Сүүлийн хэдэн сар АНУ хэдэн зуун цагаач хүүхдийг зочид буудалд хорьж, засгийн газрын ажилчдаар мануулж байгаа нь тэдний ирээдүйг ноцтой эрсдэлд оруулаад байна.
Цагаачдын болон хүний эрхийн байгууллагууд АНУ-ын Засгийн газрыг цар тахлын нэрийг ашиглан хуулийн цоорхойгоор гэмгүй хүүхдүүдийг улсаасаа албадан хөөхөөр улайрч байна хэмээн буруушааж байгаа аж.
“Тэдгээр хүүхдүүдийг гадаад ертөнцтэй харилцах боломжгүй харанхуй өрөөнүүдэд хорьж байна. Хүүхдүүд гадаад ертөнц байтугай цагаачдын албанд ч хандаж чадахгүй байна. Тэднийг маш чанга хатуу нөхцөлд байлгаж байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн” хэмээн Техасын иргэний эрхийн төлөө тэмцэгч, ахмад өмгөөлөгч Карла Марисол Варгас хэлжээ.
Цагаачлал, хилийн хууль сахиулах байгууллагуудын хэлж байгаагаар шүүх хурлын эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Харин засгийн газрын зүгээс тусгаарлалтад байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж, эрүүл ахуйн шаардлага хангасан, зөвлөмж хэрэгжүүлсэн нөхцөлд байлгаж байгаа гэж тайлбарлаж буй. Гэвч бодит байдал дээр хүүхдүүдийг хэн ч харж хандалгүй, хүчирхийлэл, анхаарал халамж дутмаг орчинд хорьж байгаа хэмээн иргэд мэдээлж байна.
Цар тахлын үед цагаач хүүхдүүдийг зочид буудалд тусгаарлах явдал улам ихэсч байгааг шүүхийн баримтууд харуулж байгаа юм. Тухайлбал, Аризона, Техас, Луйзиана гэсэн гурван мужид дор хаяж 25 зочид буудлыг цагаач хүүхдүүдийн тусгаарлах байр болгон ашиглаж байгаа аж.
Гэр бүлтэйгээ хамт ирсэн ч өсвөр насны 570 гаруй, бага насны 80 гаруй хүүхэд гуравдугаар сараас хойш хоригджээ.
Хүүхдүүдийг төлөөлөн шүүх хуралд оролцож байгаа хуульчийн мэдээлснээр, хоригдож буй хүүхдүүд шүүгчтэй, эсвэл хуульчтай холбоо тогтоох боломжгүй нөхцөлд байгаа аж. Тэд хаалттай зочид буудлуудын дотор юу болж байгаа тухай жижиг сажиг мэдээллүүдийг энд тэндээс цуглуулсаар өдийг хүрчээ. Гэвч тэдний хэлж байгаагаар одоо ч маш олон зүйл олны нүднээс далд байсаар байна.
Эцэг эхээсээ тусдаа хоригдож буй хүүхдүүд
Гондурасаас ирсэн 16 настай хүү Эл Пасо зочид буудалд 28 хоног хоригдохдоо утсаар ярих аавынхаа хоолойноос айдас мэдэрдэг байжээ. Эл Пасо зочид буудалд хүүхдүүдийг өдөрт ердөө 10 минут эцэг эхтэй нь утсаар яриулдаг. Түүгээр ч зогсохгүй тийнхүү ярихдаа чанга яригч дээр нь тавьж, ажилтны хяналт доор ярих ёстой.
“Хүмүүс бидний үйлдэл бүрийг хянаж байдаг. Тиймээс би аавдаа байгаа газраа зааж өгч чадаагүй. Би түүнд байгаа буудлынхаа хаяг, нэрийг ч хэлж чадаагүй. Аав минь хаана байгааг минь үргэлж асууна, ‘Хэлж болохгүй ээ’ гэж хариулахад минь бүр ихээр санаа зовдог байсан” хэмээн хүү ярьсан байна.
Цагаач хүүхдүүдэд албан ёсны биеийн байцаалт, гар утас гэх мэт зүйл байхгүй тул эцэг эх нь тэднийг хайж олоход тун бэрх болдог. Ялангуяа долдугаар сараас хойш хүүхдээ алдсан маш олон цагаач гэр бүл хуульчдад хандах болсон байна.
Хуульчид дугаараа бариад буудлын гадаа зогсдог
Заримдаа арайхийж хүүхдүүдийг оллоо ч тэдэнд хүрэх бараг боломжгүй байдаг байна. Жишээ нь, бүлэг хуульчид долдугаар сард цагаач хүүхдүүд "Хэмтон" зочид буудалд хоригдож байгааг олж мэджээ. Гэвч тэднийг дотогш оруулах байтугай барилгад ойртуулаагүй аж. Тиймээс хуульчид дотор байгаа хүмүүсийн анхаарлыг татахын тулд машиныхаа дуут дохиог хангинуулан, утасны дугаараа том самбар дээр бичээд барин зогсоцгоосон байна.
Үр дүнд нь хэд хэдэн хүүхдүүд цонхоор тэднийг олж харсан ч “Бидэнд утас байхгүй, гэхдээ та нарын тусламж хэрэгтэй байна” гэж бичээд, цонхон дээрээ наахаас өөр зүйл хийж чадаагүй аж. Хуульчид руу үнэхээр нэг ч хүүхэд залгаагүй боловч мэдээ харсан зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ тэнд байгааг мэдэж авчээ.
Улмаар цагаач гэр бүлүүд хуульчидтай хамтран зочид буудалд шаардлага тавихад зочид буудлын зүгээс тэдний барилгыг Засгийн газар ашиглаж байгааг мэдэгдсэн байна.
Зочид буудлууд доторх нөхцөл байдал
Эл Пасод хоригдож байсан хүүгийн ярьснаар зочид буудалд эхэндээ харгалзагчид нь сайхан ааштай, хүүхдүүдийн нэхсэн бүрийг өгч, хамтдаа кино үзэн, тоглуулж, идүүлж, унтуулж, тэр байтугай богино хугацаагаар гадаа гаргадаг байсан аж. Гэсэн хэдий ч дураараа явж болохгүй, хаана байгаагаа мэдэхгүй, цаашид юу болохыг ойлгохгүй байх нь тэдэнд маш их айдас, түгшүүр мэдрүүлж байжээ.
Нэгэн өмгөөлөгчийн ярьснаар, хүүхдүүдийн анхдагч хэрэгцээг буудлын ажилтнууд хангаж, богино хугацаагаар хаалттай гадаа талбай, бассейнд тоглуулдаг байсан ч тэдэнд зориулсан сэтгэл зүйч, боловсрол олгох төлөвлөгөө огт байгаагүй аж. Зочид буудлын зүгээс хүүхдүүдийг төрийн хамгаалалтад байлгаж байгаа хэмээж буй бөгөөд маш олон асуултад хариулаагүй хэвээр байна. Мөн засгийн газрын нэгэн ажилтан “Эрүүл мэндийн төвийн зөвлөснөөр тэднийг олон нийтээс тусгаарлах богинохон хугацаанд хүүхдүүдэд хэрэгтэй бүх зүйлийг бид бэлдэж өгсөн. Тэдэнд дулаан ор, идэх хоол, зурагт, видео тоглоомууд зэрэг сатаарах бүх зүйл бий. Тэд бүр өрөөнийхөө дулааныг ч өөрсдөдөө зориулан тохируулах боломжтой” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN