Цаг агаарын урьдчилсан мэдээллээр есдүгээр сарын эхээр тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах шаардлага тулгарчээ. Улсын ургацын комиссын хурал өнөөдөр /23020.9.3/ болсон юм. Хурлын үеэр ургацын урьдчилсан төлөв байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Мөн Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Төмөр замын Улаанбаатар өртөөний баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг арваннэгдүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглуулах талаар ярилцсан юм.
Хурлын үеэр ургац хураалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга В.Үнэнбатаас тодрууллаа.
-Энэ жил хэчнээн хэмжээний ургац хураах вэ?
-Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээ 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах боломжтой байна.
-Энэ нь дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангах вэ?
-Урьдчилсан балансаас харахад улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Мөн манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр улаанбуудай шаардлагатай. Балансаас харахад 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдүүлэхээр байна.
-Ургацын болц хэдэн хувьтай яваа вэ?
-Нийт хураах талбайн 60-70 хувь нь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байгаа. Одоо 6-10 хоног цаг агаар налгар сайхан байвал ургацаа хурааж авахад бэлэн. Ажиллах хүч, техникийн бэлэн байдлаа хангаад байна.
-Ажиллах хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Их сургуулиуд руу хүсэлт гаргасны хүчинд Хууль зүйн сургууль, Хөдөө аж ахуйн сургууль болон коллежуудаас оюутан залуусыг авч ажиллуулахаар болсон.
-Ургац хураалтад ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Өнгөрсөн долдугаар сар болон наймдугаар сард орсон үргэжилсэн борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байна. Цаг агаартай холбоотой хүндрэл гарвал тухайн үед нь шийдвэрлэнэ. Ажиллах хүч, техникийн хангамжийг шийдвэрлэсэн цагт богино хугацаанд хураах боломжтой.
-Техникийн хангамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, төмс ухагч 30, төмсний гурван комбайныг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ