Хэн нэгний оронд солигдож явах зэрэг шаардлагыг хүлээж авахгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Хэн нэгний оронд солигдож явах зэрэг шаардлагыг хүлээж авахгүй

Хэн нэгний оронд солигдож явах зэрэг шаардлагыг хүлээж авахгүй

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,  "Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавирусийн халдвар маш эрчимтэй тархаж 7 хоног дараалан нэг өдөрт 200-300 тохиолдол шинээр илэрч байгаа тул БНСУ-д улс даяар хорио цээрийн дэглэмийг 2 дугаар шатлалд, 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийслэл Сөүл болон ойр орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийн эцсийн шатны өмнөх буюу чангатгасан 2.5 дугаар шатлалд тус тус шилжүүлээд байна.

БНСУ-ын эрүүл мэнд, хорио цээрийн байгууллагаас ард иргэд нийтээрээ хорио цээрийн дэглэмжийг хатуу мөрдөж, нийгэмд зай барих, амны хаалт зүүх, хүнс зэрэг өдөр тутмын шаардлагатай зүйл худалдан авах болон ажилдаа явахаас бусад үед аль болох гадуур, олон нийтийн газраар явахгүй гэртээ байх, уулзалт, хоол зэрэг олон нийтийн арга хэмжээг цуцлах, хойшлуулах, 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. “Хоорондоо зай барих” дэглэмийг хүн бүр хариуцлагатай хэрэгжүүлэх нь БНСУ-д цар тахлын 2 дах давалгааг тогтоон барих гол арга зам гэж үзэж байна.

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй. БНСУ-ын Эрүүл мэндийн тухай хууль, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хорио цээр, халдвар хамгааллын дэглэм, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлага, зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд буруутай этгээдийг 3 сая хүртэл воноор торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Мөн эрх бүхий байгууллагаас тогтоосон халдвар хамгааллын дэглэмийг санаатайгаар зөрчсөн, бусдад тархаах нөхцөл бүрдүүлсэн бол учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх, эмчилгээний зардлыг зөрчил гаргасан гадаадын иргэн өөрөө хариуцах хуулийн зохицуулалт үйлчилж буйг манай иргэд ойлгон ухамсарлаж, оршин сууж байгаа улсынхаа халдвар хамгааллийн дэглэмийн журмыг хатуу сахиж мөрдөхийг анхааруулж байна.

2020 оны 3 дугаар сараас хойш БНСУ-аас нийт 15 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3467 иргэн нутаг буцсан. 8 дугаар сарын 21-ний байдлаар тус ЭСЯ-нд нийт 4686 иргэн өргөдөл ирүүлсэн байна. Иргэдийн зүгээс тавьж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх, тусгаарлах хугацааг богиносгох, бусад авиа компаниудыг нислэг үйлдүүлэх, ЭСЯ-нд өгсөн өргөдлийн дагуу нислэгт хамруулах зэрэг иргэдийн зүгээс тавьж буй санал хүсэлт, шаардлагыг Гадаад харилцааны яам, УОК-т тухай бүр танилцуулж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна. ЭСЯ-ны Консулын хэлтэст суулт хийж байгаа иргэн нэг бүртэй уулзаж, хувийн гачигдалтай асуудлуудыг сонсож ярилцсан. Эдгээр иргэдээс ар гэрт нь хагацал зовлон учирсан зэрэг зарим нэг иргэдийн асуудлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн УОК-ийн Шуурхай штабт танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн зүгээс тавьж буй дараалал үл харгалзан яаралтай явах, хэн нэгний оронд солигдож явах зэрэг шаардлага нь нутаг буцахаар өргөдөл өгч хүлээж байгаа бусад 4600 гаруй иргэний эрх ашгийг үл хүндэтгэсэн хэрэг болох тул ЭСЯ ийм шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно.

БНСУ-д оршин сууж буй манай иргэд суугаа орныхоо хууль журмыг хүндэтгэж, хорио цээрийн дэглэмжийг хатуу сахиж, өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд ойр дотны хүмүүсээ цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж