“Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна. Тус хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, алдаа сургамж, улсын төсвийн 2020 оны тодотгол, цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хүндрэлийг даван туулахад төсвийн зөв оновчтой төлөвлөлтийн үр нөлөө, улсын төсвийн алдагдлыг бууруулах ба үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцэх, санал зөвлөмж гаргах ажээ.
Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил бүр Танхим төсөвтэй холбоотой саналаа УИХ-д хүргүүлдэг бөгөөд 2020 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үед эрсдэлийг харгалзан үзээгүй, хэт өндөр төсвийн орлого зарлага, алдагдал төлөвлөсөн гэж үзээд, тодорхой саналуудыг хүргүүлж байсан. Гэвч эдгээр санал зөвлөмж, анхааруулгыг ойшоож үзэхгүйгээр өдий хүрч байна.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлынхаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Засгийн газрын мэдээллээс харахад өрийн үйлчилгээний төлбөр 2020 онд төсвийн орлогын 19 хувь, 2021 онд 29.2 хувь, 2022 онд 38.4 хувьд хүрч 2019 онтой харьцуулахад төсөвт үзүүлэх дарамт 2 дахин нэмэгдэхээр байна.
Цар тахлын энэ үед төсвийн тодотгол хийхдээ зардлыг эрэмбэлэх зарчмыг баримтлан зайлшгүй бус зардлаа танах царцаах, алдагдлыг тохиромжтой түвшинд барьж, үр ашигтай, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэв.
Эдийн засагч Н.Энхбаяр “Монгол Улс түүхий эдийн үнийн тодорхой хувийг төсвийн тогтворжуулалтын санд тууштай төвлөрүүлэх хэрэгтэй ч хангалттай бүрдүүлж чаддаггүй. Тогтворжуулалтын сан нь төрөөс хараат байх ёстой бөгөөд орлогыг олон улсад гаргаж хадгалах хэрэгтэй. Мөн уул уурхайн өсөлтийн орлогыг усан сан шиг тусд нь байлгах ёстой” гэж хэлэв.
Хэлэлцүүлэгт нийт 30 гаруй эдийн засагч, судлаач болон 20 гаруй эдийн засгийн сэтгүүлч оролцож байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ