
Өнгөрсөн жил Хятадад байсан дөрвөн ажилтан нь баривчлагдсаны дараа “Rio Tinto” компанийн Хятадтай харилцах харилцаа таатай бус байдалд орсон. Тэдгээр ажилтнуудыг худалдааны тагнуул хийсэн, авлига авсан хэргээр энэ оны гуравдугаар сард ялласан юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард өрсөлдөгч “BHP Billiton” компанийн эсрэг хамтран үйлдвэр байгуулж өрсөлдөх санал тавьсан Хятадын компанийн саналыг “Rio Tinto” дэмжээгүй юм.
“Хятадтай ажил хэргийн харилцаагаа хөгжүүлэх нь Rio Tinto компанийн хувьд тэргүүн зорилт болж байна. Энэ хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар манай хамгийн том хувьцаа эзэмшигч Chinalco болон Хятадтай харилцах бидний харилцааг шинэ төвшинд гаргана гэж бид итгэж байна” хэмээн “Rio Tinto” компанийн дарга Жан ду Плессис ярьсан байна.
Түүний хэлсэнтэй “CCLA Investment Management” компанийн Жеймс Беван санал нэг байгаа бөгөөд “Энэ гэрээ Риогийн хувьд маш чухал. Энэ түүний Хятадтай харилцах харилцааны зарим асуудлыг эдгээх болно” гэж ярьжээ. “Chinalco” компани “Rio Tinto” компанийн хувьцааны 9 хувийг эзэмшдэг бөгөөд “Simandou” төслийг хэрэгжүүлэхэд 1.35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Энэ талаар “Chinalco” компанийн ерөнхийлөгч Сионг Вейпинг “Энэ төслийг хэрэгжүүлэх нь Хятад улсын дэлхийн зах зээл дээрээс авах төмрийн хүдэрний эрэлтийг тэнцвэржүүлэх болно. Симандоугийн төсөл бидний цаашид ашигт малтмалын чиглэлээр хэрэгжүүлэх ирээдүйн төслүүдийн суурь болно гэж итгэж байна. Түүнчлэн энэ төслийг хэрэгжүүлэх нь Гвиней улсад ашигтай” гэж ярьжээ.
Т.Бадрах