Майсак нэртэй хар салхи Солонгосын хойгийг дайрч, Өмнөд Солонгос болон Японы зарим бүс нутгуудад хүчтэй аадар бороо орж, салхилсны улмаас 120 мянга орчим айл тог цахилгаангүй болжээ. Мөн Өмнөд Солонгост хоёр хүн амиа алдсан байна.
Энэ удаагийн хар салхи нь улирлын ес дэх хар салхи, энэ жил Солонгосын хойгт дэгдсэн дөрөв дэх хар салхи болж байна.
Хэдхэн хоногийн өмнө Бави нэртэй хар салхины улмаас багагүй хохирол амсаад байсан Өмнөд Солонгост дахин олон зуун нислэг цуцлагдаж, байшин барилга сүйдэж, мод бут үндсээрээ булгаран унаж, зам гүүр эвдэрч сүйджээ.
Өмнөд Солонгосын хоёр дахь том хот болох Бусанд шуурга 170 км/цаг хүрсэн байна. Мөн хүчтэй аадар борооны улмаас үер болж, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй болсныг тус улсын цаг уурын агентлаг мэдээлж байна.
Уг хар салхины улмаас Шинэ Зеландаас Хятадыг зорьж байсан ачаа тээврийн хөлөг Японы эргийн орчимд сураггүй алга болжээ. Тус хөлөг дээр хөлгийн багийн 4” хүнээс гадна 6,000 орчим үхэр ачиж явсан байна.
Одоогоор Японы тал хөлгийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Япон улсын хувьд Хайшен нэртэй хар салхи мөн тус улсыг дайран өнгөрч, Өмнөд Солонгосыг чиглэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Korea Times
Холбоотой мэдээ