“Эрдэнэс Таван толгой” ХК-ий 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн мөнгийг өнөөдөр /2020.09.03/-өөс эхлэн иргэдийн арилжааны банкны дансанд шилжүүлэх болсон тухай “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн гүйцэтгэх захирал Ж.БАЙГАЛМАА:
-Манай байгууллага Монгол Улсын үнэт цаасыг хадгалдаг, бүртгэдэг, үнэт цаастай холбоотой шилжүүлэг хийдэг 100 хувь төрийн өмчит компани. “Эрдэнэс Тавантолгой” ХК дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ногдол ашиг олгогдох талаар түүхэн шийдвэр гарсан. Энэ хүрээнд ногдол ашиг зуучлан олгох гэрээ хоёр компанийн хооронд хийсэн бөгөөд тэрхүү 1072 хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс эхлэн үнэт цаасны данс нээлгэж, өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа холбуулсан иргэдийн Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дахь үнэт цаасны дансанд байршиж эхэллээ. Ногдол ашиг авах 2 сая 512 мянга 768 иргэн, 486 ААН-ийн 179 тэрбум 830 сая төгрөгийн ногдол ашгийг зуучлуулан тараах гэрээ хийсэн.
Үүний дагуу ЭТТ ХК 2020 оны тавдугаар сарын 5-нд 60 тэрбум төгрөг, наймдугаар сарын 6-нд 40 тэрбум төгрөг, мөн сарын 25-нд үлдсэн 79.8 тэрбум төгрөгийг шилжүүлж, төрийн санд 179 тэрбум 830 сая төгрөг байршаад байна. Ингэснээр ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх үүрэг 100 хувь манай байгууллагад хамаарч байна.
Мэдээллээ баталгаажуулсан иргэдийн ногдол ашгийг наймдугаар сарын 28-ны өдөр бичилтийг нь хийгээд дууссан. Бичилт хийнэ гэдэг нь иргэн Бат хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаас хамааран хэдэн төгрөг олгох вэ гэдгийг системийн дагуу автоматаар бичээд дууссан гэсэн үг. Угтаа бид 1072 хувьцааг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Өнөөдрийн байдлаар 1 сая 883 мянган иргэн хувьцааны данс нээлгэсэн байгаагаас 1 сая 100 мянга гаруй иргэн банкны мэдээллээ баталгаажуулсан байна. Банкны мэдээллээ баталгаажуулна гэдэг нь үнэт цаасны дансаа, өөрийн ногдол ашиг авах банкны данстай холбуулна гэсэн үг. Ингэснээр ногдол ашиг нь орно.Манай компанийн зүгээс ногдол ашиг тараах бэлтгэлийг маш сайн хангаж ажиллаж байгаа. Тодруулбал, бид УБЕГ, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, арилжааны 13 банк, үнэт цаасны 53 компанитай хамтарч ажиллалаа.
Харин зарим иргэд 2011 онд оюутны сургалтын төлбөр болон Засгийн Газарт “Сайн хувьцаа” нэрийн дор тодорхой тоо ширхгийн хувьцааг арилжсан. Тэдгээр иргэд 1072 ширхэг хувьцаатай иргэдтэй ижил хэмжээний ногдол ашиг авах боломжгүй тул ТҮЦ машин болон мэдээллийн сангаас өөрт хэдэн ширхэг хувьцаа байгааг шалгаж үзэх нь зүйтэй. Мөн бид гадаадад амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ногдол ашгаа хэрхэн авах талаар сонголтыг олгож байгаа. Тэдгээр И-баримтад бүртгэлтэй дансаар болон бусад хэлбэрээр авах боломжтой гэв.
Хувьцаагаа сургалтын төлбөр болон бэлэн мөнгөөр арилжаалсан хүмүүс, огт арилжаалаагүй хүмүүс гээд хоорондоо ялгаатай ногдол ашиг авах юм.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ