Хэрэв та эмчээс “Таны хүүхэд аутизмтай” гэх үгийг сонссон бол цочирдож хүлээн авах хэрэггүй. Албаны хүмүүс ингэж зөвлөдөг ч хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн, сурч бас хөдөлмөр эрхэлж чадахгүй гэдэг нийгмийн хандлага одоо ч амь бөхтэй оршсоор байна. Хүүхдийн хувьд энэ нь бүр илүү хүнд тусдаг. Үеийнхэнтэйгээ адил сурч, бас мэргэжил эзэмшихийг хүсдэг мянга мянган хүүхэд бие, хэлний бэрхшээлээсээ болж анхаарлын гадна орхигдож цоожтой хаалганы цаана үлддэг нь нууц биш.
Статистик мэдээллээр Монголд 18 хүртэлх насны 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Тэдний 61.4 хувь нь ямар нэг байдлаар боловсрол эзэмшдэг бол үлдсэн 40 орчим хувь нь сурах эрхээ эдэлж чаддаггүй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт “тусгаарлах”-аас илүүтэй цэцэрлэг, сургуульд хамруулахыг хүсдэг ч зөвшөөрсөн хариу авах нь ховор.
ЕБС, цэцэрлэгийнхэн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар цааргалах нь их гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлдэг. Энэ мэт “гадуурхалт”, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй асуудлаас болж нийгэмдээ орхигдсон бүлэг арми бий болоод удав.
Тэд ирээдүйд амжилт гаргах байсан бол сурах эрхээ хязгаарлуулснаар хүссэн хүсээгүй өвчтөний тоонд орж, ажилгүйчүүдийн эгнээг тэлэхэд хүрч байна. Амжиргаатай, гарын ур дүйтэй цөөн хэсэг нь л гар урлалаар амьжиргаагаа залгуулах нь бий. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирээдүйн баталгаа нь боловсрол. Хэдийгээр Монгол Улс НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцид нэгдэн орсон байдаг ч энэ нь бэлгэдлийн шинж чанартай гэвэл нэг их буруудахгүй.
Конвенцид нэгдсэн бол хамруулан сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургууль, цэцэрлэгт хамруулах үүрэгтэй. Эл хөтөлбөрийн талаар Монголд олон жил ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл бодит амьдрал дээр хэрэгжиж биелэлээ олж байгаа нь эргэлзээтэй.
Ердөө хуруу дарам цөөн сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг алаг үзэлгүй, тэгш хамруулан сургах хөтөлбөрийг анхаарч эхэлснийг ч бас энд тодотгоё. Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд салбарын яам тэгш хамруулан сургах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд өнгөрсөн онд баталсан журмыг мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.
"СУРГУУЛИЙН ГАДНА ҮЛДСЭН ХҮҮХДҮҮДЭД БОЛОВСРОЛ ОЛГОХОД АНХААРНА"
Журмын хэрэгжилт, биелэлтэд хэрхэн анхаарч буй талаар анхаарч байгаа талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын дарга Т.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах талаар салбарын яамнаас хэрхэн анхаарч, ямар бодлого баримталж байна вэ?
– Хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаарч тухайн хүүхдүүдэд боловсролын тусгай хэрэгцээ шаардлага бий болж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг аль болох ердийн сургууль, цэцэрлэгт сургах тэгш хамруулан сургах зарчим баримталж байна. Үүний тулд мэдээж тухайн хүүхдийн хэрэгцээнд нь тохирсон сургалтын орчин бүрдүүлэх нь чухал боловч хүүхдийн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, багш боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай болж байна.
Энэ үүднээс зарим талаараа тэгш хамруулан сургах бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгардаг нь үнэн. Нөгөө талаас хөгжлийн тэгш хамруулан сургах бодлогыг хэт туйлширч ойлгож болохгүй.
Ердийн сургууль, цэцэрлэгт үеийнхэнтэйгээ адил сурах боломжгүй харааны хүнд зэргийн бэрхшээлтэй, хэвтрийн дэглэм сахидаг саажилттай, оюуны бэрхшээлтэй, эмчилгээ асаргаа шаардлагатай хүүхдүүд бий. Ийм учраас тусгай цэцэрлэг, сургууль зайлшгүй байх ёстой. Тухайлбал, барилга нь олон жил царцсан X ясли энэ жилээс ашиглалтад орж, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээ, боловсрол нөхөн олгох гурвалсан үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Гэхдээ X ясли шиг цогцолборыг аймаг, дүүрэг бүрт олноор нь барихгүй. Уг цогцолбор бол асаргаа сувилал, эмчилгээ шаардлагатай онцгой хүүхдүүдийн хэрэгцээг хангасан цэцэрлэг юм.
-Тэгш хамруулан сургах боловсрол гэж ярих болоод удаж байгаа ч Монголд энэ хөтөлбөр бодит амьдрал дээр хэрэгжихээсээ хэрэгждэггүй нь их гэж гэж эцэг эхчүүд шүүмжилдэг. Ялангуяа аутизмтай хүүхдүүд ердийн сургууль, цэцэрлэгт суралцах боломж нь хязгаарлагдмал байдаг шүү дээ?
-Аутизмтай хүүхдүүд ердийн сургууль, цэцэрлэгт, тусгай сургуулиудад ч бас хамрагдаад сурч байна. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй цуг суралцах нь олон талын ач холбогдолтой. Тухайн хүүхэд ирээдүйд нийгмийн амьдралд оролцох учраас бие даах, хөдөлмөрлөх арга барилаа эзэмшиж авах ёстой. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулах тэгш хамран сургах журмыг өнгөрсөн оноос мөрдүүлж эхэлсэн. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хүүхэд хөгжлийн танхим байгуулахаар болж байна. Энэхүү танхимд хүүхдийн бэрхшээл, онцлог, хэрэгцээнд нь тохирсон ганцаарчилсан сургалт явуулах юм. Ингэснээр тухайн хүүхэд хичээлийн хоцрогдолгүй болно. Мөн эцэг эхчүүд харилцан туршлагаа солилцох юм. Танхимын сургалт энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ.
-Энэ жил ерөнхий боловсролын, сургууль цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хэчнээн хүүхэд суралцаж байна вэ. Энэ талаар мэдээлэл бий юу?
-Одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Есдүгээр сард багтаж нийт суралцагчдын талаарх мэдээлэл гарах болов уу. Өнгөрсөн хичээлийн жилд тусгай хоёр цэцэрлэгт нийт 179 хүүхэд хамрагдаж байхад ердийн цэцэрлэгт 897 хүүхэд хамрагдсан.
Тусгай сургуульд 1751 хүүхэд суралцсан бол ерөнхий боловсролын сургуульд 4753 хүүхэд хамрагдаж суралцсан байна. Үүнээс харахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зөвхөн тусгай сургууль, цэцэрлэгт гэхээс илүүтэй ердийн сургууль, цэцэрлэгт суралцах нь нэмэгдэх хандлагатай байна.
Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхэд нь нэгэнт сургуульд сурах боломжгүй болсон, тусгай сургууль олдохгүй нь зэрэг шалтгаанаас үүдэн хүүхдээ гэрт нь үлдээчихдэг. Сургуулийн гадна үлдсэн хүүхдүүд маш олон бий. Судалгаанаас харахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 61 хувь нь ямар нэгэн байдлаар боловсрол эзэмшдэг бол 40 хувь нь анхаарлын гадна үлдэж байна. Иймд сургуулийн гадна үлдсэн хүүхдүүдэд боловсрол олгох, сургуульд хамруулахад анхаарч, энэ чиглэлээр эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллана. Боловсрол шинжлэх ухааны үндсэн суурь бодлого нь тэгш хамран сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж, аль болох хүүхдүүдийг ердийн сургууль, цэцэрлэгт сургах юм гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ