Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах болзол хангасан оюутнуудын материалыг их сургуулиуд энэ оны наймдугаар сарын 29-нийг хүртэл цахимаар авсан талаар УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр БШУЯ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлсэн.
Оюутны хөгжлийн зээл хүссэн оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх эсэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангаас тодруулахад “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэгдсэн мэдээлэл өгнө. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх тайлбар өглөө.
Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад “Сангийн яамнаас Боловсролын зээлийн санд 10 тэрбум төгрөгийн төсөв шилжүүлсэн. Уг сургалтын төлбөрийн санхүүжилт нь зөвхөн дотоодын их сургуулиудад хамааралтай” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. Иймд 2-4 дүгээр курсийн сургалтын төлбөр огт нэмэгдээгүй. Харин нэгдүгээр курст зөвхөн онцлог хөтөлбөрүүд дээр кредитийн төлбөр бага хэмжээгээр нэмэгдсэн. Салбар яамнаас сургалтын төлбөрийг уян хатан зохицуулалттайгаар авахыг их, дээд сургуулиудад үүрэг болгосон. Ингэхдээ нэг удаад 50, эсвэл 100 хувь авахыг хориглосон” гэж УИХ-ын ээлжит бус чуулганы /2020.08.18/ хуралдаан дээр мэдээлсэн юм.
Оюутны хѳгжлийн зээлийг жилд хоёр удаа тухайн улиралд судалж буй хичээлийн төлбөрийн хэмжээгээр хүүгүй, сургуулиа тѳгсѳѳд зургаа хүртэлх жилийн хугацаанд эргэн тѳлѳгдѳх нѳхцѳлтэйгөөр Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад суралцагчдад олгодог.
Шинээр элсэгч оюутан ЭЕШ-ын оноо нь 600 болон түүнээс дээш оноотой, суралцаж буй бакалавр 2.8-аас дээш голчтой байна. Мөн магистр болон докторт суралцагчийн голч дүн нь 3.2 болон түүнээс дээш суралцаж байгаа тохиолдолд хамрагдах боломжтой юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН