Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр (2020.09.04) танилцууллаа.
НМХГ-ын хэлтсийн дарга Н.ШИНЭ-ОРГИЛ:
-Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд 154 хороо байдгаас 99 нь гэр хороололд байдаг. Засгийн газрын 62 дугаар тогтоолд 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр 189 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон.
2019 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн 62 дугаар тогтоолоор нийслэлийн таван хороо түүхий нүүрс хориглох бүсэд ороогүй байсан. Харин 189 дүгээр тогтоолоор өөрчлөлт орж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд нэмж оруулсан.
Тэгэхээр дээрх таван хорооны иргэд, аж ахуйн нэгж (ААН) байгууллагууд сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа шинэ хэрэглэгч гэсэн үг. Тиймээс нийслэлийн захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК-аас хамтран дээрх хороодын иргэдэд хоёр үе шаттай сургалт зохион байгуулж байна. Ингэхдээ айл өрхийн зуух, ханан пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг хэрхэн байршуулах, яндангаа хэрхэн хөөлөх зэрэг заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭНН “ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙГ ТОРГОСОН
Нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 22 ААН байдаг. Дээрх ААН-үүд нь тогтоолын хэрэгжилтээр түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй гэсэн үг. Мөн 100 квт.ц-ээс дээш хүчин чадалтай сайжруулсан түлшний түүхий эд болох мидлинг түлэх зөвшөөрөлтэй 79 ААН-д хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад агаарын чанарыг сайжруулах бүсэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан “Түмэн шувуут” ХК-д 2 сая 500 мянган төгрөгийн торгууль оногдуулсан.
Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААН–үүдэд хийсэн хяналт шалгалтаар дөрвөн зууханд өвөлжилтийн бэлтгэл хангагдаагүй, засвар хийгдээгүй дөрвөн зуух, хяналтын камергүй 12 зуух, утаа шүүгчгүй хоёр объект, нүүрсний агуулах нь задгай 29 объект, үнсний агуулах нь задгай 18 объектын зөрчил илэрсэн. Эдгээр байгууллагад хугацаатай албан даалгавар өгч, зөрчлийг арилгахыг даалгасан.
70 ХУВЬ НЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ
Агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийн нэг нь авто тээврийн хэрэгсэл. Үүн дотроос дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд өндөр хувь эзэлдэг. НМХГ–аас энэ жил ачаа тээврийн 17 компанийн 281 түгээлтийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 281 түгээлтийн тээврийн хэрэгслийн 70 хувь нь стандартын шаардлага хангаагүй. 281 түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд хэмжилт хийхэд,
- "Тэнгэрийн хишиг" ХХК-ийн 6,
- "Алтан жолоо импекс" ХХК-ийн 10,
- "Айс Марк" ХХК-ийн 21,
- "БСБ ХХК"-ийн 13,
- "Гацуурт" ХХК-ийн 6,
- "Арвайн үндэс" ХХК-ийн 6,
- "М СИ ЭС Кока Кола" ХХК-ийн-69,
- "Милко" ХХК-ийн 21,
- "Баттрейд Си" ХХК-ийн-5,
- "Улаанбаатар гурил" ХХК-ийн-6,
- "Атар өргөө" ХК-ийн 13,
- "Талх чихэр "ХХК-ийн 31 нийт 207 тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээ стандартын шаардлага хангаагүй. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу долдугаар зүйлийн 7.4 2 дахь хэсэгт заасны дагуу торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн ажиллаж буй. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Э.БУРАМ