг зарласан хэрэг. Үүний өмнө 2012-2016 онд Ардчилсан нам засгийн эрхийг Н.Энхбаярын намтай хамтдаа барилцаж байсан билээ.

Үндсэндээ Ардчилсан намыг хагалан, бутаргаж ирсэн гол хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэр өнөөдөр гуравдагчдыг нэгтгэж, аврагчийн дүрээр Ардчилсан намыг, Монголын ардчиллыг ахиад ашиглахыг хүсч байгаа юм. Монгол Улсын Төрийн тэргүүнээр дахин зургаан жил залрах гэсэн түүний хүсэлд лавтайяа Н.Энхбаярын нам саад болохгүй нь нэн ойлгомжтой болжээ. Дээр нь өнгөрсөн жилүүдэд Ардчилсан намын бодлогын эсрэг ажиллаж, хүнд хэцүү үед намаа хаяж гарсан Лу.Болд, Ж.Батзандан нар ичих нүүрээ элгэндээ наагаад эргээд төрхөмдөө буцаж ирэх гэнэ.

УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялах нь Х.Баттулгад ашиггүй байсан юм. Тиймээс “ойлголцож” чадаагүй нэрээр хууль, шүүхийн оролцоотойгоор Ардчилсан намаас нэр дэвшсэн гурван хүнийг баривчлуулж, Ардын нам ялахад Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд нэмэр, тус болсон гэж хэлж болно. Экс эхнэрээсээ эхлээд эргэн тойрны, ойр дотны хүмүүсээ УИХ-ын сонгуульд сойсон нь Ардчилсан намын саналаас ч багагүй зулгаасан билээ.

Энэ удаад Х.Баттулга У.Хүрэлсүхтэй биш Н.Энхбаяртай гар барьж байна. Ингэснээр Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялна гэж Ерөнхийлөгч Х.Баттулга тооцож буй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн эрхийг Ардчилсан нам авч чадахгүй бол ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялахад хэцүү болно. Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжихээс илүү М.Энхболдыг унагаахын тулд 600 мянган хүн МАН-д биш, АН-д саналаа өгсөн. Аль алийг нь дэмжээгүй 100 гаруй мянган хүн цагаан хуудас өгсөн, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулгын дэмжигчдийн тоо буурсан уу гэхээс нэмэгдээгүй. Тиймээс гуравдагчдыг нэгтгэх нь эргээд Ерөнхийлөгч болох замын чулуугаа түүж яваа хэрэг.

Орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд хэрэгжүүлсэн аргаасаа тэс өөр стратеги хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Товчхондоо УИХ-ын сонгуульд бүх хүнээ бие даалгахыг нь даалгаж, намаас нэр дэвшүүлэхийг нь дэвшүүлсэн бол орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН гэсэн Ерөнхийлөгчийн “нэгдэл”-ээс нэг хүн У.Хүрэлсүхийн намын эсрэг өрсөлдөх аж. Товчхондоо тухайн тойрог дээр МАХН-аас нэр дэвшиж байгаа бол АН, ШИНЭ нам дэмжиж ажиллах тактик барих нь.  Мэдээж аль тойрогт хэнийг дэвшүүлэхийг намууд биш зөвхөн Ерөнхийлөгч Х.Баттулга л мэднэ.  

Орон нутагт гуравдагч намууд бараг хөлгүй, МАН дараалсан ялалт байгуулсан эрх мэдэлгүй болсон Ардчилсан намынхныг гудамжны ноход ч тоож шиншихээ больсон. Тиймээс орон нутгийн эрх мэдлийг аль нам авна, дараа дараагийн сонгуульд ялалт байгуулах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Хэрэвзээ Ерөнхийлөгчийн “нэгдэл” авч чадвал Х.Баттулга бараг дахиад Ерөнхийлөгч болчихлоо гэсэн үг. Аймаг, сум, багийн сонгуулийн хороо эрх барьж байгаа намын төрийн албан хаагчдаас бүрддэг гэвэл энэ удаагийн орон нутгийн сонгууль АН, МАН-ын хооронд биш  У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын дунд явагдах нь.

Анх удаа үүрэг гүйцэтгэгчтэйгээр сонгуульд өрсөлдөж буй Ардчилсан нам Ерөнхийлөгчтэй бүхий л талаараа “ойлголцож”,  намынхаа удирдах бүх албан тушаалаа түүнд аваачаад “бэлэглэснээрээ” үзэл суртлын нам гэхээсээ хувийн компани нь болж хувирчээ. Үнэт зүйл, үзэл баримтлалгүй, нэг хүний хавханд орсон Ардчилсан намыг, Н.Энхбаяртай гар барьсан Ц.Тувааныг хэн итгэж дэмжих вэ дээ. Тэр тусмаа Ардчилсан намыг гэхээсээ ардчиллыг дэмжиж, Ардчилсан намд саналаа өгч ирсэн жирийн дэмжигчид Ерөнхийлөгчийн шатрын хүүнүүдийг, авлигын загалмайлсан эцэг Н. Энхбаярыгдэмжих нь юу л бол!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж