"Спортын төв ордон заал түрээслэдэг газар болчихсон"

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

"Спортын төв ордон заал түрээслэдэг газар болчихсон"

"Спортын төв ордон заал түрээслэдэг газар болчихсон"

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо/МҮСБХ/-ны хөгжлийн бодлого гадаад харилцаа хариуцан ажилладаг, 21 аймгийн үндэсний дээд лигийн комиссар Өлзийбаярын Мөнхчулуунтай ярилцлаа.


– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Насанд хүрэгчдийн “B” зэрэглэлийн тэмцээнийг тойрсон асуудал үүссэн. Энийг ярихаасаа өмнө тэмцээнийхээ талаар ярихгүй юу?

– Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. “В” зэрэглэлийн УАШТ бол мэргэжлийн түвшний тэмцээн биш. Ерөнхийдөө зохион байгуулагдаад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа тэмцээн. Яагаад “В” зэрэглэл гэж нэрлэсэн вэ гэхээр 21 аймгийн үндэсний Лигийн Тэргүүн хэсэг болон Гоё дээд лигийн тамирчид оролцохгүй боломжгүй, харин тэрнээс доошхи бусад бүх лигийн тамирчид оролцох боломжтой тэмцээн юм.

– Энэхүү тэмцээний үеэр О.Баярцогт дасгалжуулагч болон Tommy’s basketball academy-ийн багтай холбоотой зөрчилдөөн гарсан. Юу болсон юм бэ?

-Хүмүүсийн дунд зөрчилдөөн үүссэн гэх ойлголт байсан л даа. Харин дүрэм журмынхаа хувьд зөрчилдөөн биш. 2017 онд зөвхөн манай холбооноос гадна Монгол дахь бүхий л түвшний тэмцээн уралдааныг шүүн явуулдаг Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооноос О.Баярцогт дасгалжуулагчтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ манай холбоонд болон О.Баярцогт дасгалжуулагчид өөрт нь албан бичгээр мэдэгдсэн. Яг тэр дүрмийнхээ дагуу л энэ асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг. Манай холбооны бүх тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо шүүн явуулдаг. Бид нар хамтран ажиллаж буй байгууллагынхаа дүрэм журам, эрх ашгийг, байгуулсан гэрээнийхээ дагуу зөвшөөрөх ёстой. О.Баярцогт дасгалжуулагчийг сайн багш, дасгалжуулагч гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэвч өнөөдөр 21-р зуунд хүний эрх, ёс суртахууны маш том үлгэр дуурайлал үзүүлэх ёстой хүн. Өмнө нь хэд хэдэн удаа манай холбооноос зохион байгуулж байсан үйл ажиллагаанууд дээр эсрэг багийнхаа тоглогч, дасгалжуулагч руу дайрах, тэмцээнийг зохион байгуулагчид болон шүүгчид руу дайрах гэх зэрэг явдлуудыг удаа дараа гаргаж байсан. Энэ бүх үйлдлүүдийнх нь үр дүн 2017 онд албан бичгээр гарсан гэсэн үг. МҮСБХолбоо ч гэсэн нөхцөл байдлыг нь ойлгон, гаргасан журмынхаа дагуу 2017 оноос хойш ажиллаж байна. Би ч гэсэн өөрийн сошиал хаягаараа дамжуулж бичсэн. О.Баярцогт дасгалжуулагч ч мэдэж байсан ч тэмцээн дээр хүрээд ирсэн. Хүмүүст “Багийг нь тоглуулахгүй байна” гэхчилэн их буруу мэдээлэл өгсөн байсан л даа. Бид хаа байсан гурван жилийн өмнө энэ дасгалжуулагчтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ журмынхаа дагуу л дасгалжуулагчтай хамтран ажиллахгүй гэсэн. Тэрнээс биш Tommy’s basketball academy-ийн багт ямар нэгэн хориг тавиагүй.

-О.Баярцогт дасгалжуулагчид яг өөрт нь манай холбоо цаашдаа тантай хамтран ажиллах боломжгүй гэдгээ албан ёсоор албан бичгээр хүргүүлсэн юм уу?

– Тэгсэн. Хаа байсан 2017 онд хүргүүлсэн. Тэр бичиг нь одоог хүртэл хүчинтэй. Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо ч журмынхаа дагуу энэ дасгалжуулагч байгаа тохиолдолд бид шүүхгүй гэсэн. Манай холбоо УАШТ-ээ шүүгчгүй зохион байгуулж болохгүй шүү дээ. Шүүгчид зохион байгуулалтын 90 хувийг нугалдаг хүмүүс.

-О.Баярцогт дасгалжуулагчийн хоригт хугацаа заасан болов уу?

– Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооноос хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Магадгүй тэгээд цаашдаа ч хамтран ажиллахгүй. Тэрнээс манай холбоо биш. 2019 онд FIBA Asia буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Азийн зөвлөлөөс манай улсад зохион байгуулсан шүүгчдийн сургалтын үеэр тус зөвлөлийг хариуцсан Мансур гэх ахлах шүүгч нь 40 гаруй монгол шүүгчдийн хүний өмнө хэлсэн. “Монголын энэ дасгалжуулагч 2018 оны Жакартагийн Азийн наадмын үеэр эмэгтэй тоглогч руугаа далайгаад цохих үйлдэл хийсэн. Бид ёс суртахууны хувьд өөрт нь маш том сануулгыг биечлэн өгсөн. Монголоос ахиж ийм асуудал гаргаж болохгүй шүү. Сагсан бөмбөг өөрөө их нервьтэй спорт ч гэсэн ёс суртахуун болон жендерийн эрх тэгш байдлын үүднээс ийм зүйл байж болохгүй” гэсэн аман сануулгыг бас өгсөн.

– Одоогийн байдлаар О.Баярцогт дасгалжуулагчаас гадна өөр шийтгэл, хориг тавиулсан хүн байгаа юу?

– Байхгүй. Одоогоор зөвхөн О.Баярцогт дасгалжуулагч.

– Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хэдий хугацаанд хамтарч ажиллаж байна вэ. FIBA-аас манай улсын 5×5 сагсан бөмбөгийн баг, тамирчдыг дотоодын холбоодын асуудлаа шийдтэл олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэдэг шийдвэр гаргасан ч саяхан 17 насны шигшээ баг FIBA-ийн тэмцээнд оролцсон гэхээр хориг арилчихсан гэсэн үг үү?

-Монголын сагсан бөмбөгийн холбоо FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр сүүлийн таван жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. Хүмүүс хоёр холбооноос болж FIBA-ийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй гэдэг. Одоо бол FIBA-аас Монголд тавьсан хориг нь арилчихсан. Сая 17 хүртэлх насны хөвгүүд маань FIBA-ийн ур чадварын ДАШТ-д түрүүллээ шүү дээ.

-Тэгэхээр цааш цаашдаа 5х5 сагсан бөмбөгийн төрлөөр FIBA-ийн зохион байгуулж буй тэмцээнүүдэд оролцоход асуудалгүй гэсэн үг үү?

– Ер нь бол тийм. FIBA дөрвөн жилийн циклиэрээ явдаг болчихсон. Азийн аваргад оролцох багуудын урьдчилсан шалгаруулалт тэмцээн болохоосоо өмнө гурван жилийн өмнө эхэлдэг. Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо цаашдаа оролцох боломжтой хувиарынхаа л дагуу FIBA-ийн тэмцээн уралдаанд оролцох болов уу.

-FIBA-аас Монгол улсад тавьсан хориг хүчингүй болсон гэдгийг албан бичгээр мэдэгдсэн болов уу?

-Тэгэх шаардлагагүй. FIBA зохион байгуулж буй тэмцээнүүддээ Монголыг оролцуулж байна.

-Одоо ингэхээр дахин нэг асуудал гарч ирнэ. Ирэх FIBA-аас зохион байгуулах 5х5 сагсан бөмбөгийн шигшээ багийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Энэ холбооны дүрэм журмын асуудал байх. Одоогоор энэ асуултанд хариулах эрх зүйн чадамж надад алга.

-Монголын сагсан бөмбөгт Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй нэг холбоо, Б.Тамир тэргүүтэй нэг холбоо, С.Эрдэнэ, С.Тулга тэргүүтэй нэг холбоо мөн тоглогчдын холбоо байна. Одоо бол С.Эрдэнэ, С.Тулга тэргүүтэй холбоо, Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй холбоотойгоо хамтарч ажиллаж байна гэсэн үг үү?

– Тэгж хэлж болно. Манай холбооны зүгээс залруулга өгөх гэж сошиал дээр хэд хэдэн удаа мэдээлэл тавьж байсан. Гэвч нөгөө талд байгаа хүмүүс худал мэдээлэл тараадаг. Хүмүүс тэрэнд нь итгэчихдэг. Яг эрх зүйн чадамж болон ТББ-ын хуулийн дагуу хэдэн ч холбоо байж болно. Гэхдээ олон улсад бүртгэлтэй, зөвшөөрөлтэй холбоо нь Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй, Б.Дамба ерөнхий нарийн бичгийн даргатай Монголын сагсан бөмбөгийн холбоо.

Та бүхэн анзаарсан бол Спортын төв ордонд явагддаг дээд лигээс Монголын сагсан бөмбөгийн холбоо гэсэн лого эмблем бүх юмаа авчихсан байгаа шүү дээ. Өөрсдийгөө эрх зүйн чадамжгүй гэдгээ мэдэж байгаа. Сүүлд тоглогчдын холбоо Гоё дээд лигээ зохион байгуулдаг болсон байна лээ.

Ер нь энэ тал дээр би өөрийнхөө үзэл бодол, эрх зүй, этикийнхээ хувьд хэлэхэд тоглогчдын холбоо байх нь зөв. Би бол энийг үнэхээр дэмжиж байгаа. Гэхдээ Спортын төв ордонд дээд лиг зохион байгуулж байсан хүмүүс өөрсдөө эрх зүйн чадамжгүй болсон учир тоглогчдын холбоо лигээ зохион байгуулж байна. Энэ бол эргээд тоглогчдын эрх ашгийг зөрчсөн, нөгөө талаасаа ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэх сул тал гарч ирж магад. О.Баярцогт дасгалжуулагч бас лигийн комиссар хийж байгаад, плэйофф эхлэх үед тоглогчдын холбоонд ажлаа өгөөд өөрөө баг дасгалжуулж байх жишээтэй. Ингэж болохгүй л дээ. Лигийн Комиссар хүн улирлын дундаас лигийнхээ багийг дасгалжуулна гэдэг хэлж мэдэхгүй байна.

-Жакартагийн Азийн наадмын шигшээ багт танай холбооны дээд лигт тоглодог тамирчид багтаагүй. Яагаад багтаагүй юм бэ?

-Юуны өмнө Азийн наадамд FIBA зохион байгуулагчийн зүгээс оролцдоггүй. Зөвхөн хөндлөнгөөс оролцож тус тэмцээнийг шүүх шүүгчдээ Азийн зөвлөлөөсөө томилдог. Миний хувьд тухайн үед Өмнөд Солонгос улсад магистрт суралцаж байсан учраас энэ талаар тодорхой хариулт өгөх боломжгүй.

– С.Тулга дасгалжуулагчийн хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Төрөөс нэг ч төгрөг авалгүй, шигшээ багийн тамирчид нь Спортын төв ордондоо бэлтгэлээ хийлгүй тэмцээн уралдаанд орж байна гэсэн ?

– Холбооны биш зөвхөн миний өнцгөөс харахад энэ бол цэвэр эрх ашгийн зөрчил. Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Шаравжамц ахтай цэвэр холбоотой.

Спортын төв ордон чинь одоо бол зүгээр заал түрээслэдэг газар болчихсон байна лээ.

Олимпийн эрх авсан шигшээ баг нь гадаа гудамжинд бэлтгэл хийж байхад хүмүүс Спортын төв ордонд 100 мянган төгрөгөөр заал авч байгаа. Энэ дээр би хувь хүнийхээ зүгээс эмзэг ханддаг.

-Танай холбооны зүгээс болон Ц.Цэвэрбал тэргүүнтэй холбооны зүгээс холбогдох байгууллагуудтай уулзаж, энэ асуудлыг цэгцлье гэж яриа хэлэлцээр хийж байсан уу?

-Манай холбоо сагсан бөмбөгийнхөө хөгжлийн зорилгыг гаргачихсан, стратеги төлөвлөгөөгөө бүгдийг нь урт хугацаанд боловсруулчихсан үүнийхээ дагуу ажлаа хийгээд явж байна. Иймэрхүү аар саар зүйлийн араас хөөцөлдөөд байх цаг завгүй. Эсрэг талаас сошиалаар дамжуулан иргэдэд худал мэдээллийг дамжуулж байан. Тэр бүгдэд залруулга, тодруулга өгөөд байх шаардлагагүй. Тоохгүй зүгээр урдах ажлаа л хиймээр байна. Зүгээр жишээ авъя л даа. Нөгөө тал сагсан бөмбөгийн холбоотой гэж байгаа юм бол дээд лигээс өөр тэмцээн уралдаан яагаад зохион байгуулдаггүй байсан юм бэ. Харин бид нар долоон наснаас нь эхлээд шат шатны ангилалд түвшин түвшнээр нь тэмцээн уралдаан лиг зохион байгуулж байна. Дараа жил тэмцээнийхээ тоог хоёр дахин өсгөхөөр ажиллаж байна. Хүмүүс нөгөө холбоог бидний өрсөлдөгч гэж хараад байгаа бол тэдэнд ямар ч төлөвлөгөө, стратеги, төлөвлөлт гэж байхгүй. Бид тэднийг өрсөлдөгчөө гэж хардаггүй.  Аливаа спортын холбоонд өөрийн спортоо улс орон даяар болон олон улсад түгээн таниулах, хөгжүүлэх бодлого байх ёстой. Тэр бодлого нь хүмүүст ил тод нээлттэй харагдаж байх хэрэгтэй. Гэтэл бид нас насны УАШТ-үүд, D лиг, G лиг, Спрайт А лиг, 21 аймгийн үндэсний лиг, үүн дотроо тэргүүн болон дэд хэсгийн тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Түвшин түвшиндээ иргэдийг сагсан бөмбөгт дурлуулж, хичээллүүлж нийтийн биеийн тамирын хувьд ч хөгжүүлж байна.

-Иргэд, сагсан бөмбөг сонирхогчдын хувьд Монголд хоёр сагсан бөмбөгийн холбоо байна гэж ойлгодог. Танайх бусад холбоодтойгоо нэгдэх сонирхол бий юу. Эсвэл бие даан ажиллах бодолтой байна уу?

– Нэгдэх холбоо байхгүй шүү дээ. Зүгээр салбар зөвлөл, ТББ гэсэн үүднээс нь хамтарч ажиллах боломж бий. Харин холбоо нь бие даан үйл ажиллагаа явуулах эсэхийг би мэдэхгүй. Үүнийг Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон бусад удирдах түвшний хүмүүс л шийдэх байх. Миний харж буйгаар бол хүмүүсийн дунд буруу ойлголт үүсчихсэн. Та бүхэн санаж байгаа бол 2010 оноос хойш сагсан бөмбөгийн Супер лиг гээд жинхэнэ тэсрэлт хийсэн. Тэр лигээс өмнөх болон дараах байдлыг сагсан бөмбөг сонирхогчид анзаараарай. Тухайн үед би Супер дээд лигийг тайлбарладаг, оюутны сагсан бөмбөгийн холбооны комиссар байлаа. Супер лиг жил болгон багуудаа нэмж явдаг байсан. Монголын хамгийн өндөр түвшний лиг 12 багтай хүртэл болж бүгд ширүүн өрсөлдөж байсан ш дээ. Хүмүүс мартаагүй байх. Энэ бол өрсөлдөөнийг хэрхэн бий болгох уу?, багуудын тоо чанарыг хэрхэн өсгөх вэ? гэсэн холбооны бодлого л доо. Монголд сагсан бөмбөгийн дээд түвшинд тоглох боломжтой мянган залуу байгаа шүү дээ. Тэр бүгдэд боломжийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Тоглогч, дасгалжуулагч нарын боломжийг хаах бус нээж, хөгжих, оролцох боломжоор нь холбоо хангах ёстой.

– Танай холбооноос цаашдаа ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

– Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтраад би өөрөө гардан мөн тодорхой хэмжээний хүмүүсээс зөвлөгөө аваад FIBA-ийн албан ёсны дүрмийг орчуулаад бараг дуусчихсан байна. Үүнийгээ одоо хэвлэлтэнд оруулаад шүүгч, дасгалжуулагч, тамирчдад албан ёсоор хүргэнэ. Хамгийн сүүлд 1990-ээд оны сүүлээр Оросын орчуулсан FIBA-ийн дүрмийг Монгол руу дахин орчуулж, хөрвүүлсэн юм байна лээ. Түүнээс хойш дандаа англи хувилбарыг бид хэрэглэж байгаа. Дараагийн гол ажил нь өндөр түвшинд олон шүүгч, дасгалжуулагчдыг бэлдэхийг зорьж байна.Мөн Монголын сагсан бөмбөгийн хамгийн том дутагдалтай тал дата бааз байдаг. Энэ дээр Монгол үндэсний сагсан бөмбөгийн холбоо 2010 онд байгуулагдсан цагаасаа хойш ажиллаж байсан. Тоглогч болон багуудын түүх, статистикийг үлдээхийн тулд шүү дээ. Түүх нь байдаг хэдий ч тоон баримт, статистик нь байдаггүй. Бид тоглолтуудынхаа амьд баримтыг авч үлддэг MNBA Sports гээд төрөлжсөн тв багтай. Genuis Sports гээд FIBA-ийн албан ёсны статистик мэдээллийн хамтран ажиллагч байгууллага бий. Бид энэ байгууллагатай хамтарч ажиллаад дөрвөн жил хагас болж байна. Тэр байгууллагад Монголын сагсан бөмбөгийн дата бааз байрлаж байгаа. Манайд бас давхар байршдаг. Өөрөөр хэлбэл манай статистик мэдээллүүд даатгалтай гэсэн үг. Үүнээс гадна тоглогч, дасгалжуулагчдыг лиценжүүлэх ажил бий. Энэ төсөл дээр манай хамт олон ажиллаад эхэлчихсэн байгаа.

– Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

– Залуу хүмүүс Монголын сагсан бөмбөгийн төлөө боломжоороо л зүтгэж байна. Би МУИС-ийн Бизнесийн сургуулийг төгсч, БНСУ-д бизнесийн удирдлагаар магистраа хамгаалсан. Сурсан зүйлс болон хоббигоороо салбартаа аль болох бүтээлчээр ажиллахыг зорих болно. Хэрүүл шуугиан багатай, дүрэм журмын дагуу чадахаараа ажиллах болно.

– Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж