"25 жил хэвийн явсан бизнесийг төр нэг л өглөө дээрэмдэж байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

"25 жил хэвийн явсан бизнесийг төр нэг л өглөө дээрэмдэж байна"

"25 жил хэвийн явсан бизнесийг төр нэг л өглөө дээрэмдэж байна"

Эрх зүйт нийгэмд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын олон жилийн хөдөлмөрийг дээрэмдэж, хувийн өмчид халдаж байгаа зүйд нийцэхгүй мэдээллийг нэгэн эрхэм ил болгосноор асуудал хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар “Шөнийн захын эзэн” гэдгээр танигдсан М.Хүрэлсүхийн Амгалан дахь 25 жил эзэмшсэн газар, агуулахын аж ахуйг булаан газрыг нь хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Улмаар үл хөдлөх хөрөнгө болон агуулахуудыг нь буулгахаар мэдэгдэл өгч, газрыг нь "Тавантолгой" түлш компанид шилжүүлэхээр болсон гэнэ. Үүнийг эрх баригчид ЖДҮ-чдийн боломжийг хулгайлдаг байсан бол одоо жижиг дунд бизнесүүдийг дээрэмдэж авах ажил эхэлж байна хэмээн олон нийт болон газар эзэмшиж байсан компанийн зүгээс үзэж байгаа юм. Бид үүсээд буй асуудлын талаар бодит нөхцөл байдлыг "НарМон" ХХК-ын үүсгэн байгуулагч М.Хүрэлсүхээс тодрууллаа.


Тэрбээр “Манай ажил явагдахад саад учирч байгааг эртнээс гадарлаж эхэлсэн. Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар болон нийслэлээр ажлын шугамаар явж байхдаа манай компанийн мэдэл газрыг “Тавантолгой түлш” ХХК-д шилжүүлэх гэж байгаа талаар мэдээллийг олж сонссон. Ингэхдээ аль дөрвөн сарын өмнө газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр Амгалан дахь газрын гэрчилгээг хүчингүй болгосон талаарх шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр Хотын дарга асан С.Амарсайхан гаргасан байсныг мэдсэн. Бид улсад төлөх төлбөрөө цаг бүрт нь төлж ирсэн байгууллага. С.Амарсайхан даргын уг шийдвэр гарахаас 14 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 30-ны өдөр "НарМон" ХХК нийслэлийн газрын албанд тооцоо хийхэд 84 мянган төгрөгний үлдэгдэл байсан.  Гэхдээ С.Амарсайхан даргад олон удаагийн газрын төлбөрөөс зугтаж, их хэмжээний өртэй гэж ташаа мэдээллийг өгсөн учраас уг эрхийг цуцлах шийдвэрийг гаргасан байж болзошгүй гэх хардлага төрж байгаа” гэж байсан юм.

Мөн газар эзэмших эрхийг цуцалсан талаарх мэдэгдлийг "НарМон" компанид дөрвөн сарын турш яагаад мэдэгдээгүй шалтгааныг тодруулахаар компанийн удирдлагууд Нийслэлийн Газрын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлайтай уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан боловч хүлээж авч уулзаагүй гэнэ.

Тухайн "НарМон" ХХК-ын Амгалан дахь газарт нэг оффисийн зориулалт бүхий барилга, хоёр склад, мөн агуулах байдаг. Үүндээ байнгын тогтмол үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. "НарМон" ХХК нийслэлийн иргэдийн түлээ, нүүрсийг ханган нийлүүлэхээр 1997 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин эзэмшлийн газар руу орж байрласан төмөр замаар Багануур болон Шивээ овоогоос нүүрс, түлээг тээвэрлэн авч ирж, буулгасны дүнд нийслэлийн иргэдэд түлшийг нь нийлүүлдэг аж.

Тэрбээр “Шаардлагатай нөхцөл байдалд байгаа бол “Тавантолгой түлш” компанитай хамтран ажиллаж, уг компаниас бэлтгэн нийлүүлэх гэж буй сайжруулсан түлшийг хадгалах, болон түгээх үе шат дээр тусалья. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сайн талтай юм гэдгийг нийслэлд албан бичгээр хүргүүлсэн. Гэвч албан бичигт огт хариу өгөхгүй байсан тул би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн.

Ерөнхий сайд миний саналыг хүлээн авч, дэмжсэн. Ингэхдээ манай компани "Тавантолгой түлш" компанитай хамтран ажиллах гэрээ хийхээр боллоо гэж бодсон боловч бидэнтэй гэрээ байгуулах талаар шийдэлд хүрээгүй. Бид уг газрыг хууль ёсны дагуу өмчилж, улсад төлөх төлбөрөө цаг бүрт нь төлж, олон хүний ажлын байрыг бий болгож байгаа бизнес эрхлэгч байгууллага. Гэтэл тухайн өдөр манайд газар чөлөөлөх албан бичиг ирсэн. Гэхдээ шийдвэр гарсан хугацаанаасаа илтэд хоцорч ирсэн” гэв.

Тодруулбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай 2020 оны А506 дугаар захирамжаар Тавантолгой түлш ХХК-д сайжруулсан түлш, боловсруулах үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул "НарМон" компани тухайн газрыг наймдугаар сарын 24-ны дотор чөлөөлөх шийдвэрийг мөн оны наймдугаар сарын 18-ны өдөр гаргасан байдаг аж. Гэсэн хэдий ч өнөөх мэдэгдэл нь "НарМон" ХХК-д хугацаанаасаа хоцорч, наймдугаар сарын 28-ны өдөр хаяглагдан ирсэн аж.

Хууль ёсны дагуу эзэмшиж, зориулалтаараа ашиглаж байсан газрыг шууд л өөр компанийн мэдэлд өгчихнө гэж бодож явсангүй хэмээн тэрбээр ярьж байсан юм. "НарМон" ХХК 1.6 тэрбум төгрөгийг банкнаас зээл хэлбэрээр авч, ажлаа явуулж байгаа гэнэ. Түүний хэлснээр хэрвээ энэ бизнесийг байхгүй болговол 1.6 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, нэг аж ахуйн нэгж банкинд их хэмжээний өртэй үлдэнэ гэсэн үг. Ийм асуудал үүсээгүй бол энэ намар хүнсний ногоо хадгалах хоёр агуулах барьж, тариаланчдын ургацаа хадгалах агуулах байхгүй гэх асуудлыг шийдэх боломжтой байсныг ч дурьдав.

Тэрбээр үргэлжлүүлэн “Үйл ажиллагаа нь хэвийн явж ирсэн бидний бизнесийг муухайгаар хэлэхэд дээрэмдэж байна. Манай компани Улаанбаатар хотод шөнийн худалдааны төв, агуулахын аж ахуй зэргийг ажиллуулсанаар 500 ажлыг байрыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, 500 хүн түүний ард байгаа гэр бүлийнхэн гэвэл 1500-2000 хүний орлоготой байх, хоолоо залгуулах боломжийг гаргаж өгч байгаа хэрэг. Гэтэл цар тахлын энэ хэцүү үед бид төр засгийн шийдвэрийг хүндэтгэж, худалдаачдын боломжийг харж үзэх үүднээс түрээсийн төлбөрөө тодорхой хэмжээнд бууруулсан. Хувь хүн байтугай аж ахуйн нэгж модоо барьж, хаалгаа барих шахсан үед биднийг дэмжих бус үйл ажиллагааг нь зогсоох, газрыг нь булааж байгаад харамсалтай байна” хэмээв.

Мөн нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд уг шийдвэрийг эргэн харж, баримт материалыг дахин шүүж өгөхийг албан бичгээр хүргүүлсэн. Хэрвээ асуудлыг зөвөөр шийдэж өгөхгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандана гэлээ.

Ийнхүү 25 жилийн турш нийслэлчүүдийн түлшний хэрэгцээг хангахаар ажиллаж ирсэн "НарМон" ХХК болон өрхийн төсвөө компаниас авсан цалингаараа босгож яваа ажилчид, тэдний гэр бүл цаашид хэрхэх нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна гэхэд хилсдэхгүй. Асуудлыг дахин эргэн харья. Төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны боломжийг холбогдох төрийн өндөрлөгүүд дэмжин,  гаргаж өгсөөр байтал яагаад заавал олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн агуулах, байгууламжуудыг татан буулгаж, газрыг нь өөр компанийн мэдэлд шилжүүлэх гээд байна вэ гэх маргаан дагуулсан олон асуултууд хөвөрч байна. Энэ нөхцөлд "НарМон" ХХК гэлтгүй олон нийтэд хардлага төрөхөөс ч өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, "НарМон" ХХК-ын газар эзэмшлийг цуцлах нь хэнд ашигтай вэ. Магадгүй үүний цаана хэн нэгэн албан тушаалтны амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн хүсэл байна уу аль эсвэл төрийн ажил хэрэг явагдаж байгаа нь энэ үү.

Бид хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалахаас илүүтэй өнөөгийн нийгэмд дуулдах болсон төр, хувийн хэвшлийн маргаан дэгдээсэн асуудлууд гарсаар байгааг нэгэн жишээгээр сурвалжилахыг зорьлоо. Өнөөдөр иргэн М.Хүрэлсүхийн хувийн бизнесийг дээрэмдэж байгаа мэт харагдаж байвч маргааш өөр хэний, ямар аж ахуйн нэгжийн бизнесийг төрийн шийдвэр гэх нэрийн дор дээрэмдэхийг тааварлашгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж