Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” кино бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” кино бүтээжээ

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” кино бүтээжээ

"Эхиймаа" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино есдүгээр сарын 11-нд бүх кинотеатрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох нь ээ. Энэхүү киноны найруулагчаар "Аравт", "Чингисийн хүүхдүүд" зэрэг уран сайхны кинонуудаараа үзэгчдийн танил болсон, чадварлаг туршлагатай найруулагч Д.Золбаяр ажилласан байна.

Тус киноны хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат ажиллажээ. Тэрбээр тус киноны “Би асууя” нэртэй дууны үгийг бичиж, аяыг нь зохиосон бөгөөд "Нисванис" хамтлагийн дуучин Амгаагийн дуулснаар олны хүртээл болоод буй юм.

Энэхүү кинонд эмэгтэйчүүдийн дотоод ертөнц, гуниг, харуусал, мөн бусдын төлөө гэсэн нинжин сэтгэлийн тухай өгүүлдэг байна.

Одоогоос зургаан жилийн өмнө “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ халуун ус цацалцаж, нэгнээ түлсэн хэрэг гарсан. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ шүүхээс 7 жил 10 сарын хорих ял сонсч, 3 сар 10 хоног хоригдоод, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан бол жүжигчин Д.Оюунтуулын хувьд торгуулийн ял хүлээсэн юм.

“Эхиймаа” уран сайхны кино нь дээрх үйл явдалтай холбоотой бөгөөд Ц.Алдармаа өөрийн ойлгож, ухаарсан, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөснөөс эхлээд бүх зүйлээ бусадтай хуваалцахаар шийдсэн байна. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ гүнээ харуусч, аав ээж, үрээсээ уучлал гуйсан пост фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Би хайртай дотныхоо олон хүнээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ, зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг юм шүү. Өвдөг сөхөрч, өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй. Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тийм ээ, би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа, би.

Миний туулсан энэ алдааг мянга мянган эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, дүү нар минь битгий үзээсэй гэсэндээ өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэж, "Эхиймаа" уран сайхны киногоо хийсэн билээ" гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж