Монгол Улсын санхүүгийн салбарт "Covid-19" цар тахлын сөрөг нөлөө их байна. Тухайлбал, цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан Засгийн газраас авсан арга хэмжээний хүрээнд хил хааж, хорио цээрийн дэглэм тогтоосноор экспортын үйл ажиллагаа зогсонги байдалд орох, бөөний болон жижиглэн худалдааны нийлүүлэлт буурах, хүнсний бус худалдааны салбар, тээвэр, түрээс, үйлчилгээний салбарын орлого тасалдах зэрэг сөрөг үр дагаврууд гарч буй юм.
2020 оны зургадугаар сарын байдлаар банкны салбарт 126 мянган зээлдэгчийн 1.8 их наяд, ААН-ийн 2672 зээлдэгчийн 3.1 их наядын зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсчээ.
Төв банкнаас зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн ангиллыг тодорхой хугацаанд бууруулахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд 2020 оны зургадугаар сарын байдлаар банкны системд 92.8 мянган зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан байна.
Цар тахлаас шалтгаалан зээл олголт болон эргэн төлөлтүүд тасалдан хойшлогдох, зарим зээлдэгчийн хувьд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох буюу эрсдэлийн сангийн зардлыг нэмэгдүүлэх зэрэг хувилбаруудаар банкны системд стресс тестийн шинжилгээ хийжээ. Эндээс банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт алдагдахааргүй үр дүн гарсан байна. Харин банкуудын ашигт ажиллагаа буурч, алдагдалтай ажиллах, зээл олголт багасч, санхүүгийн салбар болон бодит сектор хоорондын харилцан уялдаа буурч, улмаар эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дүн гарчээ.
Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын ээлжит буюу 14 дэх тайланг танилцуулах үеэр зах зээлд үүсч буй тодорхой бус байдлаас үүдэн санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэж, хөгжиж байгаа орнуудын Засгийн газрын бондын үнэ огцом унах, ам.долларын хомсдол бий болох зэрэг үйл явц өрнөж, дэлхийн зах зээлийн эмзэг байдал үүсэх эрсдэл бий болж байгааг тэмдэглэсэн билээ.
Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9 хувь агших хүлээлттэй байгаа нь урьд өмнө болсон 2008-2009 оны эдийн засаг, санхүүгийн хямралаас нэлээд өндөр үзүүлэлт гэж дүгнэж буй юм.
Банкны салбарын хувьд системийн дунджаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааны үзүүлэлт 2020 оны зургаадугаар сарын байдлаар 40.6% буюу Монголбанкнаас тогтоож өгсөн доод хязгаараас 15 нэгжээр, нийт өөрийн хөрөнгө, эрсдэл шингээсэн активын харилцаа 15.6% буюу Монголбанкнаас тогтоосон доод хязгаараас 3.6 нэгжээр тус тус өндөр байгаа аж. Мөн банкнаас бусад санхүүгийн салбарын үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байгаа нь СЗХ-ны судалгаа харуулав.
Монгол Улсын арилжааны банкуудын активын долларжилт буурч, эх үүсвэрийн долларжилт нэмэгдэх хандлагатай байна.
Санхүүгийн долларжилтын түвшин өндөр байх нь мөнгөний бодлогын шилжих механизмын нөлөөг сулруулдаг. Инфляц, ханшийн хэлбэлзэл үүсэх, хүүгийн зөрүүг нэмэгдүүлэх санхүүгийн системийг хямралд өртөмтгий, эмзэг болгох зэрэг сөрөг нөлөөтэй байна.
Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд зах зээлийн үнэлгээ нэгдүгээр улиралд өөрчлөлтгүй боловч дөрөвдүгээр сараас уналт үзүүлж эхэлжээ. Тус зах зээл дээрх компаниудын хувьцаа нь хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл өндөртэй, хоёрдогч зах зээлд арилжаалагддаг хувьцааны хэмжээ бага, зах зээлийн идэвх сул зэрэг шалтгааны улмаас зах зээл аливаа нөлөөнд харьцангуй мэдрэг бус байх хандлага ажиглагддаг. Зах зээлийн үнэлгээ 2020 оны зургадугаар сарын байдлаар 9.5 хувиар буурч, ДНБ-тэй харьцуулахад 6.6 хувьтай тэнцэж байгаа аж.
Даатгалын салбарын хөгжлийн гол хэмжүүр даатгалын гүнзгийрэлт буюу ДНБ-д эзлэх хураамжийн орлогын хувь хэмжээ манай улсын хувьд олон улсын түвшинтэй харьцуулахад нэлээдгүй доогуур буюу 2020 оны нэгдүгээр улиралд даатгалын гүнзгийрэлт 0.44 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 0.01 хувиар буурчээ. Даатгалын салбарт хураамжийн орлого тасалдах, нөхөн төлбөрийн зардал давах, нөхөн төлбөрийн зардал багасах, улмаар нөөц сангийн хэмжээ багасах, валютын ханшийн дарамт нь сөргөөр нөлөөлөгч гол хүчин зүйл болж буй юм байна.
Холбоотой мэдээ