Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр (2020.09.02) 14:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 254 хүн эх орондоо ирсэн юм. Эдгээрээс 71 хүнийг “Тулгат” амралтын газар тусгаарлах байсан ч 25 залуу тус амралтын газар тусгаарлагдахгүй хэмээн эсэргүүцэл зарласан учраас Төв аймгийн цагдаагийн хэлтсийнхэн очиж эсэргүүцлийг зогсоожээ. Улмаар холбогдох байгууллагаас дээрх 71 хүнийг хотод буюу Био комбинатад байрлах “Энхсаран” сувилал руу шилжүүлсэн байна. Чухам юу болсон талаар Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяраас тодрууллаа.
-Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 25 залуу “Тулгат” амралтын газар тусгаарлагдахгүй гэж эсэргүүцэл илэрхийлсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд зурагтайгаа цацагдсан. Яагаад оюутнуудыг "White house"-д буулгана гэж мөнгө төгрөгийг нь авчихаад яагаад интернэт сүлжээ, халуун усгүй газар аваачсан юм бэ?
-Гадаадад гацсан иргэдээ татан авчрахад хамгийн хүндрэл учруулж байгаа асуудал нь тусгаарлах байрны хүчин чадал. Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Цонжинболдогоос цааш зургаан километрт байрлах "Тулгат" амралтын газрыг өнгөрсөн наймдугаар сард ажлыг хэсэг сонгосон. Тус амралтын газар нь хэрэглээний усанд холбогдсон, есөн байшинтай. Наймдугаар сарын 30-ны өдөр Нурсултанаас ирсэн есөн гэр бүлийн өндөр настай иргэдийг хүлээн авч, тусгаарлах үед хотоос хол газар хөгшид хүүхдүүдийг, хотын төвд тансаг буудалд залуучуудыг тусгаарлаж байна гэсэн шүүмжлэл гарсан. Тиймээс өчигдөр Сиатл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн залуучуудыг хуваарилахаар шийдвэрлэсэн.
"Тулгат"-ад тусгаарлагдахаар хуваарилагдсан оюутнууд интернэт, утасны сүлжээ муу, усанд орох боломжгүй гэсэн шалтгаан хэлж, тээвэрлэн очсон автобуснаас буухгүй байсан.
Эдгээр залуучууд дунд яг хэд нь оюутан бэ гэдгийг дахиж нарийн судална. Тэд хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн алба хаагч, тусгаарлах байранд ажиллаж буй эмч нарын тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байсан учраас Төв аймгийн цагдаагийн газраас эрх бүхий албан тушаалтан томилж ажиллуулсан. Ер нь тусгаарлалтын аль ч буудал иргэдийг өндөр хурдны интернэтээр хангах боломжгүй учраас тусгаарлалтад байгаа хүмүүс өөрийнхөө гар утасны датаг ашиглаж байна.
“Тулгат” амралтын газар нь гэр интернэт болон гар утасны интернэт ашиглан интернэтэд холбогдох бүрэн боломжтой байсан. Харинх ариун цэврийн өрөөтэй ч шүршүүр байхгүй нь үнэн. Тиймээс иргэд гадаа байрлах шүршүүрт хуваарийн дагуу орсноор харин ч агаарт гарах давуу талтай байсан. Хотод тусгаарлагдсан хүмүүс "Хүүхдүүдээ аваад 20 минут гадаа гармаар байна" гээд зөндөө гуйдаг.
– "White house" зочид буудалд буулгах боломжгүй байсан юм уу?
-Тэднийг “White house" зочид буудалд тусгаарлана гэж хуурч, “Тулгат” амралтад хуваарилсан юм байхгүй. Есдүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны яамнаас гаргасан зорчигчдын нэрийг хүлээн авч, төлөвлөгдсөн тусгаарлах байруудад хуваарилан урьдчилан хүргүүлсэн. Эсэргүүцэл зарласан залуусыг хүчээр “Энхсаран” сувиллын газар шилжүүлэн байршуулсан гэдэг ч худлаа.
Шилжүүлэхийн өмнө “Тулгат” амралтад ажиллаж байгаа эмчээр дамжуулан тус сувилалд шилжүүлэх талаар мэдэгдэж, иргэд зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлсэн. Мөн тус аймгийн цагдаагийн дарга “Тулгат” амралтын газарт очиж, иргэдэд шаардлага тавьж, тайлбар өгсөн. Цагдаагийн дарга өөрөө тэдгээр хүмүүстэй уулзвал ойрын хавьталд тооцогдон, 21 хоног тусгаарлалтад орох учраас холын зайнаас чанга яригчаараа ярьж шаардлага тавьсан. Тусгаарлах байранд зөвхөн халдвар хамгааллын хувцас өмссөн эмч, онцгойгийн ажилтан хоёр л тэдэндтэй харилцах эрхтэй.
Төв аймгийн тусгай хүчин очиж хүмүүсийн гар утсыг хураасан гэдэг ч ташаа мэдээлэл юм.
-Иргэд "Улсын Онцгой комисс (УОК)-оос тусгаарлах байруудыг сонгохдоо бизнес хийж байна" гэж шүүмжилж байна. Ер нь тусгаарлах байруудыг хэрхэн сонгодог вэ?
-Тусгаарлах байраар ашиглах байр байхгүй бол иргэдийн санал болгосны дагуу УОК-ын Шуурхай штабаас Эрүүл мэндийн яам, онцгой, цагдаа зэрэг бүх төрлийн мэргэжлийн байгууллагуудаас очиж, газар дээр нь буудлуудын нөхцөл байдалтай танилцаж, ДЭМБ болон ЭМЯ-наас тавьсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг үзээд сонгодог. Ямар нэгэн албан тушаалтны буудлыг ашиг орлоготой болгож байгаа асуудал огт байхгүй гэдгийг хэлмээр байна.
Гадаадаас олон иргэнээ татан авч буй энэ нөхцөлд иргэд байрлах буудлыг сонгох боломжгүй байгаа. Учир нь эхний ээлжийн хүмүүсийг 21 хоног тусгаарлалтад авч гаргаад, дараагийн хүмүүсийг оруулах зэргээр цаг үед нь зохицуулалт хийгээд ажиллаж байна. Гэтэл иргэдээс энэ тусгаарлах байранд орохгүй, урьдын хүмүүс ингэж ярьж байсан, тийм байсан зэрэг асуудлууд үүсгэдэг. Энэ нь төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулж байна.
Тухайлбал, “Тоёоко Инн Улаанбаатар”, “Наранбулаг” зочид буудал өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах үүднээс 14-20 хоногийн хугацаа хэрэгтэй гэж байна. "Сэнтий", "Жаргалант" зочид буудлууд тодорхойгүй хугацаагаар тусгаарлалтын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан. Мөн "Мичид" зочид буудлын ажилчид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх учраас тусгаарлалтад 21 хоног орж чадахгүй гээд үйл ажиллагаагаа явуулахаа зогсоолоо. "Багабаян" амралтын газарт цэргийн багууд ээлж сольж байгаатай холбогдуулаад мөн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна.
-“Амар” зочид буудалд тусгаарлагдсан иргэд өдрийн хоолны цагаар хаалган дээрээ гарч, гадаадаас иргэдээ хурдан татах ажлыг эрчимжүүлэх шаардлага тавьж, эсэргүүцлийн суулт хийхээ мэдэгдээд байна. Өөр буудалд тусгаарлагдсан иргэд ч мөн нэгдсэн сурагтай. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би "Амар" зочид буудалд ажиллаж байгаа менежер болон ажилчдаас нь мэдээлэл авсан. Гадаадад гацсан иргэдээ татаж авах ажиллагааг эрчимжүүлэх талаар шаардлага тавих гэж байгаа бол 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад, үгээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Харин өрөөнийхөө үүдэнд суулт зарлана гэдэг нь халдвар хамгааллын маш том журам зөрчиж байгаа хэлбэр. Дээрх хүмүүс үнэхээр эсэргүүцлийн суулт хийвэл тусгаарлалтаас гарсных нь дараа Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ