“Риновирусийн гаралтай ханиад энэ зунжин илэрсэн”

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

“Риновирусийн гаралтай ханиад энэ зунжин илэрсэн”

“Риновирусийн гаралтай ханиад энэ зунжин илэрсэн”

Зуны улиралд ч эдгэхгүй, харшилтай андуурагддаг ханиадны талаар болон томуу, томуу төст өвчний талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины клиникийн их эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэлтэй ярилцлаа


-Сүүлийн үед хоолой өвддөг ханиад их байна. Энэ нь ямар вирусээр үүсгэгдсэн ханиад вэ?

-Томуу, томуу төст өвчин гэдэг нь агаар дуслын замаар дамжин халдварладаг амьсгалын замын цочмог вирусийн халдвар. Томуу, томуу төст өвчин нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Халдварт өвчин учраас өвчтэй хүн, эсвэл амьтнаас халдварлаж байна гэж үзэж байгаа. Дэлхийн түүхэнд 1918 онд Испанийн хар тахал, 1957 оны Азийн хар тахал, 2009 онд гахайн томууны цар тахал болсон. Энэ нь амьтны вирус нь хүний биед нэвтрээд халдвар үүсгээд, улмаар мутацид орж, хүнээс  хүнд дамжин халдварлаж, олон хүн нас барсан тохиолдлууд бий. Covid-19-ийг амьтнаас халдварласан гэж үзэж байгаа.

Томуугийн улирал нь аравнэгдүгээр сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл буюу хүйтэн сэрүүнд тохиодог. Учир нь, томуу өвчин үүсгэгч нь А, В, С хүрээнийх гэж байдаг.

А хүрээний томуу үүсгэгч вирус нь -70 хэм хүртэл тэсвэртэй байж чаддаг.  Тиймээс хүйтэн сэрүүнд, агаар дуслаар дамжин хүнээс хүнд халдварладаг. Халдварлалт нь 99  хувьтай байдаг. Дархлааны тогтолцооноос үл хамаарч аль ч насны, ямар ч хүн уг вирусээр өвчлөх магадлалтай.

-Дулааны улиралд ч идэвхтэй байдаг ямар вирус байна вэ?

-Адино, рино, интеро, сценовирус вирусүүд идэвхтэй байгаа. Адино вирус гэхэд улирал харгалзахгүйгээр, дөрвөн улирлын туршид дэгдэж байна. Халуурч, хамар битүүрнэ, хоолой өвдөнө. Риновирус энэ зунжин илэрсэн. Томуугийн үндэсний төвийн вируслогийн лаблораторид хийсэн шинжилгээгээр риновирус энэ зун их илэрсэн. Энэ вирус томуугийн вирус дотор 30-50 хувийг эзэлж байна. Хамрын салст бүрхэвч рүү нэвтрэн ороод, амьсгалын дээд замд үржиж, хамрын салстын үрэвсэл амьсгалын дээд замын үрэвсэл үүсгэдэг вирус. Риновирус нь маш олон типтэй. Нэг төрлийн типээр нь өвчлөөд эдгэрч дархлаа тогтсон байхад дараа нь өөр төрлийн типээр өвчлөх, энэ төрлийн вирусээр дахин дахин ханиад хүрэх магадлалтай. Риновирусийн үед арай бага халуурч, халдвар хордлогын шинж тэмдэг арай бага илэрнэ. Толгой өвдөж, хямрах нь бага. Хамарны салст хөөж хавагнах, нус гоожих, хамар битүүрч, шархирах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Удаан үргэлжилнэ. Томчуудад хөнгөн хэлбэрээр тусдаг бол хүүхдэд хүндээр өвчлүүлэх магадлалтай. Интеровирусийн үед ханиалгах, хамар битүүрэх, нус гоожих, зогсоозайгүй ханиалгах, гэдэсний хямрал үүсгэдэг.

-Риновирусийг хэрхэн эмчлэх вэ?

-Рино болон RC зэрэг зарим вирусийг устгах арга байдаггүй. А хүрээний вирусийн үед дамжин халдварлахыг зогсоох эмүүд бий. Гэхдээ томууг эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь хүний өөрийн дархлаа.

-Томуу, томуу төст өвчнийг эм тан хэрэглэлгүйгээр өөрөөр нь эдгээх нь үр дүнтэй гэж үү?

– Амьсгалын замын халдварын эсрэг хүний дархлааны тогтолцоо ажиллаж, эдгэх зэрэг нь зүй тогтлоороо явж байдаг.

Хүн жилд 4-6 удаа томуу, томуу төст өвчнөөр өвчилж байна гэсэн судалгаа байдаг. Хүмүүсийн амьдралд ханиад хүрэх, эдгэх нь энгийн үзэгдэл болоод байгаа. Нэг вирусийн цикл 7-14 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын гэмтсэн эсүүд нөхөн төлжтөл 14 хоног болдог. Энэ хугацаанд ханиад үргэлжилж, нэг цикл дуусахад эдгэдэг гэсэн үг.

А хүрээний вирусийн үед маш өндөр халуурдаг ч богино хугацаанд буюу 3-4 хоног үргэлжилнэ. Үүний зэрэгцээ зогсоо зайгүй ханиалгана, толгой өвдөнө, бүх бие янгинана. Халтгалгаа, амьсгалын дутагдалд оруулна. Тэр дундаа H1N1, H3N2, RC зэрэг вирус нь амьсгалын замын гүн рүү нэвтэрч, хатгалгаа, амьсгалын дутагдалд оруулж, нас барахад хүргэх нь бий.

-Эдгэрэлтийг түргэсгэхийн тулд хэрхэх вэ?

-Халуун шингэн зүйл, тэр дундаа витамин С агуулсан зүйлүүд сайн уу. Витамын C нь хүний биеийн интерфероныг идэвхжүүлдэг, үрэвсэл, халдвар, хордлогын эсрэг үйлчилгээтэй гэж үздэг.  Аньс, чацаргана зэрэгт витамин С-ийн агууламж өндөр байдаг.

-Хүмүүс ханиадыг дур мэдэн эмчилдэг. Тэр дундаа хоолой өвдсөн үед антибиотик түлхүү хэрэглэдэг. Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Дур мэдэн эмчлэх нь туйлын буруу. Тухайлбал, хоолой өвдлөө гээд антибиотик ууж байна. Антибиотик нь вируст үйлчлэлгүй, хүний биед байх ёстой бактеруудыг устгадаг. Дархлааны тогтолцооны хямралыг үүсгэдэг. Халдварт өртөмтгий болгодог. Тиймээс ханиад томууны үед антибиотик хэрэглэх хэрэггүй.

-Улирлын томуугийн вакцин хэдэн хувь хамгаалах вэ?
-Жил бүр ДЭМБ-аас энэ жил ямар төрлийн вирус элбэг байхыг тодорхойлоод гурван төрлийн вирусийн эсрэг вакцин гаргадаг. Энэ жил А хүрээний H1N1, H3N2, В хүрээний гэсэн гурван төрлийн вирусийн эсрэг вакцин хийж байгаа. Энэ вакцин нь дээр дурдсан вирусийн эсрэг үйлчилнэ. Өөр төрлийн вирусийн эсрэг үйлчлэхгүй. Вакцин хийлгэснээс хойш 14 хоногт дархлаа тогтоно. Вакциныг 100 хувь гэж ойлгож болохгүй. Вакциныг 53 хувьтай байхад хангалттай сайн дархлаа тогтлоо гэж үздэг. Гэтэл хүмүүс вакцин хийлгэсэн хэр нь ханиад хүрчихлээ гэдэг. Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад дархлаа тогтоогүй байж болно. Эсвэл өөр вирусээр үүссэн ханиад байж болно.
-Бүрэн хамгаалахгүй л юм бол вакцин хийлгэх шаардлагагүй гэж үзэх хүмүүс бас байдаг юм билээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Анагаахын шинжлэх ухаан хөгжсөн ч вирусийг бүрэн эмчилж чадахгүй байна. Улирлын томуугийн хүндрэлээр жилд 250-500 мянган хүн нас бардаг. Бас хатгаагаар жилд олон сая хүн нас бардаг. Тиймээс томуугийн вакцин хийлгэх шаардлагатай гэж үздэг. Тэр дундаа томуугийн эрсдэлтэй бүлэг буюу таваас доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш настай хүн, архаг хууч өвчтэй хүн заавал томуугийн вакцин хийлгэх нь зөв. 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж