Англи болон Бразил улсуудын хөлбөмбөгийн холбооноос эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудынхаа тамирчдад ижил хэмжээний цалин өгөхөө мэдэгдлээ. Тэднээс гадна Австрали, Норвеги, Шинэ Зеланд зэрэг улсууд эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багуудынхаа тамирчдад ижил хэмжээний цалин өгдөг ажээ.
Английн хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн ажилтан Sky Sports News-т өгсөн ярилцлагадаа “Манай холбоо Англи улсыг төлөөлж байгаа эмэгтэй шигшээ багийнхаа тамирчдад эрэгтэй шигшээ багийн тамирчидтай адил хэмжээний цалин, тоглолтын урамшуулал олгож байгаа. Энэхүү эрх тэгш зохицуулалт нь 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн” гэжээ.
Хамгийн сүүлд Бразилын хөлбөмбөгийн холбоо Марта, Формига, Летисиа Сантос тэргүүтэй эмэгтэй шигшээ багийн тамирчдадаа Неймар, Габриель Жезус, Роберто Фирминьо зэрэг эрэгтэй шигшээ багийн тамирчдын авдаг цалинг олгохоор болсон байна.
Үүнийг дуулсан Бразилын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, швед мэргэжилтэн Пиа Сундхаге “Энэ бол түүхэн мөч. Онцгой зүйлийн нэг хэсэг болсондоо талархаж байна” хэмээжээ.
Энэ оны эхээр АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг улсынхаа шүүхэд эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багтайгаа ижил хэмжээний цалин, урамшуулал авдаг болох нэхэмжлэл хүргүүлсэн ч шүүхээс нь хэрэгсэхгүй болгосон юм.
Сүүлийн хоёр хөлбөмбөгийн ДАШТ-д дараалан түрүүлээд зогсохгүй 2004, 2008, 2012 онуудын олимпийн наадмуудад гурав дараалан түрүүлсэн АНУ-ын эмэгтэй шигшээ баг 66 сая ам.долларын цалин, урамшууллыг улсаасаа нэхэмжилсэн боловч улсын шүүгч Р.Гари Клауснер хэрэгсэхгүй болгожээ. Иймд АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг дахин давж заалдахаар төлөвлөж байгаа гэнэ.
АНУ-ын хөлбөмбөгийн холбооны журамд эмэгтэй шигшээ баг нь эрэгтэй шигшээ багтайгаа адил тоглох, бэлтгэл хийх, аяллын нөхцөлөөр хангагдах, хөлбөмбөгийг сурталчлан таниулах, дэмжих, хангагдах эрхтэй аж. Тус эмэгтэй шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Молли Левинсон ESPN телевизийн нэвтрүүлгийн үеэр “Бид ижил түвшний цалин автлаа бууж өгөхгүй тэмцэх болно. Бид энэ спортоор хичээллэдэг охид, эмэгтэйчүүдийг зөвхөн хүйсээрээ ялгаварлагдан гадуурхагдаж, тохирсон хэмжээндээ үнэлэгдэхгүй байхыг хараад сууж чадахгүй. Одоо үүсээд буй энэхүү хэрэг дээр бид ялна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярьжээ.