Хилийн чанадад байгаа монголчууд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, 21 хоног тусгаарлагдаж буй. Тэдний дундаас нэгэн тамирчин хос тусгаарлалтад байгаа иргэдийг дасгал хөдөлгөөнөөр дамжуулан багахан ч гэсэн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд нь туслахаар лайваар хичээл зааж эхэлжээ.
Кроссфитын мэргэжлийн багш, дасгалжуулагч, Д.Доржнамжим “Хүмүүсийг учиргүй турааж, галбиржуулна гэж хэлэхгүй. Хөл хорионы үед тогтмол дасгал хийснээр бие болоод сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлнө гэж найдаж байна” гэсэн юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.
-Та эх орондоо хэзээ ирэв?
-Би эх орондоо наймдугаар сарын 29-ний тусгай үүргийн нислэгээр ирсэн. Сүүлийн зургаан жилийн турш Филлипинд сурч, ажиллаж байсан. Миний хувьд кроссфитын мэргэжлийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, тамирчин хүн.
-Эх орондоо ирээд хаана тусгаарлагдаж байна вэ?
-Бид “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байгаа.
-Тусгаарлалтад байх хугацаандаа эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх уриалга гаргажээ. Одоогоор хэчнээн хүн нэгдээд байгаа бол?
-Тусгаарлалтын 21 хоног тийм ч богино хугацаа биш. Тиймээс тусгаарлалтад байгаа хүмүүстээ дасгал хөдөлгөөнөөр дамжуулж багахан ч гэсэн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд тус болох үүднээс өөрийн чадах зүйлээрээ тус болохыг хүссэн юм. Энэ санаачлагыг дөнгөж эхлүүлж байгаа учраас одоогоор фэйсбүүк группт маань 200 гаруй хүн нэгдээд байна. Ямар ч байсан аль болох тогтмол бэлтгэлийн хуваарь гаргаж, найз бүсгүйтэйгээ түвшин түвшинд нь зориулж дасгал хийж байна. Жишээлбэл, би тогтмол дасгал хийдэг хүмүүст арай хүндэвтэр дасгал хийдэг бол найз бүсгүй маань дасгал хийдэггүй болон илүүдэл жинтэй, настай хүмүүст арай хялбаршуулсан хувилбараар дасгалаа зааж байна.
Хичээлийн хувьд үндсэн дасгал 25-30 минут, бэлтгэлийн өмнө халаалт болон бэлтгэлийн дараах сунгалт тус бүр 10 минут орчим нийт 45-50 минут үргэлжилнэ. Одоогоор дагаж хийж байгаа хүмүүс “Хөлс гараад сайхан байна. Маргааш дахиад хийнэ” гэж байсан.
-Найз бүсгүй нь бас тамирчин хүн үү?
-Мэргэжлийн тамирчин биш. Гэхдээ фитнессийг амьдралынхаа тогтмол хэв маяг болгосон, хичээллэх дуртай.
-Цар тахлын улмаас Филиппин улсад хэр олон монгол хүн гацсан бэ?
-Сүүлийн хэдэн сард Сингапур дахь Элчин сайдын яам маш сайн ажиллаж, зайлшгүй шаардлагатай буцах хүсэлтэй иргэдийг эх орондоо татан авсан. Тухайн улсын хувьд коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас хойш барьж чадахгүй халдвар авсан хүний тоо 220 мянга гарсан.
-Фитнесс дасгалыг заавал үнэтэй тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хийхгүйгээр гэрийн нөхцөлд хийж болох уу?
-Тухайн хүний зорилгоос шалтгаана л даа. Мэргэжлийн тамирчид бол мэдээж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бэлтгэл сургуулилтаа хийнэ. Харин зүгээр эрүүл мэнд талаасаа дархлаагаа дэмжих, илүүдэл жингүйгээр, стрессгүй амьдрахын тулд дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маягаа болгоход заавал тоног төхөөрөмж шаардлагагүй ээ. Заавал спорт заал, фитнесст явахгүйгээр хангалттай үр дүнтэй байх боломж бий гэдгийг хэлье.
Ер нь дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг заавал зааланд тоног төхөөрөмж дээр ажиллах биш шүү дээ. Тухайн хүн өөрийн хобби дуртай зүйлтэйгээ дасгалыг холбож хийвэл илүү сонирхолтой. Жишээлбэл, дугуй унах, ууланд авирах, усанд сэлэх, гүйх зэрэг өөрийн сонирхолтой зүйлээ тогтмол хийдэг байхад л болно.
Гэрийн нөхцөлд биеийн жингээр хийж болох татах, түлхэх болон үсрэлтийг хослуулан маш олон дасгал хийж болно. Суулт, хайчин суулт, үсрэлттэй суулт, гар дээр сунайх, нуруу таталт, дээш үсрэх болон хэвлийн гээд олон сонголт бий. Гэртээ өөрт таарсан жингийн хос гантель, эсвэл гийр байвал хийх дасгалууд нэмэгдэх боломжтой.
-Та фитнессийн спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ. Ямар амжилт гаргаж байв?
-Би тогтмол фитнессээр хичээллээд 10 жил болж байна. Сүүлийн таван жил кроссфитын мэргэжлийн тамирчин Монгол Улсаа төлөөлж Флиппин, БНХАУ, Индонез, Малайз зэрэг улсуудад мэргэжлийн тэмцээнүүдэд тэргүүн болон шагналт байр эзэлж, сүүлийн гурван жил тогтмол оролцож байна.
Миний хувьд 2020 оны кроссфитийн Дэлхийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцох байсан ч цар тахлын улмаас энэ жил оролцох боломжгүй болсон.
–Кроссфит хүн бүрт тохиромжтой фитнессийн төрөл биш гэдэг. Ер нь ямар онцлогтой төрөл вэ?
-Кроссфит нь олон янз, төрлийн идэвхтэй хөдөлгөөнүүдийг өндөр ачаалалд богино хугацаанд гүйцэтгэдэг. Бүх кроссфитийн дасгалууд нь нэгтгэсэн хүндийн өргөлт, гимнастик, гүйлт, сэлүүрт завь гэх мэт спортууд дээр тулгуурласан холимог программ юм. Өөрөөр хэлбэл кроссфит нь өргөх, татах, түлхэх, шидэх, чирэх, гүйх, сэлэх, үсрэх, болон авирах зэрэг амьдралд маш чухал олон чадварыг зэрэг эзэмшихийг зоридогт оршдог.
Бусад спортоос ялгагдах бас нэгэн маш чухал давуу тал нь нас, хүйс үл харгалзан олон хүн нэг дор ижил workout (дасгал) хийж, бие биеэсээ суралцаж, бусдадаа урам өгдөг нь хувь хүмүүсийн нийгмийн харилцааг өргөжүүлэхээс гадна эрүүл чийрэг бие бялдар олгодог. Дасгал хөдөлгөөн хүний биеийг ядраадаг ч хувь хүнийг төлөвшин эрүүл дадал хэвшилтэй болоход их дэм болдогийг дурдах нь зүйтэй.
-Энэ төрлөөр ямар хүмүүс хичээллэж болохгүй вэ?
-Миний бодлоор хүн өөрөө сонирхож байвал бүх л хүн хичээллэх боломжтой. Кроссфитийн нэг давуу тал нь бүх дасгал хөдөлгөөнийг тухайн хүний түвшинд тааруулж болдгоороо онцлогтой. Мөн мэргэжлийн хөдөлгөөн, техникүүд шаарддаг болохоор сурах сайжрах зүйлтэй өөрөө өөрийгөө дайчлаад, үр дүнгээ харж болдог болохоор илүү сонирхолтой байх.
-Монголд кроссфит хэрхэн хөгжиж байна вэ?
-Монголд сүүлийн жилүүдэд хөгжиж байна. Шинэхэн спортын “976 Crossfit Box” гээд дэлхийн албан ёсны Кроссфитын холбооны эрхтэй жим байдаг. Холбооны гишүүдийн хувьд үнэхээр эрч хүчтэй.
-Кроссфитээр хичээллэх үед ямар нэг тодорхой хоолны дэглэм шаарддаггүй гэж үнэн үү?
-Миний хувьд Nutrition coach-оор мэргэшсэн, яг хоол зүй тал дээр ямар нэг их чанга дэглэм барьдаггүй. Ер нь хүн ямар хүнс хэрэглэхээ, хэзээ өөрийн биедээ хангалттай уураг шим тэжээл өгөхөө мэддэг байхад дэглэм барих ямар ч шаардлагагүй санагддаг. Мөн тамирчин хүн өөрийн биеийг хангалттай уураглаг шим тэжээлээр хооллож, амралтаа сайн зохицуулах л хамгийн чухал байдаг.
-Эрүүл зөв бие галбиртай байхыг хүсдэг хүмүүст хандаж, зөвлөгөө өгөхгүй юу?
-Эрүүл чийрэг биетэй байхын тулд биеийн тамирын дасгал тогтмол хийвэл зохистой. Мэргэжлийн тамирчин биш л бол дасгал хийхийг 2-3 цаг зааланд хүнд жин өргөх зэргээр нүсэр бодох шаардлагагүй. Амьсгалын эрхтэний тогтолцоогоо дэмжин, дархлаа сайтай болон эрүүл өвчлөлтгүй байя гэвэл долоо хоногт 3-5 өдөр дунджаар 30 минут тогтмол хичээллэхэд л хангалттай.
Хоололтын хувьд гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, дахин боловсруулсан хоол хүнс аль болох бага хэрэглэн, өдөр тутмын хооллолтодоо мах, өндөг, олон төрлийн ногоо, үр тариа, олон төрлийн самар, болон жимс түлхүү хэрэглэхэд тохиромжтой.