"Багш нарын ялгаварлал хүүхдэд стресс, дарамт болдог"

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

"Багш нарын ялгаварлал хүүхдэд стресс, дарамт болдог"

"Багш нарын ялгаварлал хүүхдэд стресс, дарамт болдог"

Бага насны хүүхдийн сэтгэлзүйн онцлогийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Хэрэглээний албаны сэтгэлзүйч Г.Отгонцэцэгтэй ярилцлаа.


-Цар тахлын улмаас сурагчид долоон сарын дараа анги танхимдаа цугларч байна. Зургаан настнуудын хувьд эцэг эхийнхээ гараас сурагчийн ширээнд сууна гэдэг амаргүй болов уу. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн бэлдэх вэ?

-Сургуульд орно гэдэг хүүхдийн амьдралд маш чухал өөрчлөлтийн үе. Тиймээс ч шинэ тодорхойгүй орчинд хүүхэд сэтгэл нь түгшиж стресстдэг. Өмнө нь гэртээ, тоглоомын талбайд тоглодог байсан хүүхэд сургуулийн орчинд олон хүүхэдтэй харилцахаас эхлээд  2-3 цаг сууж хичээл хийж сурах, шинэ дүрэм журамтай танилцах  зэрэг маш олон жижиг мэт зүйлст дасан зохицож сурах  хэрэгтэй болно. Зөвхөн эцэг эх, эмээ өвөөтэйгээ харилцдаг байсан хүүхэд сургуулийн орчинд багш, менежер, сургуулийн манаач зэрэг өөр хүмүүстэй харилцаж эхэлнэ.

Нэг үгээр хэлбэл, шинэ, тодорхойгүй орчинд хүүхэд дасан зохицохын тулд стресстдэг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургуульд оруулахаас нь өмнө сургуулийн орчны талаар ярьж, хичээл нь хэдэн цаг үргэлжлэх, ээж аав нь хэдэн цагт ирж авах, хичээлийн үеэр бие засах хэрэгтэй бол багшаасаа хэрхэн асуух, мэдэхгүй зүйл байвал багш, аав ээжээсээ асуух хэрэгтэй. Энэ мэт жижиг боловч чухал мэдээллүүдийг хүүхдэдээ өгч, ойлгомжгүй зүйл байна уу гэдгийг нь асууж байх хэрэгтэй.

  Сургуульд орж буй хүүхдийнхээ сэтгэлзүйг бэлдэнэ гэдэг нь сэтгэлзүй тогтвортой байхыг л хэлж байгаа юм. Ямар нэгэн зүйлээс айж сандрахгүй тайван байх нь хүүхдэд чухал. Гэтэл эцэг эхчүүдийн хувьд  сургуулийн талаар хүүхдэдээ буруу тайлбарлаж, хүндрүүлж ойлгуулах алдаа гаргах хандлагатай байдаг.

Хүүхдэдээ сургуульд орж байгаа нь үүрэг хариуцлага, онц сурах хэрэгтэй зэргээр дарамт өгч болохгүй.  Энэ нь хүүхдийг айлгаж, түгшүүр үүсгэдэг. Тиймээс сургуульд орох нь баяртай үйл явдал гэдгийг ойлгуулж хүүхдэдээ сурах урам зориг хайрлах хэрэгтэй.

Бид ч  бас шинэ орчинд, шинээр ажилд орохдоо  сэтгэл түгшиж, стресстдэгтэй адил зургаан настнууд ч бас сургуульд анх ороход түгшиж, стресстдэг. Тиймээс шинэ орчиндоо дасан зохицоход сэтгэлзүй тайван байх нь чухал. Сургуульд хүүхэд эцэг эхийн тусламжгүй  биеэ дааж, үеийнхэнтэйгээ харилцаж, олон хүүхдийн дунд биеэ авч явч сурдаг.

-Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ  гэрийн даалгаврыг хийлгэх гэж хааяа нудраад авахгүй бол болдоггүй тохиолдол ч гардаг. Аав ээжүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд анхаарах зүйлс бий юу?

-Хүүхдийн гэрийн даалгавар хийлгэнэ гэдэг айл бүрт л чухал асуудлын нэг. Эцэг эхчүүдийг анзаарч байхад  хүүхдээ  “даалгавраа хий”  гэж нудрах, шаардах чанга дуугаар загнах хандлага түгээмэл байна. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд айдас түгшүүр төрүүлдэг. Эцэг эхчүүдийн өөрсдөө анзаардаггүй энэ үйлдэл хүүхдэд хүндээр тусдаг. Хүүхэд тайван бус болж байгаа нь л сэтгэлзүй болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байна гэсэн үг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийг зодож шийтгэхгүйгээр гэрийн даалгаврыг нь хийлгэнэ гэдгийг эцэг эх хүндрүүлж ойлгодог.

Хүүхдээ даалгаврыг нь хийлгэхдээ нударч, хуруугаараа хатгахдаа чанга дуугаар загнахыг “тоодоггүй”. Хүүхдээ зодоогүй, загнаагүй л гэж ойлгодог нь буруу юм. Айдсаар хүүхдээ сургах хандлага нь хүүхдийн тархийг гэмтээдэг хамгийн сөрөг нөлөөтэй.

Хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэхэд орчныг анхаарах ёстой. Гэрэлтүүлэг  тод байх хэрэгтэй. Бүдэг гэрэлд оройн цагаар хүүхэд даалгавар хийхэд анхаарал нь төвлөрөхгүй, эсрэгээрээ нойр нь хүрдэг. Мөн гэрийн даалгавраа хийж буй хүүхдийн дэргэд зурагт үзэх, дүү нар нь тоглоход анхаарал нь сарнидаг. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд орчин бүрдүүлэхээс гадна хүүхдийг өөрөөр нь хичээл заалгах нь үр дүнтэй аргын нэг. Эцэг эх нь сурагчийн дүрд тоглож хүүхдээ багш болгосноор сургууль дээрээ үзсэн хичээлээ илүү бататгадаг гэсэн үг юм.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхдээ нийтлэг ямар алдаа гаргадаг вэ?

-Эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл гаргадаг алдаа нь хүүхдээ хичээлээ хий гэж шаарддаг. Гэвч шаардлага тавих бус хүүхдэдээ хичээлээ хийхэд нь туслах ёстой. Хүүхдээ загначихаад өөр зүйлд сатаарах биш хүүхдээ даалгавар хийхэд нь тусалж хоёр цаг зориулах хэрэгтэй.  Аав, ээж нь дэвтэр бал нийлүүлж, даалгаврыг нь хамт хийхэд хүүхэд нь хичээлдээ сонирхолтой болж, үлгэр дууриалал ч бас авч байдаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ “даалгавраа хий”, “яагаад хичээлээ хийхгүй байгаа юм бэ чи”, “хэзээ хичээлээ хийх юм бэ” гэж асууж, загнадаг. Аль эсвэл даалгаврыг нь хийлгэж байна гээд хүүхдийнхээ дэргэд утсаа ширтдэг, ажлаа хийдэг гэх зэргээр ямар нэгэн байдлаар өөр зүйл хийдэг нь хамгийн буруу.

-Хүүхдэдээ хэт их дарамт ачаалал өгөхгүй байхыг эцэг эх, сурган хүмүүжлэгчдэд ЭМЯ-наас зөвлөж байгаа. Хэт их гэрийн даалгавар өгөх, тоглох боломжгүй шахуу сургалтад хамруулах зэрэг нь хүүхдэд эргээд дарамт болдог уу?

-Багш нар гэрийн даалгавар хэтрүүлэн өгөх хандлагатай байдаг. Хэт их гэрийн даалгавар хүүхдэд ачаалал болдог. Хүүхдийн анхаарал удаан төвлөрдөггүй учраас их гэрийн даалгавар хүүхдэд төдийгүй эцэг эхчүүдийг стресстүүлдэг. Цар тахлын улмаас олон сар амралтын байдалд гэртээ байсан хүүхдүүд эргээд сургуулийн орчинд хичээлдээ төвлөрөхөд ч бас хугацаа хэрэгтэй болно. Гэрийн даалгаврыг тохируулан өгөх хэрэгтэйгээс гадна хүүхдийг сургалтад хамруулахад өөрийнх нь хүсэл сонирхлыг сонсох хэрэгтэй. Эсрэгээрээ өөрийн шийдвэрээр хүүхдээ сургалт, дамжаанд явуулдаг. Магадгүй хүүхэд нь төгөлдөр хуур сонирхдоггүй, шатар тоглох дургүй ч байж болно шүү дээ.

-Багш нарын хандлага тухайн хүүхдийн сэтгэлзүйд хэр нөлөө үзүүлдэг вэ. Хүүхэд хичээлдээ дургүй болох шалтгаан?

-Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Өөрсдийн сул болон давуу талтай. Бүгд онц сурлагатан, математекч байх албагүй. Багш нар тухайн хүүхдийн давуу талыг ойлгож, хичээлээ хэрхэн сонирхолтой байдлаар суралцах вэ гэдгийг анхаарах ёстой. Эцэг эх, багш нар хүүхдийнхээ онцлогийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Багш нарын ялгаварлал хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Сурлагадаа сайн хүүхдүүдээ нэрлэж, бусдынх нь дэргэд магтдаг. Багшдаа магтуулсан хүүхэд би бүх зүйлийг чадна гэсэн итгэлтэй байдаг тул бүхий л тэмцээн уралдаанд ордог.

Нөгөө талаас багш нар сурлага тааруу хүүхдийг “Чи муу сурч байна” гэж хүүхдүүдийн өмнө хэлэхэд тухайн хүүхэд хичээлдээ бага багаар идэвхгүй болдог. Улмаар багшдаа дургүй болж, бас өөртөө итгэлгүй нэгэн болоход нөлөөлж байдаг.

Тухайлбал, шатрын олимпиадад оролцох хүүхдүүдийн саналыг авлаа гэхэд сурлагадаа сайн хүүхдүүд нь оролцдог. Өөрийгөө муу сурдаг гэж бодсон хүүхэд бусад нь онц сурдаг болохоороо олимпиадад оролцох байх, би сурлага тааруухан болохоор миний хэрэг байхгүй зэргээр аливаа зүйлээс хойш үлддэг.

-Хүүхэд хичээлдээ дургүй болоход багш нарын хандлага хэр их нөлөөлдөг вэ?

-Хүүхдийг загнахад мэдээж таагүй мэдрэмж төрнө. Харин тухайн хүүхдийг байнга загнаж зэмлэвэл хичээлдээ сонирхолгүй, багшдаа дургүй болно. Үүнийгээ хүүхэд үг, үйлдлээрээ илэрхийлдэг.

Бага насны хүүхдүүд заримдаа  өглөө сургууль, цэцэрлэгтээ явахгүй гэж уйлж эсэргүүцэл үзүүлдэг шүү дээ. Яагаад явахгүй байгааг нь асуухаар хэлдэггүй. Энэ нь тухайн хүүхэд хичээлдээ явахгүй байх маш олон шалтгаан байж болно гэсэн үг.

Багш нь загнадаг эсвэл тухайн орчин таалагддаггүй, хүүхдүүдтэй найзалдаггүй гэх мэт олон шалтгааныг хэлж болно.

-Зарим эцэг эхчүүд сэтгэлзүйчид хандахдаа манай хүүхэд хэтэрхий бүрэг ноомой байна, ярилцахгүй байна. Өөртөө итгэлтэй болгож өгөхийг сэтгэлзүйчээс хүсдэг. Яагаад хүүхэд эцэг эхтэйгэй ярилцдаггүй вэ?

-Бүрэг дуугүй хүүхэд бүр ноомой гэсэн үг биш. Тэр хүүхэд дотогшоо зан төлөвтэй, аливааг задлан шинжилж дүгнэлт хийдэг байж болно. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдэдээ яаруу дүгнэлт хийхгүй байхыг зөвлөе. Хүүхдийнхээ онцлогийг маш сайн мэддэг байх хэрэгтэй.

Нөгөө талаас эцэг эхчүүд манай хүүхэд надтай ярилцахгүй байна хэмээн гомдоллодог. Гэвч хүүхэд эцэг эхтэйгээ ярилцах гэж мэдрэмжээ илэрхийлэх гэж өмнө нь маш олон удаа оролдлого хийсэн байдгийг нь эцэг эхчүүд өөрсдөө анзаардаггүй. Хүүхэд нь мэдрэмжээ илэрхийлж ярилцах гэхэд аав ээж нар сонсдоггүй. Яриаг нь тасалж шүүмжилдэг, эсвэл ажилтай байна дараа ярья, завгүй байна хэмээн тоодоггүй.

Энэ мэт үйлдэл олон давтагдахад хүүхэд шантарч аав ээжтэйгээ ярилцахаас илүүтэй найзтайгаа ярилцаж санал бодлоо хуваалцахыг илүүд үздэг. Харин хүүхэд нь өөрсөдтэй нь ярилцахгүй байгааг эцэг эхчүүд нэг л өдөр анзаарч хүүхдэдээ гомдоллож эхэлдэг. Мөн хүүхэдтэйгээ ярилцдаггүй, нээлттэй байдаггүй гэр бүл хүүхдээсээ нээлттэй байхыг шаардах нь тийм ч ёсзүйтэй биш юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж