"Хүүхдээ жирийн хүүхдээс өөр гэдгийг мэдвэл хүлээн зөвшөөр" | News.MN

"Хүүхдээ жирийн хүүхдээс өөр гэдгийг мэдвэл хүлээн зөвшөөр"

"Хүүхдээ жирийн хүүхдээс өөр гэдгийг мэдвэл хүлээн зөвшөөр"

"Хүүхдээ жирийн хүүхдээс өөр гэдгийг мэдвэл хүлээн зөвшөөр"

Сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэгийн багш, арга зүйч Т.Алтанцэцэгтэй аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүй, онцлог болон мэргэжлийн ур чадвар, давуу тал, үнэ цэнэ, үүрэг хариуцлагын талаар ярилцлаа.

-Та хичээлийн шинэ жилээр шинэ шавь нараа хүлээн авсан сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Жил бүрийн есдүгээр сарын нэгэн бол багш мэргэжилтэй хүн бүхний догдлон хүлээдэг өдөр. Миний хувьд 12 жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байна. Энэ хугацаанд долоон жил энгийн бүлгийн хүүхдүүдтэй ажилласан. Харин сүүлийн таван жилийн турш тусгай цэцэрлэгийн хүүхдүүд, тэр дундаа аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж байна. Цэцэрлэгт анх удаа ирж байгаа хөөрхөн, бяцхан шавь нартайгаа уулзаж, танилцаж, үгээрээ биш үйлдлээрээ сэтгэлээ илэрхийлж байгааг нь хараад өөрийн эрхгүй аз жаргалтай болдог. Шавь нартайгаа уулзаж, танилцаж, цоо шинэ ертөнцийг таньж мэдэхэд тодорхой хугацаа зарцуулдаг хэдий ч хүүхэд тус бүрийн онцлогийг нээн хөгжүүлж, нийгэмшүүлэх нь миний мэргэжлийн онцлог. Тиймээс есдүгээр сар бол хамгийн завгүй бас баяр хөөртэй, ядарсан ч түүнийгээ үл анзааран өнгөрдөг үе.

-Сургуулийн өмнөх боловсролын багш болох шийдвэрээ хэзээ гаргаж байв?

-Би багадаа шохой бариад л найзууд, эсвэл тоглоомоо тойруулж суулгаж байгаад багш болж тоглох их дуртай хүүхэд байсан. Гэхдээ цэцэрлэгийн багш болно гэж огт бодож байгаагүй. Арван жилийн сургуулиа дүүргэж, их сургуулийн хуваарь авахдаа цэцэрлэгийн багшийн ангид элсэн орсон. Анх яана аа, би зөв мэргэжлээрээ сурах гэж байна уу, цэцэрлэгийн хүүхдүүдтэй ажиллаж чадах болов уу? гэсэн айдастай байлаа. Харин эхний дадлагадаа гараад, айлын олон жоохон хүүхэдтэй нэг өдрийг дуулж, бүжиглэж, тоглож өнгөрүүлснээр би зөв мэргэжлээрээ суралцаж байгаа юм байна гэсэн итгэл төрсөн. Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж үзсэн эхний нэг сар хүүхдүүдээсээ цэрвэх тохиолдол гарч байсан ч хоёр дахь сараас нь мэргэжилдээ илүү дурлаж, шавь нараа хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч эхэлсэн.

-Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд бусад хүүхдээс ямар ялгаатай вэ?

-Аутизм бол хэн нэгнээс бусдад халдварладаг өвчин биш. Аутизм гэж амьдралын эхний гурван жилийн дотор илэрдэг, уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэг юм. Энгийн хүүхэд буруу, зөв гэж хэлэхийг ялгах чадвартай байдаг. Мөн цэцэрлэгтээ ирэхдээ найзалж, нөхөрлөж, бусдад баярлаж, уурласан мэдрэмжээ илэрхийлж чаддаг. Харин аутизмтай хүүхэд хөгжлийн хоцрогдлын түвшнээс хамаараад энэ бүхэнд үзүүлэх хариу үйлдэл нь харилцан адилгүй байдаг. Дунд шатны хоцрогдолтой хүүхэд байлаа гэхэд хэн нэгэнд гомдвол сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж чадалгүй уурлаж, бухимдаж, ганцаарддаг бол зарим хүүхэд орилж, уйлж, тайвшрахдаа маш их хугацаа зарцуулдаг.

-Аутизмтай хүүхэдтэй ажиллахад багш хүнээс ямар ур чадвар илүүтэй шаарддаг вэ?

-Сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээт боловсрол олгох танхимын сургалтад багшийн үүрэг, оролцоо маш өндөр. Ур чадварын хувьд мэдээж хүүхдэд хайртай байх хэрэгтэй. Аутизмтай хүүхдийн хувьд бусад хүүхдүүдээс зан ааш болоод сэтгэлзүй, биеийн хэлэмж, хөгжил зэргээр ялгаатай байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хамтран ажиллахад багшаас тэсвэр тэвчээр, хүлээцтэй байдлыг хамгийн эхэнд шаарддаг. Өөр, өөр орчин нөхцөлд өсөж буй хөгжлийн тодорхой хоцрогдолтой хүүхдэд ээж, аав, найзыг нь орлож, нийгэмшүүлж хөгжүүлэхэд багш хүнээс анхаарал, авьяас гээд дурдаад байвал олон чадавх шаардана. Миний хувьд дуулж, бүжиглэх сонирхолтой, хүүхдэд хайртай болохоор аутизмтай хүүхэдтэй ажиллах нь намайг нэг талаар сорьж, нөгөө талаар хөгжүүлж, өдөр бүр шинэ зүйлс судалж, сурах боломж олгодог.

-186-р тусгай цэцэрлэг энэ жил хэдэн бүлэгт хэчнээн хүүхэд хүлээж авав? Багш нар сургалтын хөтөлбөрөө хэрхэн гаргаж ажилладаг талаар сонирхъё?

-Манай цэцэрлэг хараа, сонсгол, хэл ярианы онцлогтой, аутизмын хүрээний эмгэгтэй, дауны болон хөгжлийн онцлогтой хүүхдүүд хүлээн авдаг. Энэ жилийн хувьд нийт долоон бүлэг тус бүр 10-15 хүүхэдтэйгээр хичээллэж байна. Бүлэг бүрийн арга зүйч, багш нар хамтарч, харилцан санал сэтгэгдлээ солилцож, долоо долоо хоногоор сургалтын хөтөлбөрөө боловсруулж ажилладаг. Мөн 14 хоног тутамд багийн буюу эмч, арга зүйч, хэл засалч, хөдөлгөөн засалчтай уулзалт зохион байгуулж, хүүхэд бүрт тохирсон хөдөлгөөн, хэл ярианы хөгжлийн тусгай хичээл ордог. Тухайлбал, өглөөний 07:30-08:30 минутын хооронд бид хүүхдүүдээ хүлээн авч, 09:00-14:00 цагийн хооронд сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Харин үдээс хойш хүүхдүүд маань хоол идэх, унтлагын цаг болон чөлөөт цагийг багш нартайгаа өнгөрүүлдэг юм.

-Таны хувьд төрөөс боловсролын салбар, ялангуяа тусгай хэрэгцээт боловсролын нэгжид хэр их анхаарал хандуулж байна гэж бодож байна вэ?

-Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад тавих төрийн хяналт дулимаг санагддаг. Гадаадын улс оронд Засгийн газар нь сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэгт маш их анхаарал хандуулдаг. Харин манай улсад аутизмтай хүүхдийн хөгжлийн түвшнийг тодорхойлж оношлох нэгдсэн систем ч байдаггүй. Дээрээс нь тусгай цэцэрлэгт зориулан гаргасан боловсролын тусгай хөтөлбөр огт байдаггүй. Мөн хүүхдүүдийн суралцах орчин нөхцөл болон шаардлагатай хэрэглэгдэхүүн хомс. Тухайлбал, манай цэцэрлэг дотоод тохижилтоо багш, ажилчид, эцэг, эхчүүдтэйгээ хамтран хийдэг. Мөн хүүхдүүддээ зориулж хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд багш нар өөрсдөө төсөл бичиж, ТББ-уудад хандаж байна. Энэ бүхэнд төрөөс хэзээ дэмжлэг ирэх бол гэж харж суувал хугацаа их шаардана. Тиймээс багш бид эрхлэгч болон арга зүйч нартайгаа хамтарч сургалтын хөтөлбөр, хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахыг зорин ажиллаж байна.

-Та яриандаа манай улсад аутизмтай болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн түвшинг тогтоох, оношлох асуулт хариултын нэгдсэн тест байхгүй гэлээ. Та бүхэн цэцэрлэгт элсэн орж байгаа хүүхдүүдээсээ шалгалт авдаггүй гэсэн үг үү?

-Бид шалгалт авч, түвшинг нь тогтоон, бүлэгт хуваарилдаг. Манай цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгч багш маань “M chat” буюу аутизмтай эсэх болон “Atek” буюу аутизмын ямар түвшинд байгааг тодорхойлох гэсэн хоёр төрлийн асуулга бүхий тестийг орчуулан, элсэн орсон хүүхдүүдийн түвшинг гурван сар тутамд нэг удаа тогтоодог. Энэ нь тухайн хүүхэд хөгжиж байгаа эсэхийг тодорхойлоход нөлөөлдөг.

-Боловсролын салбар багш төвтэй системээс татгалзаж, сурагч, багш, эцэг, эхийн эргэх холбоог чухалчилж байгаа гэлээ. Танд эцэг, эхчүүдэд хандаж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Ээж, аавууд маань таван жилийн өмнөхтэй харьцуулахад зөвхөн багшид үүрэг, хариуцлага ногдуулахаас илүүтэй хамтарч ажилладаг болж байгаад сэтгэгдэл маш өндөр байна Хамгийн гол асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрөхөд нилээдгүй хугацаа зарцуулж байгаагаас хамааран зарим хүүхдүүд таван настайгаасаа цэцэрлэгт явж эхэлж байна. Энэ нь хүүхдийн хөгжлийг саармагжуулж байгаа нэг хэлбэр. Манай 186-р цэцэрлэгийн хувьд ой найман сартайгаас хүүхдийг сургалтын хөтөлбөртөө хамруулдаг. Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт оношилсноор тухайн хүүхэд хөгжиж, нийгэмших бүрэн боломжтой болохоос гадна дараа дараагийн жилдээ энгийн цэцэрлэг, сургуульд боловсрол эзэмших боломж бүрддэг. Миний шавь нараас хоёр хүүхэд энгийн цэцэрлэгт элсэн орсон. Тэр үед өөрийн эрхгүй багш болсноороо бахархаж, огшиж байлаа. Тиймээс та хүүхдээ жирийн хүүхдээс өөр гэдгийг мэдсэн л бол хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

-Багш нар, сэтгэл зүйчид, эцэг, эхчүүд гээд олон сайхан сэтгэлтэй хүмүүс эдгээр тусгай боловсрол шаардлагатай хүүхдэд тохирсон боловсрол, хүмүүжил, орчин бий болгохоор хамтран ажиллаж байгаа нь бахархалтай санагдлаа. Танд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат 2020-09-04 202.21.127.166

Зөв сайн багш байна. Баяр хүргэе. .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж