Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр зургаан удаа тодорсон, Испанийн Барселона багийн Аргентин довтлогч Лионель Мессигийн драм үргэлжилсээр. Мессигийн бие төлөөлөгч болох түүний эцэг Хорхе Месси болон ах Родриго нар хуульчдын хамтаар Барселона багийн ерөнхийлөгч Жозеп Бартомеу, тус багийн Удирдах зөвлөлийн гишүүн Хавьер Бордас нартай хоёр дахь удаагаа өчигдөр (2020.09.03)уулзжээ.
Энэхүү уулзалтаар Мессигийн талаас тоглогчоо үнэгүй, эсвэл нээлттэй, гэрээг чөлөөлөх үнийн дүнг үл харгалзан зарахыг Барселонагаас хүсчээ. Харин Барселона багийн зүгээс Мессиг зарах, эсвэл үнэгүй явуулахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж, хэрвээ багууд Мессиг авахыг хүсвэл түүний гэрээг чөлөөлөх үнэ болох 700 сая еврог төлөх шаардлагатай гэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эхний уулзалтын дараа сэтгүүлчид Хорхе Мессигээс “Хүү тань багтаа үлдэх үү” гэж асуухад тэрбээр “Хэцүү л юм” гэж хариулж байсан. Өчигдөр хоёр дахь уулзалтын дараа түүнийг Барселона багийн төв байрнаас гарч явах үеэр Испанийн Куэрто телевизийн хөтлөгч “Месси энэ жил багтаа үлдээд, гэрээ нь дуусмагц багаасаа "үнэгүй" явах уу?” гэж асуухад Хорхе Месси “Тийм” гэж хариулжээ. Гэвч дэлхийн томоохон хэвлэлийн байгууллага болох CNN Мессигийн аавыг "Тийм" бус "Би мэдэхгүй байна" гэж хариулсан хэмээн үзэж байна.
Мессигийн багтайгаа байгуулсан гэрээ ирэх 2021 оны зургадугаар сарын 30-нд дуусгавар болно. Түүний гэрээ дуусмагц тэрбээр чөлөөт агент болж хүссэн багаа сонгох эрхтэй болох юм.
Өдгөө 33 настай Месси одоогийн байдлаар багийнхаа нэгдсэн шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүй байгаа бөгөөд үүний улмаас багийнхаа шинэ ахлах дасгалжуулагч Роналд Куманы бэлтгэлд оролцохгүй байгаа ажээ.
Лионель Мессиг багтаа элсүүлэх хамгийн боломжтой гэгдээд буй Манчестер Сити Мессиг өндөр үнээр авч эрсдэл гаргахыг хүсэхгүй байгаа аж. Тус баг Мессиг ирэх жил гэрээ нь дуусмагц үнэгүй, эсвэл энэ жилдээ багтаан арай хямд үнээр худалдан авахыг хүсч буй юм.
Энэ хооронд Испанийн Барселона баг өөрсдийн Хорват хагас хамгаалагч Иван Ракитичийг Севилья баг руу нь буцаан зарсан бол Уругвай довтлогч Луис Суарез Италийн Ювентус баг руу зарагдаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна.
Холбоотой мэдээ