Сурвалжлага: Номоо АТМ-ээс авч уншаарай

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Номоо АТМ-ээс авч уншаарай

Сурвалжлага: Номоо АТМ-ээс авч уншаарай

Нэг үе архи, талханд дугаарлаж явсан монголчууд өдгөө номын хямдралтай худалдаанд шуурдаг болсон нь цаг үе өөрчлөгдөж буйн илрэл юм.  Уншигчдын эрэлт хэрэгцээг дагаад номын шинэ үйлчилгээ нэвтрэх болжээ. Тухайлбал, номын АТМ-ээс сүүлийн үеийн бестселлер болж буй номнуудыг авах шинэ үйлчилгээ Драгон төвд нээгдсэн байна. “Аз хур” болон  “Booklo” номын онлайн дэлгүүр хамтран Монголд номын автомат машиныг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр нэвтрүүлжээ. 

"Драгон" төвийн нэг давхарт очвол уг автомат машинд сүлжээний засвар хийгдэж байв. Харин “Booklo” номын онлайн дэлгүүрийн автомат машин хараахан ашиглалтад орж амжаагүй байсан юм.

Өөд өөдөөсөө харсан дээрх номын хоёр автомат машинд олон төрлийн номыг нямбайлан өржээ. Тэнд шилдэг номын жагсаалтыг тэргүүлж байгаа 25 нэр төрлийн 250 гаруй ном байна.  Дэлхийн сонгодог уран зохиолоос авхуулаад гадаад хэлний ном, хүүхдэд зориулсан үлгэрийн ном хүртэл байв.

ДЭЛГҮҮРТ  ЗАРАГДАЖ БАЙГАА НОМЫН ҮНИЙН ДҮНГЭЭС АРВАН ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 

Уг номын АТМ зөвхөн карт унших бөгөөд номын дэлгүүрүүдэд зарагдаж байгаа номын үнийн дүнгээс 10 хувийн хямдралтай гэнэ. 

 “Аз хур” номын дэлгүүрийн идэвхжүүлэлтийн менежер О.МӨНХГЭРЭЛ:

-Номын автомат машины "Драгон" дахь салбарт сүлжээний засвар хийгдэж байна. Ирэх долоо хоногт хэвийн ажиллана. Тэнгэр плаза” худалдааны төв болон "Драгон" төвд номын автомат машиныг нэг өдөр суурилуулсан. Дээрх хоёр газраас гадна 3, 4 дүгээр хорооллын  “Solo Mall”, “Encanto Mall худалдааны төв”, Яармагийн “Оргил” худалдааны төвд номын автомат машиныг дөнгөж байршуулаад байна. Тэгэхээр хэвийн  ажиллагаанд орох арай бэлэн биш гэсэн үг.  Хүмүүсийн хөдөлгөөн, хотын түгжрэл ихтэй таван байршилд номын автомат машиныг байршуулсан. Ерөнхийдөө залуусын номын соёлтой хэрэглээг дэмжих, АТМ-аас мөнгө авдаг шиг шинэ гарсан, шилдэг номуудыг номын автомат машинаас худалдан авах боломжоор хангах зорилготой. Автомат номын машинд шинэ гарсан, уншигчдын дунд эрэлт хэрэгцээтэй байгаа номуудыг сонгож байршуулсан.

Номын баяжуулалт 7-10 хоногтоо хийгдээд явах юм. Цаашдаа хөдөө орон нутагт илүү олныг байршуулахаар судалгааны ажил хийгдэж байна. Хүмүүс ихэвчлэн хувь хүний хөгжил рүү чиглэсэн ном ихээр авдаг болж. Залуус өөрийгөө хөгжүүлэхэд их анхаардаг болсон нь харагдаж байна. Шинэ үйлчилгээ учир хэрхэн худалдан авалт хийх вэ гэж асууж, холбогдож байна. Худалдан авагч дэлгэцэн дээр худалдаж авах номын дугаарыг оруулаад, enter товчийг дарна. Машин дээр сонгосон номын үнэ гарч ирэх бөгөөд картаа уншуулна. Хэрэглэгчийн дугаар дээр Ebarimt системд бүртгэлтэй утасны дугаараа оруулснаар автоматаар  татварын системд бүртгэгдэх юм. Гүйлгээ нь 60 секундын дотор баталгаажиж, сонгосон ном доош унана. Доор байрлах "Та номоо эндээс авна уу" гэсэн бичигтэй хэсгийг цааш түлхэж, номоо авахад л болно” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж