"Сурагчид богино цагаар хичээллэх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

"Сурагчид богино цагаар хичээллэх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй байна"

"Сурагчид богино цагаар хичээллэх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй байна"

Энэ бүсгүйг Ө.Баярцэцэг гэдэг. Тэрбээр хоёр хүүхэдтэй бөгөөд том охин нь энэ жил нийслэлийн 23 дугаар сургуулийн тавдугаар ангид дэвшин суралцсан. Харин бага охин нь хараахан нэг ой хүрээгүй. Ө.Баярцэцэгийн хувьд нялх хүүхдээ тэврэн, том охиноо хичээл сургуульд нь зөөдөг чухал ажилтай. Тавдугаар ангид сурдаг охин нь долоо хоногийн гурван өдөр өглөө, өдрийн ээлжээр өдөрт гурван цаг хичээллэж байгаа аж.

Есдүгээр сарын 1-нд өглөө 08.00 -10.45 цагт хичээллэсэн бол өнөөдөр 14.30-17.30 хүртэл хичээл нь орж байгаа гэлээ. Түүнийг бага охинтойгоо Явуухулангийн цэцэрлэгт том охиноо тарахыг хүлээж суухад нь таарсан юм.

Харин  А.Энхтуяа “Манай хүүхэд энэ жил анги дэвшиж, гуравдугаар ангид суралцаж байгаа. Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд зөөхөд хүндрэлтэй. Миний хувьд нялх хүүхдээ тэврээд, бага ангид сурдаг хүүхдээ  автобусаар зөөдөг. Хүүхдээ сургуульд нь ч оруулчихаад, буцаж түгжирч явсаар байтал тарах цаг нь болчихдог. Тийм учраас бага охиноо тэврээд, хүүхдээ тарахыг хүлээж сууна” гэв.  Түүн шиг цөөнгүй эцэг, эх, эмээ, өвөө хүүхдийнхээ хичээлийг тарахыг хүлээж суулаа.

Улсын Онцгой комиссоос  есдүгээр  сарын 1-ний өдрөөс эхлэн боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх  шийдвэрийг гаргасан. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орж буй.

Ингэхдээ нэг ангийн сурагчдын тооноос хамаарч, 2-3 дэд бүлэгт хуваана. Ангид дээд тал нь 20-25 хүүхэд  хичээллэх ёстой. Өглөө 08.00 цагаас эхний анги нь ороод 10.45 цагт тарна. Дараагийн анги 11.00-13.30 цаг хүртэл богино цагаар хичээллэнэ гэж албаныхан мэдээлсэн. Гэтэл хичээл сургууль эхэлж, замын түгжрэл эрс нэмэгдсэн энэ өдрүүд сургуулийн хүүхдээ зөөх асуудал багагүй хүндрэл учруулж буйг эцэг, эхчүүд хэлж байв.

“СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН БОЛГОСОН НЬ ДЭЭР” 

 

“Манай том хүү 11 дүгээр ангид сурдаг. Дунд охин маань  тавдугаар ангид орсон. Бага охин маань хоёр настай учраас цэцэрлэгт  хамрагдаж чадаагүй. Том хүү маань ахлах анги болохоор өөрөө хичээлдээ явчихдаг. Харин дунд охин маань бага анги учраас хичээл сургуульд нь заавал зөөдөг юм. Өнөөдөр 15.30-17.40 цаг хүртэл хоёр цаг хичээллэнэ. Гэр маань ойрхон учраас хүндрэлтэй зүйл харьцангуй бага гарч байна. Бага хүүхдийг маань харах хүн байхгүй учраас хамтдаа эгчийгээ сургуулиас тарахыг хүлээж сууна. Одоохондоо багш нь хичээлийн хуваарийг нь тодорхой хэлж өгөөгүй байна.  Танхимаар хичээлээ үзчихээд, цахимаар бататгал хичээлийг нь хийлгэсэн.

Сургуулийн хувьд угаасаа дотогш эцэг, эхчүүдийг нэвтрүүлдэггүй. Ангийн багш нь дагуулж гарч ирээд л хүлээлгэж өгдөг. Хүүхэд гэртээ цахим хичээл үзсэн ч танхимаар орж байгаа шиг багштайгаа ойлголцож, ойлгохгүй зүйлээ шууд асуух боломжгүй шүү дээ. Зарим тохиолдолд эцэг, эхчүүдийн мэдэхгүй хичээл гарч ирнэ. Ингэж байхаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн болгосон нь дээр санагдаж байна. Тэртэй тэргүй гадуур хөл хорионы дэглэм баримтлахгүй, хүмүүс амны хаалтаа зүүхгүй байна шүү дээ.

Өчигдөр охиныгоо хичээлдээ явахад нойтон сальфетик өгч явуулаад, “Хичээл эхлэхээс өмнө ширээгээ сайн арчаарай” гэж захисан. Тэгсэн ширээ нь их бохир байсан гэж хэлсэн. Анги танхимыг яаж ариутгаж, цэвэрлэсэн болоод ширээ, сандал нь халтар байгаа юм бэ” хэмээн А.Энхтуяа саналаа хуваалцлаа.

“СУРАГЧИД БОГИНО ЦАГААР ХИЧЭЭЛЛЭДЭГ УЧРААС ЭЦЭГ, ЭХ ГАДАА ХҮЛЭЭДЭГ”

Биднийг нийслэлийн 23 дугаар сургуульд очиход дунд, ахлах ангийн сурагчид багш нарынхаа бэлтгэсэн цахим сургалтыг гэртээ үзэж байгаа гэв. Харин бага ангийнхан өнөөдрөөс /2020.09.02/ танхимын хичээлээ үзэж эхэлжээ. Өмнөх хичээлийн жилд 3600 гаруй сурагч 76 бүлгээр хичээллэж байсан бол энэ жил 172 дэд бүлэг болгон хичээллэж байгаа аж. Нэг анги 2-3 дэд бүлэгт хуваагдан хичээллэж, хичээл дундуур 40-45 минутын их цэвэрлэгээ, агаар цэвэршүүлэлтийг тогтмол хийж байгааг багш нар хэлж байв.

“Есдүгээр сарын 1-нд сурагчид сургуультайгаа танилцаж, тодорхой хэмжээний зохион байгуулалтад орсон. Одоо сурагчид танхим болон теле хичээлээ үзэж эхэлсэн. Эцэг эхчүүдийн хувьд хүндрэлтэй асуудал нь сурагчид богино цагаар хичээллэж байгаа учраас хүүхдээ гадаа хүлээж байгаад, авч явах тохиолдол гарч байна. Зарим тохиолдолд эмээ, өвөө нь сургуульд хүргэж өгч, тарахын хүлээж байгаад авч явдаг байдал ажиглагддаг. Бидний зүгээс эцэг, эхчүүд бөөгнөрөл үүсгэхгүй байх зөвлөмжийг хэлдэг. Гэхдээ эцэг, эхчүүдийг шууд хөөж чадахгүй шүү дээ.

Багш нарын хувьд нэг ангид 2-3 удаа хичээл зааж байна. Хоёр ээлжээр, 40 минутын хичээлээ 2-3 давтан зааж байгаа. Ялангуяа дунд, ахлах ангийн багш өөрийнхөө ангид орохоос илүү мэргэжлийнхээ хичээлийг заадаг. Дунджаар 20-25 хүүхэд дэд бүлэгт хичээллэнэ. Сургууль руу гадны хүн оруулахгүйгээр эцэг, эхчүүдтэйгээ  хамтран сургуулийн гадна эргүүл ажиллаж байгаа.

Эргүүлүүдтэйгээ хамтран хүн хоорондын 1-1.5 метрийн зай авч, талбай дээр  хэрхэн зай барих талаар зөв дадал хэвшилтэй болгох тал дээр анхаарч байна. Сургуулийнхаа  боломжит байдлыг харахаар нэг өдөр танхимаар, дараагийн өдөр цахимаар хичээллэх нь тохиромжтой. Цахимаар хичээл ордог өдөр хүүхдийн хөл хөдөлгөөн бага байхад ариутгал цэвэрлэгээгээ хийх боломж бүрдэнэ. Манай сургуулийн хувьд гүнзгийрүүлсэн сургалттай, хүүхдийн тоо их учраас долоо хоногийн дөрвөн өдөр хичээллэж байгаа” гэдгийг тус сургуулийн Сургалтын менежер Г.Эрдэнэчимэг хэлсэн юм.

Сургуулийн орчин эргүүлээр ажиллаж буй эцэг, эхийн төлөөлөл Э.Соёлмаа “Хичээлийн шинэ жил эхэлж, сургуулийн удирдлагын зүгээс эцэг, эхчүүдтэй  хамтран ажиллаж, зөв зохион байгуулалттай ажиллаж байна. Сурагчид танхимаар хичээллээгүй өдрөө гэртээ цахим хичээлээ үзэж, даалгавраа хийж байгаа.

Манай хүүхэд энэ жил зургадугаар ангид сурдаг. Өдөрт дөрвөн цаг хичээллэж, өдөр 12.05-15.05 цагт тардаг. Дунд ангид харьцангуй биеэ даасан учраас сургуулиасаа ирсэн даруйдаа гэрийн даалгавраа өөрөө хийчихдэг. Миний хувьд дөрөв дэх жилдээ сургуулийн орчинд эргүүл хийж байна” гэлээ. Одоогийн байдлаар 18 эргүүл сургуулийн орчинд хоёр хуваагдан ажиллаж байгаа гэнэ.

Харин Л.Болормаагийн хувьд гэр нь сургуулийн ойролцоо байдаг учраас сургуулийн гадна удаан хүлээх шаардлагагүй гэдгээ хэлж байв. Тэрбээр “Манай бага хүү хоёрдугаар ангид суралцдаг. Есдүгээр сарын 1-нд гэртээ цахим хичээлээ үзсэн. Өнөөдөр гэхэд 11.20 цагт хичээл нь орж, 14.20 цагт тараад, хүүхдээ аваад явж байна .Гэр маань ойрхон учраас алхаад л харьчихдаг. Танхимын хичээлгүй өдөр гэртээ цахим хичээлээ үзэж байгаа. Манай хүүгийн анги нэг өдөр танхим, дараагийн өдөр цахим гээд нэг өнжиж танхимаар орж байгаа” гэв.

Дараагаар нь нийслэлийн Хоёрдугаар сургуулийг зорин очсон юм. Тус сургуулийн өглөөний ээлж аль хэдийнэ тарж, өдрийн ээлжний ангиуд тарж байгаатай тааралдав.

 

Зургадугаар ангийн сурагчид “Манай анги нийт 45 сурагчтай. Энэ хичээлийн жилд  нэг ангид 23 хүүхэд суралцаж байгаа. Өдөрт гурван цаг хичээл орж, 18.10 цагт тардаг. Гэртээ цахим хичээлээ үзэхээр ойлгохгүй зүйл их гардаг. Заримдаа теле хичээлээ хийж амждаггүй” гэдгийг  хэлж байв. Тус сургуулийн сургалтын албанаас мэдээлэл өгөхгүй гэсэн юм.

"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛАЛ, НЯГТРАЛ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА"

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгөхдөө "Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 834 сургуульд 690 мянган хүүхэд суралцах тооцоо гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сурагчдын тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байгаа үзүүлэлт.

2019-2020 оны хичээлийн жилд 28.567 хүүхэд 12 дугаар ангиа төгссөн бол энэ жил 80 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элслээ. Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулсан бөгөөд 80 орчим хувьтай байна. Хаягийн зөрчилтэй хүүхдүүдийн бүртгэл есдүгээр сарын 15-н гэхэд цэгцрээд дуусах байх.

2021 оны хавар 38 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөх бол намар нь 80 мянга орчим хүүхэд шинээр элсэнэ. Ирэх 2022 онд 45 мянган хүүхэд төгсч, дахиад 80 мянган хүүхэд элсэнэ гэхээр ойрын жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн ачаалал, нягтрал өсөх хандлагатай байна. Олон сараар танхимын сургалт тасарч байгаад хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага учирч байгаа" гэдгийг онцолж байв.

Хэдийгээр Улсын онцгой комиссоос хөл хорионы хугацааг есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан ч дэлгүүр, худалдааны төв, зах, үйлчилгээний газрууд болон олон нийтийн арга хэмжээ зохион явдал тасрахгүй байгаа. Есдүгээр сарын 10-нд гэхэд Нийтийн дуучид Бөхийн өргөөнд тоглолт хийх, Соёлын яам нь дүүрэг бүрт Соёлын арга хэмжээ хэмээн хүмүүсийг олноор цуглуулж байгаа, маск зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа хүн байхгүй гэхэд болно. Чухам ийм байхад сургуулийн хүүхдүүдийг нэг дор олноор цуглуулахгүй тулд нэг, хоёрхон цагаар хичээллүүлж байгаа нь эцэг эхчүүдэд хамгийн хүндрэлтэй байна гэдгийг хэлэх эцэг эхчүүд олон байлаа. Ялангуяа хүүхэд харах, хүүхдийг нь сургуульд зөөх боломжгүй ажилтай эцэг эхчүүдийн хувьд ажлаасаа чөлөө авах, хүүхдээ тарах цагийг хүлээн сургуулийн орчинд "хийцгүйрэх нь" энгийн үзэгдэл болох шинжтэй. Тиймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд нь шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах нь илүү оновчтой шийдэл болоод байгааг эцэг, эхчүүд тодотголоо.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж